О.Цагаанзам: Монголоо “Бумбын орон” болгож, иргэдээ жаргаая гэвэл тууль судал

2017-11-24 Ярилцлага 0

 

Халимагийн Ардын туульч, нэрт жангарч О.Цагаанзамтай ярилцлаа.

-Та сайн явж ирэв үү, Монголд ямар ажлаар ирэв?

-Элэг нэгт монгол ахан дүүсдээ өвлийн тэргүүн сарын мэндийг айлтган мэндчилье.БНХАУ-ын ӨМӨЗО-д уран бүтээлийн ажлаар очоод буцах замдаа визний хугацаа дуусаагүй тул Монголдоо түр дөрөө мултлаад буцах гэж байна. Очих сон гэж байнга санах юм, ийм ойрхон өнгөрч байж ороод гаралгүй яах сан билээ. Харин ирэх бүрт нэг юм үгүйлэгддэг нь Соёлын яам, Түүхийн яам юм даа. Монголд ийм яам байхгүй нь харамсалтай.

-Монгол монголоороо байх нэг зүйл бол яах аргагүй соёл, түүх. Та хэр судалж байна?

-Би туульч хүн, 30 гаруй жил судалгаа хийсэн. Жангар туулиа хайлсаар ирсэн, одоо ч орхиогүй л явна. Монгол ёс заншил агуу юм шүү. Монгол ёс дэлхийг удирддаг, тийм заяатай юм. Тиймээс монголчууд түүх, соёлдоо тулж босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод, ард түмэн нь улам ядуураад байдаг. Ингэж болохгүй. Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлахад Монголд их боломж бий.

–Тэр үнэн, бид итгэлээ алдаж гээчихсэн. Тэгээд ядуу байна яана гэж зовоод байдаг. Тэгэхээр бид юү хийх ёстой вэ?

-Миний бодлоор тэр гажгийг засах ёстой. Дэлхийд тарсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Бурхан Халдун л гэхэд баруун Монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн үг. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүч авдаг гэсэн утгатай. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Яагаад ингэж чадав. Үүнийг дэлхийн олон судлаач судалж, нууцыг тайлаагүй л байгаа.

Чингис хаан сансраас, харь гаригийнхнаас мэдээлэл авдаг байсан байна. Телевиз, сонин байхгүй тэр үед зөв, буруу юу вэ, сайхан муухай юу вэ гэдгийг заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх вэ гэхэд бүгд туульд байсан. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. Монголчууд туульдаа бүхнийг шингээж, түүгээрээ явж ирсэн ард түмэн.

Өнөөдөр ч гэсэн тайлж л чадвал туульд бүх юм бий. Тууль монголчуудын үзэл суртал байсан. Дэлхийг тойрч явахад Монголыг хайрладаг хүн олон бий. Хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс ч байна. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх нь чухал. Чингис Богдын сургаалаа ч эргэж харах ёстой.

-Тухайлбал?

-Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь гэж Чингис Богд сургасан байдаг. Би бодохдоо түүх, соёл, ёс заншил, Чингис хааны сургаалаасаа ишилж, монголчууд сэрж босох цаг болсон гэсэн санааг л хэлээд байгаа юм шүү дээ. Тэр чинь үзэл суртал. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх хэрэгтэй. Яах вэ гэвэл нэг суманд байгаа 10 айл нийлээд аравт болно. Тэр дотроос шалгарсан чадварлаг нэгийгээ аравтын дарга болгож, 10 аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их хурлын гишүүнээ гаргана.

Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ дотроосоо гаргаж ирж байна шүү дээ, энэ Чингис хааны сургаал. Тэр хүмүүс гадагшаа офшорт мөнгөө гаргахгүй. Амархан байгаа биз. Энэ монголчуудын ёсонд, цусанд, сэтгэлд байгаа. Гагцхүү тэр нь унтчихаж, түүнийгээ сэрээж өөдөө дээшээ босох хэрэгтэй. Соёл, түүхийн чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно. Үүнийг би Жангар туулиар дамжуулж ярьж байгаа юм шүү дээ.Жангар бол дээр үеийн мартагдсан шашин, манай үзэл суртал. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургаал,эхлэл тэр дотор байгаа.

Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмийч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Тувачуудтай ч үүгээрээ ойртож нөхөрлөсөн. Бид Египетийн Пирамид, Хятадын Цагаан хэрэм дээр очиж тоглож байлаа. Хөөмий, хархираа бол эртний том шувуу динозаврын дуу. Цаашлаад дэлхийг сэрээх дуу. Тэгж явбал монголоо дэлхийд гайхуулна, алдаршуулна.

Гагцхүү эрх баригчид, Засгийн газар нь тэрийг бий болгох хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна шүү дээ. Өвөрмонголын алдарт морин хуурч Чи Булагт хувийн академи барьж өгсөн байх жишээтэй. Хөөмий, хархирааг гэхэд л манайх гээд ЮНЕСКО-гоор батлуулчихсан. Хөөмий, хархирааг уг нь тэд өмчилж болохгүй шүү дээ.

Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой юм. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх л даа. Тэгвэл монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Будда бие хүн байсан гэдэг шиг… ингэж болно доо.

-Та түүх, соёлоор хүмүүсийг хөглөж сэрээх тухай ярилаа. Таны дуулсан “…Гашуун булгийн усаар гараа угаагаад суулаа. Гараа угаагаад суухад минь гаргасан ээж минь санагдана…” гэсэн сэтгэл сэмлэсэн үг бүхий “Ээж минь” гэдэг дууг ч гэсэн эрт сэрсэн дуу гэж зарим хүн хэлдэг?

