fbpx

Н.Энхбаяр хэн болж хувирав?!

2017-12-12 1532

 

-Цагтаа Н.Энхбаярын нэрийг дагаж, ердөө “оймсны түрийнд хавчуулагдан ордонд орж ирсэн’’ гэгдэж явсан О.Баасанхүү МАХН-ын дарга боллоо. Түүнд энэ удаад хэн туслав?!-

Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгогдон ажилласан эрхмүүд бүрэн эрхийн хугацаагаа дуусган буухдаа буцаад намдаа очсон нь бараг үгүй. Улс төрийн намынх нь угшил хэвээр боловч хэн нь ч намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй нь уламжлал болсон гэхэд болно.

Энэ жишгээр Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүрэн эрхээс буухдаа бууриндаа буцаж очоогүй төдийгүй 2011 оны нэгдүгээр сард МАХН-ыг байгуулан даргаар нь сонгогдож, улмаар мөн оныхоо зургаадугаар сард намаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлж байв.

Түүнийг улс төрд удирдагч болтол нь торниулсан МАХН 2010 оны арваннэгдүгээр сард түүхэн шийдвэр гаргаж, нэрээ МАН болгон өөрчилсөн нь Н.Энхбаярт шинэ нам тэргүүлэн шатрын өрөг дээр нүүдэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн хэрэг байлаа. Сануулахад МАХН нэрээ МАН болгон өөрчлөх тухай тэрхүү шийдвэрийг гаргасан их хурлын 800 төлөөлөгчийн нэг болох Н.Энхбаяр нарын зургаан хүн татгалзсан санал өгч байв.

Ерэн жилийн түүхт нам МАХН нэрээ орхиж, түүн дээр нь Н.Энхбаяр улс төрийн алхам хийсэн нь түүнд бишгүй бэрхшээл, асуудал дагуулсан юм. Төрийн тэргүүнээс буусан эрхмүүд улс төрд намгүй, чимээ аниргүй боловч “титэм” мэт хүндлэгддэг байсан бол Н.Энхбаяр намтай боловч ганцаардаж, ялтан, хоригдол болтлоо уруудан үхэхээс бусдыг үзсэн.

Түүнд 2012 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорив.

Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоёр жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн хэдий ч тэрбээр 120 хоногийн өлсгөлөнгийн дараа үнэхээр ч нүднээс гараад байсан юм. Улмаар Ерөнхийлөгчийн сэнтийг түүнээс залгамжлан авсан Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа буюу 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлэн сулласан юм. Хэдий суллагдсан ч “ялтайд тооцох хугацаа” гэгчээр 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй.

Яг энэ мөчид буюу Н.Энхбаяр улс төрийн эрхээ эдэлж чадаагүй “хяслан” дээр өнөөдөр МАХН-ын дарга болж томорсон О.Баасанхүүгийн “аз” гийсэн юм. МАХН-аас 2012 онд жагсаалтаар УИХ-д орж ирсэн тэрбээр 2016 оны сонгуульд МАХН-аас ганцаараа сонгогдож, Н.Энхбаярын намыг парламентын нам болгов. Энэ гавьяагаа байн байн сануулж, даргаар сонгохгүй бол явлаа, гарлаа гэх үгийг хэвлэлээр дайсаар жил гаруйн дараа санасандаа хүрээд байгаа нь энэ.

Мэдээж, МАХН-аас гарах биш МАХН-ыг гартаа авах сонголтыг хийв. Цагтаа Н.Энхбаярын нэрийг дагаж, ердөө “оймсны түрийнд хавчуулагдан ордонд орж ирсэн” гэгдэж явсан О.Баасанхүү шүү дээ. Түүнд энэ удаад хэн туслав?!

“ХЭН НЭГЭН”-ИЙ ТУСЛАМЖ
Парламентын өмнөх дөрвөн жилд буюу 2012-2016 оны хооронд О.Баасанхүүгийн үгийг олон нийт сонсож ямар ч шаансгүй явсан З.Баянсэлэнгэ төрийн сайд болтлоо томорсны шалтгаан нь Н.Энхбаяр байсан гэхэд болно. Гэхдээ О.Баасанхүү тэр үед УИХ-ын дарга, өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой илүү шадар явсан үе бий.

Ердөө жилийн өмнө буюу 2016 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Ц.Сайханбилэгийг огцруулах бичигт 19 гишүүний гарын үсэг зуруулж, араас нь “УИХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга асан З.Энхболдоор Ерөнхий сайдыг солих нь зүйтэй” гэсэн байр сууриа ил тод илэрхийлээд явж байж.

Энэ удаад тэрбээр хот хөдөөгийн 800 гишүүнийг нийслэлд авчирч, Төрийн ордонд МАХН-ын Их хурлыг хуралдуулж, өөрөө даргаар нь сонгогдлоо. Тэр хэн нэгний дэмжлэггүйгээр ингэж чадахгүй гэж МАХН-ын “хууль ёсны” дэд дарга С.Ганбаатар хэвлэлийнхэнд гомдоллож байна. Тодруулбал, “Хууль бусаар дарга болчхоод Дээд Шүүх дээр хэн нэгэн хамгаална гэж О.Баасанхүү тооцоолж байна” гэж С.Ганбаатар хэлж байгаа.

О.Баасанхүүгийн эл алхмыг урьдчилан тооцоолж байсан МАХН-ын хэсэг нөхөд магадгүй “хамгаалалт” хийх үүднээс намын дүрэмдээ өөрчлөлт оруулах гэсэн бололтой. Уг дүрмийн өөрчлөлтийг Улсын Дээд шүүх энэ сарын 4-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд “Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийн талаар МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Манай намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийн цаана хэн нэгэн хүн байгаа. Энэ бол захиалгатай шийдвэр гэж бид үзэж байна. Улсын Дээд шүүх бүртгэдэг байгууллага болохоос хянадаг байгууллага биш” гэж мэдэгдэж байв. Түүнчлэн “О.Баасанхүү нарын зарлаж буй намын Их хурал хүчин төгөлдөр бус бөгөөд намын дүрэм зөрчиж буй үйлдэл юм” гэж тайлбарлаж байв.

Хэдий тийм ч О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг хуралдуулж, намын даргыг өөрчилж өөрөө сонгогдлоо. Түүнийг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх хэлэлцэнэ. Одоогоор МАХН-ын даргаас чөлөөлөгдсөн гэгдэж байгаа Н.Энхбаяр энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Ингэхэд Н.Энхбаяр гэх улстөрч хэн болж хувирав аа?!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэ

2020-04-07

Толгойгоо гашилгаад ч шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрүүдийг таван өдөрт сайжруулна гэдэг үлгэр

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн

2020-04-06

Хулан цахилсан нутагт нэг өдөр, нэг шөнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөц гэж шоволзсон гозгор бор залуу Г.Пүрэвцогттой бид бараг л 4

2020-04-06