Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Ай Одноо…Чи яагаад дандаа ингэдэг юм бэ?

2018-01-10 Нийгэм 0

 

Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Солиот эх” уран сайхны киноны талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгэгдэлээ бичжээ. тэрээр

“Нийгмээ санаа алдуулсан…

Ай Одноо… чи яагаад дандаа ингэдэг юм бэ. Хүний сэтгэл зүрхийг гогодож, нэг бол юу ч үгүй урж тасдаж хаяад, эсвэл гүн гүн санаа алдалтаар дүүрэн өдрүүдийг бодол оюунд уяж чаддаг юм бэ. Шинэхэн киног чинь үзлээ…Бурхны оронд морилсон ижийгээ шимширтэл санаж яг тэр “Солиот эх” кинонд чинь гардаг өрц нь цоорхой өнчин ганц мод мэт өр минь цөмрөв. Хэдэн өдрөөр сэтгэл базлаж ижийгээ санагалзан дотроо хичнээн ч зүсрэв дээ. Өлгийтэй үрээ чононоос хамгаалж мод барин дайрах эхийн тэр харц, өрц нь цоорхой модны өвөрт хоргодон ижийгээ санан бэтгэрэх хүү, хүүг нь булаагаад нүүгээд явчихсан айлын буйран дээр эвхрэн уйлах эх санаанаас гарахгүй хэд хонолоо.

Хэдхэн хоногийн өмнө үзсэн “Солиот эх” кино байтугай, хэдэн жилийн өмнө тоглосон “Аянгын бороо” чинь мартагдалгүй яг тэр дарамттайгаа, тэр хардалттайгаа, тэр гунигтайгаа, чихарсан хоолойны өнгөтэйгөө санаанд нэвчээтэй хэвээр байна шүү дээ Одноо.

Яаж ингэж болдог юм бэ, яаж ингэж хүний сэтгэхүйд зөвшөөрөл авалгүй нэвчиж ороод зүрх сэтгэлийн эмзэглэлийг хөндөж чадна вэ. Өөрөө тоглоод, өөрөө найруулаад…

Өрц нь цоорхой мод, өнчирсөн эх хүү хоёрын харууслыг гайхалтай холбосон байдаг шүү. Х-ТҮЦ өөр юм аа. Яагаад гэвэл тэд сонгодогуудаар наадаж чаддаг. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Сайтар эргэцүүл”, Солиот эх”… Продюссер Ононд талархая.

Хөнгөхөөн кино хийгээд мөнгө олж болох л байсан, гэвч сэтгэл зүйн драм барьж авна гэдэг амаргүй ээ, гадарлана. Мөнгө биш, өнгө бүр ч биш, өрөөлдөж уруудсан нийгэмдээ бодлогошрол, санаа алдалт, зүрх рүүгээ эргэж нүүсэн ухаарлыг өгсөнд баярлалаа. Ийм драм үзчихээд үсэрч гараад, гар утсан дээрээсээ болсон болоогүй үг сараачиж чадалгүй хэд хонолоо. Тэдгээр хоног бүхэн ижийнхээ өмнө алдсан, оносон бүхнээ дүгнэсэн эргэцүүлэл байлаа.

Ижийгүй өнчин надад “Солиот эх”-ийн тусгал ингэж ирсэн бол, ээж нь дэргэд нь гэрэлтэж яваа бусдад нь ухаарал, хайр бэлэглэсэн байж таараа. Киноны төгсгөлийн дуу үнэхээр гайхалтай. Нийгмээ санаа алдуулсан сайхан кино болсон шүү, уран бүтээл гэдэг ийм л байдаг даа. Амжилт хүсье. Солиот эх / Insane Mother
Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан” хэмээн нийтэлжээ.

Холбоотой мэдээ

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүш

2021-01-18

“Бараа материал, гоо сайхны худалдаа, үйлчилгээг нээхээр судалж байна”

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх

2021-01-18

Өмнөговь аймаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээний газруудаа нээжээ

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллэ

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...