-Хүмүүс дууг тууль шиг хүлээж авч чадахгүй.Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай.

-“Ээж минь” дууг сонсоход цаанаа зовлон шаналал мэдрэгдэх шиг санагддаг?

-Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй. Сайхан дуугаа дуулж яваарай гэсэн утгаар л дуулсан. Би дуучин хүн биш. Миний мэргэжил атомын цахилгаан станцын инженер. Москвад их сургууль төгссөн. Багадаа сургуульд сурч, цэрэгт явсан. Германд цэрэгт очсон, генералууд бүгд үлд гэдэг байлаа. 22 минутад нисэж гарах үзүүлэлтийг 18 минутад хийдэг цэрэг явсан. Монголчууд бүгд ийм шаламгай,чадварлаг даа.

Миний бага, залуу нас иймэрхүү явсан. Ингэж явтал хүнд бас харагддаг юм байдаг, харагдахгүй юм ч байна. 27-28 настайдаа гишгэсэн мөрөө эргэж харахад тийм ч сайн сайхан санагдаагүй. Хүнд ядрах, сэтгэл зовох үе ч байна. Тийм л хэцүү үед ээжээ санаж, “Ээж минь” гээд дуулаад явсан.Тэр бас нэг учир байна. Дуу намайг сансарт нисгэсэн. Олон газар орноор дуугаа дуулаад явсан.

-Таны өвөг дээдэс ямар хүмүүс байв. Жангар туулийг танд өвлүүлсэн үү?

-Түрүүнд хэлсэн дээ, ээж минь зовж би уйлаад явж байхад “Болгоомжтой хүний ээж уйлдаггүй” гэдэг цэцэн үг бодогдсон. Бас тэр үед манай тэнд “Жангар тууль” гэж эрдэмтдийн том хурал бол­сон. Тухайн үед манайд туульч хүн үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн долгио үүссэн юм. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би Жангар тууль хайлж зүүдэлснээ мартдаггүй. Түүнээс өмнө бараг 16 настайгаас тууль хайлж байх ёстой атал би завсарт нь жаахан зовоод 33 настай туультайгаа золгосон нь тэр юм даа. Одоо би 60 хүрч байна.

-Та Монгол Улсын иргэн болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Таны тэр бодол одоо өөрчлөгдсөн үү, эсвэл?

-Дээхэн үед тийм хүсэлт тавьж байсан.Миний бодоход гадаадад байгаа монголчууддаа хоёр иргэншлийг шийдээд өгчихмөөр. Тэд нутгаа хаяж гарч чадахгүй шүү дээ. Манай байгаа нутаг Монголын нутаг шүү. Тэгэхээр тэндээ л байна. Хоёр иргэншлийг шийдвэл бид эндээ ирнэ. Та нар бол хамгийн хүчтэй шилдэг хүмүүсийг татна. Халимагаас бол Цагаанзамд иргэншил өгч болно. Тэр улсад байгаа тэрэнд өгч болно гээд нэр усыг нь гаргаж шийднэ гэсэн үг.

Герман, Англи, Америк, Голланд, Аричуудаас монгол гаралтай, Монголд хайртай, элэгтэй хүмүүс ирнэ. Монгол хүчирхэг болно. Хөл дээрээ босно. Иргэншил бол эрх чөлөө юм. Монгол дэлхийтэй холбоотой байх ёстой. Гол нь монголчууд шинэ үзэл сурталтай болох ёстой. Тэр нь Жангар уу, Чингис хаан уу. Бас ёс зүйгээ дээдэлж, дэвжиж дээшилж, хөл дээрээ босох ёстой.

-Цагаанзам гэдэг монгол нэрийг танд хэн өгсөн юм бэ?

-Сибирийн хүнд хэцүү амьдрал дунд бид хоёр нэртэй байсан. Германы дайнд бүх эрчүүдийг нь дайнд туугаад явуулчихсан. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг Урал, Сахарт ачиж аваачаад цацсан. Олон хүн тэнд үхсэн. 1952 онд зөвшөөрөл авч манайхан нутаг тэмцэн нүүж явах замд би мэндэлж, эмээ минь бэлгэшээж Цагаанзам гэж нэр өгсөн. Аавын эгч орос нэр өгсөн, тэр нь Лениний нэр л дээ Владимир гэж. Паспорт маань тэр нэрээр явдаг. Овог Харуу, харуул гэсэн утгатай монгол үг ч Оросоор Харуев гээд биччихсэн түүгээрээ яваа.

-Танай гэр бүл одоо Халимагийн нийслэл Элстэй хотод амьдарч байна уу?

-Тийм ээ. Бид эндээс гарч тэнд очоод 409 жил амьдарч байна даа. Хоёр эмээ, нагац эгч маань орос хэл мэддэг. Эмээ маань орос хэл мэддэггүй, 103 хүрээд бурхан болсон. Би эх эцгээс дөрвүүл. Манайх гурван хүүхэдтэй. Халимагт монгол гаралтай 100 гаруй мянган хүн бий. 40 хувь нь монгол хэлээ мэднэ.

Холбоотой мэдээ

Монгол залуу коронавирусын халдвар тусч, түүнийгээ сармис идэж, унтаж амарснаар эдгээсэн байна

Франц Улсад амьдардаг Г.Хүрэл-Эрдэнэ коронавирусийн халдвар авч, эм уулгүйгээр эдгээсэн талаараа ERG

2021-01-18

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...