Хүүхэд тань хуруугаа хөхөөд байна уу

2017-12-15 Зөвлөгөө 0

 

Сараагийн охин 3 настай. Ээжийнхээ гэдсэнд байхад нь хэт авиан дурангаар хуруугаа хөхөж байгаа зургийг дурсгал болгон авснаас хойш одоо гурван нас хүрсэн хэдий ч энэ зуршлаасаа салаагүй л байна. Гурван настай охины энэ үйлдэл уйлж, уурлаж, тавгүйтсэн үед нь илүүтэй тод ажиглагддаг. Хүүхэд хуруугаа хөхөх нь олон эцэг эхчүүдийн санааг зовоодог асуудлын нэг яах аргагүй мөн. Нялх хүүхэд эхийнхээ хэвлийд байхаасаа хуруугаа хөхөж эхэлдэг болох нь хэт авиан дурангаар тод харагддаг. Хуруугаа хөхсөнөөр хүүхэд тайвширч, илүү ая тухтай, аюулгүй мэдрэмж төрдөг байна. Хүүхдийн хэл яриа ид хөгждөг 2-4 насанд хуруугаа хөхөж эхлэдэг бөгөөд энэ нь зуршил болох хандлага түгээмэл байдаг.

Хүүхэд хуруугаа хөхөх нь олон сөрөг нөлөөтэй

Хүүхэд ихэвчлэн эрхий хуруугаа хөхдөг бөгөөд энэ нь амны хөндийн бүтэц болон түүний хөгжилд олон гаж согогийг бий болгодог байна. Мөн хэл ярианы бэрхшээлтэй болох өндөр магадлалтай юм. Хуруугаа хөхсөнөөр эрүү болон шүдний бүтцэд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр хүүхдийн дээд эрүүний хэлбэр болон тагнайн хэвийн хөгжил алдагдан хонхор үүсэж, улмаар дээд шүд нь доод шүдэндээ бүрэн гүйцэд хүрэхгүй болдог. Үүнийг шүдний гажиг засах аппаратаар засаж болох боловч хэл ярианы буруу хөгжлийг эмчлэх аргагүй юм. Ихэнх эцэг эхчүүд сүүн шүд учраас удахгүй унаад шинэ шүд ургачихна, ямар нэгэн сөрөг нөлөөгүй биз хэмээн өөрсдийгөө тайвшруулдаг. Гэвч удаан хугацаагаар хуруугаа хөхсөний уршиг үүгээр дуусахгүй. Үүнээс болж хүүхэд шүднийхээ нэг талаар хаздаг болж, шүдний “зөрүү хазалт” үүсдэг. Мөн эрхий хуруугаа хөхсөнөөс нүх буюу хонхор тагнайд үүсч, амны хөндийн арын шүдэнд ачаалал илүү ирдэг байна. Энэ мэт амны хөндийн хэвийн хөгжил алдагдаж, шүд зөв биш байрлалтай болохоос гадна дээд, доод эрүүнд гажиг (шаамий, орсгой, хазгай, зөрүү гэх мэт) үүсэхэд нөлөөлдөг байна. Иймээс хүүхдийг хуруугаа хөхөх зуршлаас нь хэрхэн салгах талаар дараах зөвлөгөөг хүргэе.

Хүүхдийг хуруугаа хөхөх зуршлаас нь салгах есөн арга

тань хуруугаа хөхөж эхлэх үед шууд болиулах гэсний хэрэггүй. Энэ зуршлыг аажим аажмаар болиулах гэж оролдон, хүүхэд тань үүнээс өөрөөр тайвширах аргыг олтол нь хүлээ. Мөн хүүхдээ аль болох уурлуулж, уйлуулж, сандаргахгүй байхыг хичээгээрэй. Үргэлж сэтгэл нь зовинож, айж түгшиж байдаг хүүхэд их сургуульд орсон хойноо ч хуруугаа хөхөж тайвширдаг зуршлаа хаяж чадахгүй байх тохиолдол байдаг. Хүүхдийн хувьд уг зуршлаасаа салах нь тун хэцүү. Тиймээс эцэг эх нь янз бүрийн арга хэрэглэж, ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч талаар болж, хүүхэд хуруугаа хөхсөөр л байдаг. Ялангуяа 5, 6 нас хүртлээ уг зуршлаасаа салж чадаагүй бол байдал улам л төвөгтэй болох болно. Тиймээс удахгүй сургуульд орох гэж байгаа хүүхэд тань хуруугаа хөхсөөр л байгаа бол дараах аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Олон нийтийн газар хуруугаа хөхөхийг хориглохыг хичээж, харин гэртээ хөхөхийг нь хязгаарлахгүй байвал зохино.

