Б.Ангараг: Манай удирдагч нар ард иргэддээ хоноцын сэтгэлээр хойд эцэг шиг ханддаг…

2017-04-22 Ярилцлага 0

Монголын аж үйлдвэрийн салбарт чин сэтгэлээрээ зүтгэж бүтээж, хөгжүүлж яваа энэ залууг Батсайханы Ангараг гэдэг. “Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөөмж импортлогчдын нэгдсэн холбоо”, “Монголын үйлдвэржилт инновацийн төв”, “Хөгжлийн төлөө FM 92.1”, “Эх орны  үйлдвэрлэгч” сар тутмын сэтгүүл гээд Б.Ангарагын санаачилга, хичээл, зүтгэлээр бий болсон ажлуудтай нь танилцах шалтаг олдсон юм. Түүнийг жижиг дунд, үйлдвэрлэлийн хүрээнд болон шинэ залуу бизнесменүүд “Бизнес аяллын Ангараг” гэдгээр нь андахгүй сайн мэднэ.  

-Та их олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Хэдийнээс эхлэв?

-2014 он. Гурван жил өнгөрчээ. Ямар нэг нам, улс төрийн хараат бус, олон улсын зээл тусламж, төсөл хэрэгжүүлэгч биш, өөрсдийн хөрөнгө оруулалт, өөрсдийн мөнчигрөөрөө үйл ажиллагаагаа явуулж байна даа.

-Таныг “Монголын үйлдвэржилт инновацийн төв”-өөр бус бизнес аяллаар тань овоглодог. Миний харж байгаагаар та олон хүний нүдийг тайлж ихийг үзүүлсэн хүн?

-“Монголын үйлдвэржилт инновацийн төв”-ийг байгуулсан шалтгаан бол манайд үйлдвэржилтийн салбарууд, үндсэн механизм, үйлдвэрлэх ур ухаан, туршлага, судалгаа бүгд маш дутмаг байгааг олж харсанаас үүдэлтэй. Миний бие сүүлийн 15 жил Зүүн Өмнөд Азийн үйлдвэржилтийн салбарыг судалсан. Хятадыг түлхүү, Тайланд, Тайвань гээд явж өгсөн дөө. Нэг үүргэвч үүрээд мөнгө л олдвол гараад өгнө.  Тэр том том үйлдвэржилтийн паркуудаар гуйж нэг орно, заримдаа уригдана, хулгайгаар орох үе ч байсан. Дээрээс нь худалдааны төвүүд, тоног төхөөрөмжийн салбаруудаар   орно. Ингэж явсны үр дүнд энэ олон идэвхтэй гоё үйлдвэрлэл, хөдөлмөр, завгүй бүтээгч хүмүүсийг Монголчуудтайгаа зүйрлүүлж харсан. Ерөөсөө л энэ үйлдвэрлэл гэдэг юмыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд залуусаа хөтөлж үзүүлэх таниулах ёстойг ойлгосон юм.

-Орж ирэхдээ аяллын хуваарь харлаа. Одоо 41 дэх удаагийн бизнес аялал явах гэж байна. Үр дүнгээсээ  хуваалцаач?

-Эхэндээ 20-30 хүн ихэвчлэн найз нөхөд, ойр орчныхонгоо цуглуулаад явж эхэлсэн. Өнөөдөр бид нар 41 дэх удаагийн аялалдаа гарах гээд сууж байна. Давхацсан тоогоор 1800 хүн явсан. Нэг ч хүний хуруу ч гэмтээгээгүй.  Монголын хамгийн том бизнес аялал буюу 160 хүнийг бүрэлдэхүүнтэй  баг бүрдүүлж аялсан. 40 аяллын үр дүнд 120 үйлдвэр бий болсон. Би хөрөнгө оруулалт хийгээгүй, тоног төхөөрөмж авч өгөөгүй хамгийн гол нь тэр хүмүүсээ хамгийн анхны цэг дээр аваачиж танилцуулж орчуулж холбож өгсөн. Оёдол, зайрмаг, блок, сэндвич, шар будаа, хуурай сүү, сүү, усны үйлдвэр гээд л эхэлсэн дээ, манайхан. Бизнес аяллын анхдагч нь манайх, одоо бол олширсон. Манайх юугаараа онцлог вэ гэхээор ашгийн бус байгууллага. Бидний эцсийн зорилго нэг аяллаас нэг ч гэсэн хүн үйлдвэртэй л болоосой.

-Таны үр дүн харагдаж байна. Нэг аяллаас нэг бус нэлээд хэдэн үйлдвэр бий болжээ?

