Би төрсний дараа яагаад турахгүй байна вэ

2017-12-15 Зөвлөгөө 0

 

Төрсний дараа таны гэдэс жирэмсэн хэвээрээ байгаа мэт харагдах нь гайхмаар санагдаж магадгүй. Хэдийгээр таны хүүхэд төрчихсөн ч гэсэн гэдэс бараг хэвээрээ зургаан сартай жирэмсэн юм шиг харагдана. Төрсний дараа таны бие ялангуяа хэвлий эргэж хэвийн байдалдаа ороход ихээхэн цаг хугацаа шаардагдана. Төсөөлж үзэхэд жирэмсний хугацаанд таны хэвлийн хана ураг өсөж томорохын хирээр бөмбөлөг шиг аажим сунаж тэлж байдаг. Харин хүүхэд төрсний дараагаар энэхүү бөмбөлөг шууд алга бололгүй аажим жижгэрч эхлэдэг.
Хүүхэд төрсөн мөчөөс эхлэж дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр умай агшиж жижгэрэн зургаагаас найман долоо хоногийн дотор жирэмсний өмнөх үеийн хэмжээнд очдог.
Таны биеийн бүх эсүүд жирэмсний хугацаанд хавагнаж хөөсөн байдаг бөгөөд төрсний дараа шээс, хөлс, зэрэг замаар илүүдэл шингэнээ гадагшлуулдаг. Жирэмсэн байхдаа хэвийн байсан эхчүүд төрсний дараах хэд хоногт хавагнадаг нь мөн үүнтэй холбоотой тайлбарлагддаг.

Харин илүүдэл өөх хүүхэд хөхүүлэх үед шатаж зарцуулагдаж эхлэдэг. Гэвч үүнд мэдэгдэхүйц үр дүн гартал хэдэн долоо хоног шаардагдана.
Олон эмэгтэйчүүдэд төрсний дараа хэвлийн бор шугам (хүйснээс дээш болон доош байх босоо судал) болон жирэмсэн байхад хэвлийн хана хэт сунаснаас болж үүссэн арьсны язралын олон жижиг сорвинууд үүссэн байдаг. Мөн кесар хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд эдгээр дээр нэмэгдээд мэс заслын сорви үлддэг.
Төрсний дараах зургаагаас арван хоёр сарын хугацаанд арьсны язралын хэмжээ харьцангуй багасдаг. Мөн язралын сорвины өнгө орчны эдээсээ харьцангуй цайвар өнгөтэй сорви болж үлддэг. Хэвлийн бор шугам аажим бүдгэрч жил гаруйн дараа арилдаг боловч зарим тохиолдолд бүрэн арилахгүй байж болно.

Миний хэвлийн агшиж хэвийн хэмжээндээ ороход ямар хугацаа шаардагдах вэ?
Жирэмсэн үед умайнаас гадна хэвлийн өмнөд ханын бүтцэнд оролцодог арьс, булчин, өөхөн болон холбогч эдүүд бүгд сунаж тэлсэн байдаг. Төрсний дараагийн зургаагаас найман долоо хоногийн хугацаанд хэдийгээр умай агшиж жижгэрсэн ч гэсэн хэвлийн өмнөд хана хэвийн хэмжээндээ очихгүй байх хандлага түгээмэл тохиолддог.
Учир нь найман сарын турш ургийн өсөлт хөгжилтөнд дасан зохицож сунасан хэвлийн хана хэвийн байдалдаа ороход нилээд хугацаа шаардагдах нь тодорхой.
Хэвлийн хэмжээ буцаж хэвийн байдалдаа орох хугацаа болон хэмжээ нь таны биеийн үндсэн жин, жирэмсэн үедээ нэмсэн жингийн хэмжээ, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг эсэх болон удамшлын хүчин зүйлсээс ихээхэн хамаарна. Жирэмсний хугацаанд 13 килограмаас бага жин нэмсэн болон тогтмол дасгал хийдэг, хүүхдээ хөхөөр хооллож байгаа, нэг хүүхэдтэй эхчүүд хэвийн жиндээ хурдан орох хандлагатай байдаг.
Хэрэв та хүүхдээ хөхүүлдэггүй бол жин хасахын тулд ямар хэмжээний илчлэгтэй хоол идэхээ тооцоолох хэрэгтэй. Ийм тохиолдолд та жирэмсэн болохоосоо өмнө иддэг байснаасаа бага илчлэгтэй хоол идээрэй.

Гоолиг харагдахын тулд би юу хийж чадах вэ?
Төрсний дахаах эхний хэдэн сарын хугацаан хүүхдээ хөхүүлэх нь тус болох болно. Хүүхдээ хөхөөр хооллож байгаа эхчүүд хөхний сүү бий болгохын тулд илүү хэмжээний илчлэг зарцуулдаг учир хүүхдээ хөхөөр хооллодоггүй эхчүүдээс илүү хурдан жин хасдаг.
Хүүхэд хөхүүлэх нь мөн умайг агшаах гол хүчин зүйл болж өгдөг. Гэвч хүүхдэээ хөхөөр хооллодог олон эхчүүд биеийн жин 3-5 килограмаар хасах гэж ихээхэн бэрхшээлтэй тулгардаг.
Дасгал хөдөлгөөн таныг гоолиг болоход туслана. Явган явах эсвэл төрсний дараа иогийн дасгал хийх нь хэвлийн булчингийн агшилтыг сайжруулж өөх тосыг шатааж өгдөг. Аэробик болон хэвлийн булчингийн үйл ажиллагаанд чиглэсэн дасгалыг ачаалал ихтэйгээр хийх нь үр дүн сайтай байдаг боловч дасгалыг эхлэхээсээ өмнө өөрийнхөө биеийн дасгал хийж эхлэхэд бэлэн байгаа эсэхээ сайтар эргэцүүлж үзээрэй.
Монголчууд эрт дээр үеэс төрсөн хүнд бүс чанга бүслүүлдэг байсан нь умайг агшаахад сайн нөлөө үзүүлэхээс гадна хэвлийн өмнөд ханын суларсан булчинд дэмжлэг үзүүлэх, нэг дор их хоол идүүлэхгүй байлгах зэрэг ач холбогдолтой байжээ.

Хоолны дэглэм барих нь зөв үү?
Илчлэг багатай хоолны дэглэм барих нь жин хасахад нөлөөлөх боловч эхний ээлжинд хөдөлгөөнөө идэвхжүүлж биедээ тохирсон ачаалалтай дасгал хийх нь зүйтэй. Ялангуяа хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол багаар бодоход эхний зургаан долоо хоногоос хэдэн сарын хугацаанд хоолны нарийн дэглэм барихгүй байх хэрэгтэй.
Эмэгтэй хүнд биеийн жингээ хэвийн байдалд барихад өдөрт 1600-2400 илчлэгтэй хүнс хэрэгтэй. Долоо хоногт нэг паунд буюу 456 грамм жин хасахын тулд өдөрт 500 калориор бага хоол идэх эсвэл өөрийн идэвхитэй хөдөлгөөнөө ихэсгэж шаардлагатай болно. Хэрэв долоо хоногт үүнээс илүү жин хасвал хэт ядрах болон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Хоолны нарийн дэглэм барих нь биеийн жинг хурдан хугацаанд буулгах боловч хөхний сүүний гаралтанд нөлөөлнө.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...