Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Давааням зохиолчийн өвөө, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Өндөр Гонгорын тухай сонсоогүй хүн цөөн байх. Хүүхдийн зохиолч Д.Давааням абугай ч өвөөгийнхөө олон арван зургийг цуглуулж, бас шүлэг, найраглал, түүхэн өгүүлэл бичсэн. Өндөр Гонгор нь 1924 оны Уул тайлгын наадамд амжилттай барилдаж Улсын заан цолонд хүрсэн бөх хүмүүн. Монгол бөхийн түүхэнд Өндөр Гонгороос гадна улсын том цолтой өндөр хүмүүн байсан нь 1911 онд Даншиг наадамд түрүүлсэн Улсын аварга Ихмонгол хэмээх Шаравжамц юм.
Дээр дурдсан хоёр өндөрүүдийн гэрэл зураг, түүнчлэн мэдээ, мэдээлэл нэлээд элбэг. (Сонирхвол google.mn-рүү хандана уу). Харин “нэр нэгтийн чих нэг” гэдэг үлгэрээр Ихмонгол Шаравжамцтай андуурагддаг өөр нэг Өндөр Шаравжамц гэдэг хүмүүн байсны гэрэл зургийг уншигчдадаа сонирхуулж байна. Тэрбээр одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд 1940-өөд онд цэрэгт татагдаж жанжин Ж.Лхагвасүрэнгийн (Улсын баатар, хурандаа генерал) дэргэд хугацаат албаа хааж байж. Өндөр Шаравжамцыг цэрэгт ирэхэд өндрийг нь хэмжиж үзэхэд хоёр метр 75 см байж. Цэргийн албанд байхдаа нэлээд хэдэн см-ээр өссөн хэмээн мэдэх хүмүүс ярьдаг. Өндөр Гонгор хоёр метр 64 см байсан гэж тухайн үед хэмжсэн гадаадын жуулчин, худалдаачдын тэмдэглэл бичвэрт байгаа. Тэгэхээр бидэнд мэдэгдэж байгаа хамгийн арал чацтай монгол хүн бол Өндөр Гонгор биш Өндөр Шаравжамц болж таарлаа.
Зураг 1. Жанжин Ж.Лхагвасүрэн, Өндөр Шаравжамц нар Яармагт болж буй Улсын баяр наадмын Төв асрын өмнө. 1940-өөд эхээр
Зураг 2. 1924 оны улсын заан Өндөр Гонгор 1920-иод оны дундуур
0 cэтгэгдэлтэй