-Манай аялалд явснаар яадаг юм бол гэж хүмүүс бодох байх. Тэгэхээр ийм жижигхэн машинаар хэдхэн минутад ийм олон зүйл хялбархан үйлдвэрлэж болдогийг нүдээрээ харж, гараараа барьдаг.  Түүхий эд нь ийм үнэтэй, эцсийн бүтээгдэхүүн нь ингэж гарч ирдэг гэдгийг шууд үзээд явчихаж байгаа байхгүй юу. Бүр олон янзын сонголттойгоор. Тэгээд энэ аяллаас гаргалаа олчихсон залуус энд ирээд дараагийн шатанд шийдэмгий зоригтой ордог. Үүнийг нь харахаар их урам орноо, би чинь.  Одоо манайх бол сард 2-3 удаа аялал хийж байна. Байнга явдаг хүмүүс ч их байна.

-Танайхаас төрсөн үйлдвэрийн эзэд Хөгжлийн төлөө радиод тань зочноор оролцдог уу? Танай бүх үйл ажиллагаа хоорондоо уялдаатай юм байна?

-Тийм ээ. Холбоотой байхаас өөр аргагүй ажлууд л даа. Манай залууст инноваци, стандарт, технологийн мэдлэг мэдээлэл дутуу дулимаг байгааг олж хараад холбооныхоо дэргэд FM байгуулсан. Хөгжилд хүрсэн замнал, та яг одоо юу үйлдвэрлэж байна гээд л чихэнд чимэгтэй нэвтрүүлгүүдийг хийж байна. Ер нь монгол залуусаа бүтээгч, ажилсаг, үндэсний бахархалтай иргэн болгохын төлөө энэ бүхнийг хийж байна. 2020 он гэхэд 200 хүн үйлдвэртэй болгоно гэсэн ойрын зорилго бий. Мэдээж хэрэг, манай баатрууд бидний радио, сэтгүүлийн хүндтэй зочид байлгүй яахав.

– Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлогчдын холбооны үйл ажиллагааны талаар?

-Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирдэг маш  олон газар бий. Тэдэнд нийтээрээ дутагдаж буй асуудал бол сэлбэг хэрэгсэл, түүхий эдийн байнгын нийлүүлэлт, шугам жигдрүүлэх, боловсон хүчний тухай юм. Манайхан энэ чиглэлээр тодорхой бодлогогүй учраас үхмэл хөрөнгө болоод айлын хашаанд тоосонд дарагдаад хэвтэж байгаа маш олон үйлдвэрүүд байна.  Өөрийн биеэр гэрээ хийгээгүй дунд нь зуучлагч орсон мөн эхний цэг дээр очоогүй учраас доголдол гараад бусдын хараат болоод үйлдвэр нь зогсох шинжтэй. Энэ үйлдвэрүүдийн нийтлэг эрх ашгийг бид нийтээрээ хэлэлцэж бодлогоо боловсруулж  хамгаалах ёстой юм байна гэсэн үүднээс холбоог байгуулсан. Одоогоор 920 гишүүнтэй нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага. Манай гишүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа эрхлээд тогтворжчихсон бараа бүтээгдэхүүн нь  хэвийн явж байхад янз бүрийн дүрэм журам захирамж хуулиас  шалтгаалаад эрсдэлд орчихсон тал талд дэд бүтэцтэй компаниуд байхгүй юу. Ажилчид бол цалингаа л авна, эзэн хүн өөрөө  өр зээл бүх эрсдэлийг үүрдэг. Тэгэхээр энэ бүх асуудлыг судлах, шинжлэх, дүгнэх ингэхдээ тал талд бус нийтээрээ нийтлэг эрх ашгаа хамгаалья гэсэн зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

-Танай аяллын төлөвлөгөө жилээрээ хийгдчихсэн байдаг юм байна. Нэлээд судалдаг байх…?

-Судалгааны мэдээлэл дээр үндэслэж л маршрут, төлөвлөгөөгөө гаргана. Ингэхдээ Монгол улсад, монгол хүнд нэн хэрэгцээтэй байгаа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг хаана дэлгэн танилцуулж байна, тэр газрыг л зорино. Нэгэнт мөнгө зарцуулж цаг гарган аялаж  байгаа юм чинь өөртөө маш их том хөрөнгө оруулалт судалгаа хийж хувийн инновацийг бий болгож чаддаг, манай аялагчид.

-Тодруулбал…?

-Бид одоо өөрсдөө бодож сэтгэж төлөвлөж байхгүй бол бүхий л хэрэгцээн дээрээ хүний хараат болоод байна. Үүний цаана монгол бахархал, язгуур соёл, үндэсний эрх ашиг бүхэн үнэгүйдэж харийг тахин шүтэж амьдардаг хямдхан хүмүүс болж харагдаад байна. Биднийг гадныхан алт сандайлсан гуйлгачид, залхуу Монголчууд  гэж хэлдэг. Тэгэхээр миний бодол, бидний үндсэн зорилго бол ерөөсөө л үйлдвэрлэгч, хүчирхэг, бардам, хөдөлмөрч шинэ монголыг бий болгохын төлөө залуучуудынхаа санаа бодлыг өөрчилье, юм үзэж харуулья, чиглүүлье, эхлүүлье. Ерөөсөө л энэ.