2. “Битгий хөхөөд бай”, “Үүнээс хойш эрхий хуруугаа хөхөж болохгүй” зэргээр загнаж, зандарч харьцах нь төдийлөн тус болохгүй. Хүүхдийг айлгаж, сандаргасанаар зуршилд нь улам автуулах эрсдэлтэй. Тиймээс үүний оронд түүнийг ойлгохыг хичээж, хуруугаа хөхөөгүй үед нь магтаж, бахархаж байгаагаа илэрхийл.

3. Хүүхэддээ хуруу хөхөх нь буруу зуршил гэдгийг сайн ойлгуулж, ярилцах нь үр дүнтэй арга юм. Хэрвээ хүүхдийг хуруугаа хөхөх болгонд нь уурлаж, уцаарладаг бол тэр таны нүдэнд хуруугаа хөхөж харагдахгүйг хичээх болно. Гэвч таниас нууцаар тэр үргэлж хөхнө гэдгийг санаарай.

4. Хүүхэд унаж гэмтсэн, уйлсан, айж сандарсан үед нь хуруугаа хөхөхийг нь хориглож болохгүй. Түүнд тайвшрах боломжийг өг. Эгзэгтэй үед хориглосноороо түүнийг улам эмгэнэлтэй байдал руу түлхэх болно.

5. Хүүхэд буруу зүйл хийж байгаагаа өөрөө ухаарах боломжийг олго. Хүүхэд тань хуруугаа хөхөж байх үед нь “Чи яг одоо хуруугаа хөхөж байгаагаа мэдэж байна уу” гэж асуу. Үгүй гэж хариулж байгаа бол түүнийг энэ үйлдлийг хийж байгааг нь ухааруулж, ойлгуул. Уйлсан, сандарсан үед нь өөр аргаар сатааруулж, тайвширахад нь тусла.

6. Ихэнх эцэг эхчүүд үүнийг болиулах гэж хуруунд нь муухай амттай зүйл түрхэж, жигшүүлэхийг оролддог. Гэвч ингэж хэрхэвч болохгүйг эмч мэрэгжилтэн, сэтгэл судлаачид зөвлөж байна. Жаахан хүүхэд өөрийгөө ая тухтай байлгах тааламжтай зүйлийг нь шууд таслан зогсоосноор та хүүхэддээ тусалж байгаа биш харин ч хорлон сүйтгэгчтэй төс бүхий үйлдэл хийж байгаа хэрэг гэж судлаачид дүгнэдэг.

7. Хүүхэддээ чи том болж байгаа, нэг л өдөр хуруугаа дахиж хөхөхгүй байх болно гэдгийг таниулж ойлгуулах нь чухал юм. Хайртай үлгэрийн баатар нь хуруугаа хөхдөг эсэхийг түүнээс асуу. Мэдээж хайртай баатар нь хуруугаа хөхдөггүй тул тэр түүнийг даган дууриах болно.

8. Зуршлаас нь салгах гэж бээлий өмсгөх хэрэггүй. Энэ нь тэд нарыг улам айлгаж, далд түгшүүрийг бий болгодог. Учир нь тэд бээлийгээ тайлж хаячихаад өмнөхөөсөө илүү их хөхдөг болох нь судалгаагаар батлагдсан.

9. Хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ өөрөө аяндаа хуруугаа хөхөхөө больдог тул эцэг эхчүүд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэт их хүчлэх тусам олон сөрөг үр дагавар үүсэж бий болдог.

Холбоотой мэдээ

Цаасан ном уу, цахим ном уу?

Цахим ном унших сонирхолтой хүний тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Олон хуудастай, зузаан хавтас

2021-01-26

Их хурхирдаг, өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй

Нойрны талаарх сонирхолтой баримтууд Машины агааржуулагч нойр сэргээхэд нөлөөлдөггүй Ихэнх

2021-01-26

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.I.25-31/

ХОНЬ Хонины ордонд төрсөн хүмүүс ажлын байран дээрээ маш амжилттай, бүтээмж сайтай байхын хажууга

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...