БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН МОТОЦИКЛЬ ГАРДУУЛЛАА

2017-11-23 Нийгэм 0

ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад бартаат замын 60 мотоциклийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагааг БОАЖЯ, ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. Эдгээр мотоциклийн түлхүүрийг Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мөн энэ үеэр гардуулсан.

ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I шатанд 11,5 сая евро, II шатанд 13,5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа билээ. Тус яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Дороты Швиллийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайдтай хийсэн уулзалтаар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел төслийн хэрэгжилтийг амжилттай буйг онцлоод, тус төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламжийг нэмж олгох болсныг мэдэгдлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр “Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад БОАЖ-ын сайд, салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үнэлж барашгүй үр дүнгээ өгсөөр байна. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь хоёр орны байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ бөгөөд Монгол орны ТХГН-уудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэлээ.

Элчин сайд Дуппел ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Герман, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны гол тулгуурын нэг нь Биологийн олон янз байдлыг хамгаалах юм. Давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай Монгол орны ТХГН нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх үнэт баялаг юм. Герман Улс байгаль хамгаалагчдыг энэхүү чухал үүргээ биелүүлэхэд нь шууд дэмжлэг үзүүлж байгаад би маш их баяртай байна. Төслийн санхүүжилтийг 31 сая евро болгон өсгөх Герман Улсын шийдвэр нь Монгол Улсын тогтвортой хөгжил, түүний биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч байгааг тодорхой харуулж байна. Бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа БОАЖЯ болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй бүх хүмүүст талархал илэрхийлье” гэв.

Ёслолын ажиллагаанд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргааны дарга болон байгаль хамгаалагчид, Гадаад харилцааны яамны төлөөлөл , Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцсон. Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Дороты Швилл, Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дах салбарын захирал, П.Гиоргиев нарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр шагнасан юм.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Онгоцонд төрсөн ихэр охид зургаан сартай болжээ

2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд ихэр

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...