Ирээдүй цогцолбор бага сургуулийн анги дүүргэлт 55-60

access_time 2017-04-01

Амжилт.ком сайт төрийн өмчит компани, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байлгах зорилгоор “Нээлттэй төрийн байгууллага” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн анхны сурвалжлагаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийг онцоллоо.

Нийслэлийн ууган “Ирээдүй” цогцолбор сургууль

Нийслэл хотын хамгийн анхны, ууган цогцолбор сургууль болох “Ирээдүй цогцолбор” 20 жилийн өмнө байгуулагдсан. Өдгөө нийт 7 хичээлийн байр, 600 гаруй багш, ажилчин, 11800 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ерөнхий захирал нэг, сургууль тус бүрийн 7 гүйцэтгэх захирал, 16 сургалтын менежер, 7 нийгмийн ажилтан, 4 нягтлан бодогч ажилладаг байна.

Бага ангийнхан 60-уулаа нэг ангид хичээллэж байна

Улсын тэргүүний үндэсний лаборатори “Ирээдүй цогцолбор” сургууль анх Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтайд тооцогддог Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын /12, 13, 14, 15, 16, 17-р хороо/ сурагчдыг хамрах зорилготой байсан бол нийслэлд хүн ам олноор төвлөрөн суурьшиж байгаагаас үүдэн тус дүүргийн 23, 30, 31-р хорооны хүүхдүүд суралцаж байгаа нь гол асуудал үүсгэж байна. Тухайлбал, бага ангийн сурагчид нэг ангид 55-60-уулаа хичээллэж байгаа нь стандартаас хоёр дахин хэтэрсэн үзүүлт юм. Стандартаараа бол нэг ангид 30 гаруй хүүхэд хичээллэх ёстой. Нэг хичээлийн байр нь 960 суудалтай боловч өнөөдрийн байдлаар 1600-2800 сурагч хичээллэж байна. Энэ бол манай улсад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ бага байгаагийн тод жишээ юм.
Бид “Ирээдүй цогцолбор”-ын 1-р ахлах сургууль дээр 14 цагийн орчимд очиход сургуулийн жижүүр орсон хүн бүрээс хаана, хэнтэй уулзахыг тодруулж байлаа. Мөн биеийн тамирын хичээлдээ ороод завсарласан сурагчид коридорын нэг талын хана даган цуваагаар явж, зарим ангийнхан завсарлагааны хугацааг ашиглан биеийн чилээ гаргах дасгал хийх зэргээр эмх цэгцтэй, дэг журамтай сурагчид, сургуулийн орчин угтсан юм.

Хувийн сургуулиас шилжин ирэх сурагчдын тоо нэмэгджээ

Улсын төсвөөс тус сургуульд нэг хичээлийн жилд 444 багш цалинжуулахаар төсөв баталдаг. Харин нэг хичээлийн жилд 400-500 сурагч шилжин ирдэг. Нийгэмд хувийн сургуулийн чанар сайн, улсын сургуулийнх тааруу гэсэн ойлголт байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд хувийн сургуулиас хүүхдүүд ихээр шилжин ирэх болсон байна.
Багш нарын тоо болон хичээллэх анги танхимын тоо нэмэгдэхгүй атлаа жил бүр сурагчдын тоо өссөөр байгаа нь багш нарын ачааллыг нэмэгдүүлж, сурагчид ая тухтай орчинд суралцах нөхцөл хязгаарлаж байна. Энэ хэрээр багш сурагч нэг бүрт хүрч ажиллах боломж багасах цаашлаад сургалтын чанарт нөлөөлөх гээд олон асуудал урган гарч байна. Гэсэн хэдий ч багш нарын хөгжлийг тогтмол хангах зорилгоор мэргэжлийн тэнхмийн зохион байгуулалттайгаар ажиллаж байгааг сургуулийн захирал онцолж байлаа.

Багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг

Улсын төсвөөс 2016-2017 оны хичээлийн жилд 7.5 тэрбум төгрөг баталсан. Үүнээс цалин, нэмэгдэл урамшил 6.6 тэрбум төгрөг эзэлж байна. Багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг. Энэ бол тийм ч хангалттай хэмжээний цалин хөлс биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ.
Сургуулийн хувьд ямар нэгэн өөр зээлгүй, батлагдсан төсөвтөө тохируулан гүйцэтгэл явагдаж байгаа. Харин эцэг эхчүүдээс анги кабинетын урсгал засвар гэж жилд 1000 гаруй мянган төгрөг хураадаг. Ном сурах бичгийн тухайд салбарын яамнаас 40 хувь, эцэг эхчүүд өөрсдөө 60 хувийг худалдан авч байгаа юм байна. Мөн шахааны маягаар гарын авлага, товхимол зарах асуудал байхгүй хэмээн сургуулийн ерөнхий захирал Г.Цагаанцоож хэлж байлаа. Тус сургуулийн сурагчдын төлөөлөл ч ямар нэгэн байдлаар мөнгө татах, шахаагаар ном зардаггүй гэж байсан юм.
Улсын тэргүүний, Монгол Улсын шилдэг менежменттэй, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын өрсөлдөх чадварыг үнэлсэн сургалтын чанар үр дүнгийн хүртээмжийн индексийн үзүүлэлтээр тэргүүн байрт шалгарсан гээд “Ирээдүй” цогцолбор сургууль цөөнгүй амжилтыг бий болгожээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060