-Таныг ажил дээрээ 80 мянган номтой номын сантай гэж сонссон…?

-Манай энэ оффис бас цогц шийдэлтэй. Жишээ нь, шинэ бизнес хайж байгаа залуу манайд ирлээ. Манай 80 мянган катологитой номын сангаас өөрийн сонирхож буй салбарын бүх л төрлийн үйлдвэр, машин, тоног төхөөрөмжөө судалж танилцана. Бүр сонголтоо хийж болно. Тэгээд манай орчуулагч,  мэргэжилтнүүдээр харилцаа хийлгэж тухайн үйлдвэрүүдтэй нь холбогдож болно. Чанар чансаа, үнэ ханш, хүргэлт ачилт гээд бүх мэдээлэл тодорхой байна. Улмаар гэрээ контрактаа хийлгээд авах ч боломжтой. Дээрээс нь үндэснийхээ сайхан хоол иднэ, кофе ууна, зорилго нэгтэй залуустай үзэл бодол, туршлагаа хуваалцана. Мөн Хөгжлийн төлөө FM-ээр дотны хүндээ мэндчилгээ дамжуулах боломжтой. Дэмжин хөгжих, харилцаа уялдаатай хөгжих боломж энд агуулагдаж байгаа. Залуусыг бизнес хөгжлийн тогоонд уулзуулах хүрд нь болж ажиллах VIP клуб гэж ойлгож болно.

-Энэ 80 мянган каталогийг их нарийн ангилж төрөлжүүлжээ. Ямар ч мэдээлэлгүй харанхуйгаар урагшаа тоног төхөөрөмжид явж байгаа хүмүүс олон байгаа. Эхлээд энд ирэх хэрэгтэй юм байна?

-80000 катологийг олон жил судаллаа, цуглууллаа. Хүмүүс намайг онгоцонд баахан цаас чирч суудаг яасан хүн баян бэ гэдэг байсан. Одоо бол үр дүнгээ өгч байна. Өнөөдөр санхүү төсөв  мөнгө хэцүү үед хүн болгон тэр том үзэсгэлэн яармагийг үзээд байж чадахгүй. Интернэтээс тэр болгон хүссэн чинээгээр харах боломжгүй. Тэгэхээр манайд бүх танилцуулга мэдээлэл нь байж байна. Судлаад өгөх мэргэжилтнүүд, холбоод өгөх орчуулагч нар нь байна. Мөн “Эх орны үйлдвэрлэгч” сэтгүүл сард нэг удаа гарна. Өнөөдөр хүмүүс сошиел орчноос хол байхыг эрмэлздэг болж сонин сэтгүүлээ эргээд уншиж байна. Үндсэн агуулга нь инноваци, стандарт гэж юу вэ, юунд хэрэгтэй вэ, гаалийн татвараас чөлөөлсөн жижиг дунд үйлдвэрийн жагсаалт, шилдэг бүтээгч 100 хүн, алдартай бизнесменүүдийн амжилтын түүх, тоног төхөөрөмжүүдийн жагсаалт,  цувралууд ус агаар шиг хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийн танилцуулга, боломжуудыг нь нийтэлнэ. Манайхаас бойжсон  120 үйлдвэр цувралаар танилцуулна. Цаашдаа хөгжлийн төлөө залсан контентуудыг хэвлэл мэдээллийн бүхий л сувгийг бий болгон ард түмэндээ хүргэх зорилготой. Бэлэн болсон амжилтыг зарлаж тоглох нь бидний зорилго биш, бий болгохыг зорьж яваа нь бидний зорилго хүсэл мөрөөдөл юм.

-Хамгийн ойр байгаа хамгийн боломжит хувилбар, жишээнээс уншигчидтайгаа хуваалцаач?

-Сая би тариалалтын судалгаа хийлээ. Манайхтай ижилхэн эрс тэс цаг агаартай Хятадын Манжуурт уур амьсгалаа давуу тал болгон ашиглаж чадаж байна. Дөрвөн улирал ажилладаг хүлэмжүүд зөндөө. Сууцныхаа дулааныг ашиглаад хүлэмжээ ажиллуулж тэндээсээ өдөр бүр төрөл бүрийн шинэ ногоогоо аваад идчихдэг. Мөн эрс тэс уур амьсгалд зохицсон маш олон төрлийн тоног төхөөрөмжүүд бий болж байна. Технологи инноваци дээрх эрэлхийлэлээ бид эрс шийдэмгий хурдтай хүчтэй явуулах цаг болсон. Манай монголчууд зөвхөн хувийн үзэл бодол чиг хандлагадаа маш том реформ хийх хэрэгтэй. Газар нутаг, үржил шим нь байна эргэлтэд оруулахын тулд шинэ технологи, шинэ инновацийг судалж залуусаа хүчтэй бэлдэх шаардлагатай. Чи яв, судалж ир чиний мөнгийг төлье, гэр орон нийгмийн асуудлыг чинь тэр засаг хариуцья. Зөвхөн эх орондоо хэрэгтэй юм  мэдээд сураад ир. Ирсэн хойноо доод тал нь тийм цалингаар үнэлэгдэнэ, харин чи эх орондоо сурсан мэдсэнээ зориул. Ингэж энэ гурван сая баялагаа өнгөлөх хэрэгтэй. Хүнээ хайрла, хайрлуулсан хүнээс хайр л гардаг. Төр хүнээ хүү шигээ хайрла. Миний хувьд өөрийн зүгээс шаардлагатай юмнуудаа бүрдүүлж л явна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Үйлдвэржилтийн паркийг маш олноор бий болгох мөрөөдөлтэй. Их олон газар үзсэн.  Тэр олон мянган ажилчин нэг л шүглээр эхэлнэ, дуусна, хооллоно. Тэдний нийгмийн асуудал, гэр орон, үр хүүхдийн асуудал бүгд шийдэгдсэн учраас маш их аз жаргалтай амьдардаг. Бүр асаргааны асуудлыг нь хүртэл шийдсэн. Өглөө босоод ажилдаа явна. Хүүхдийг нь хараад, гэр орныг цэвэрлээд, хоол унд бүгд бэлэн. Манайхан чинь тарсан дэд бүтэцтэй, урсгал зардал өндөртэй болохоор эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гардаг. Тэгэхээр нэг нэгнээ гинжин хэлхээгээр дэмжсэн нэг маркетингтай нэг катеринг, нэг зөвлөх, нэг борлуулалттай.

-Манайд ийм боломж хэр байна?

-Боломжтой. Манай улсад зээл тусламж хөнгөлөлттэй нөхцөлөөр маш их мөнгө орж ирдэг юм байна. Тэр тусмаа үйлдвэржилтийн салбар руу.  Гэвч хэдэн банкууд, томчууд нь хуваагаад авчихсан. Цөөн хэдэн хүнд шүлс төдий юм тургисан. Тайваньд очоод хүмүүстэй уулзахад танай руу ийм ийм зориулалтаар тэдэн төгрөг явсан. Эцсийн хэрэглэгчдээ очоогүй гэж хэлдэг. Дэлгэх юмбол баримт нь байна. Хэдэн банктайгаа хуйвалдчихдаг юм байна, манай томчуул. Харин одоо тэр мөнгийг бид үнэнчээр олж ирнэ. Ард иргэдийнхээ сайн сайхны төлөө, монгол хүн бие биенээ хайрлах хэрэгтэй. Үйлдвэржилтийн гинжин хэлхээг бий болгоно.  Манайх шиг ийм өргөн уудам нутагтай улс дэд бүтцээ байгуулаад явахад асуудал байхгүй. Манай удирдагч нар ард иргэддээ хоноцын сэтгэлээр хойд эцэг шиг ханддаг. Яаж ард түмнээ ядуу өлсгөлөн байлгах гэсэн тоглолт явагдаж байгаа.

Эрх мэдэлтнүүдээр дамжихгүйгээр мөнгө олж ирэх боломжтой юу?

– Боломж байна. Хүн гэдэг чинь өөрөө хамгийн үнэтэй эд. Бид нар маш олуулаа. Энэ бол хоосон мөрөөдөл биш хэрэгцээ шаардлага нь байна. Амьдармаар байна гэсэн энэ хүмүүс бидэнд итгэх ёстой. Өөрсдийнх орон нутгийнх нь хэв шинжид таарсан үйлдвэрүүдийг бий болгоход болохгүй юм байхгүй. Тэнд зорилгот зах зээл рүүгээ чиглээд үйлдвэрлэгдчихсэн маш их илүүдэл бараа байна. Тэрийг наашлуулах арга хэмжээ авч байна. Хамгийн наад зах нь хөдөө талдаа мал маллаж буй залуу хосууд хэдхэн төгрөгөөр ноос, сүүгээ боловсруулах жижигхэн үйлдвэр аваад л хэний ч гар харахгүй амьдарна.

-Та Монголчууддаа, залуустаа хандаад юуг хэлмээр байна вэ?

-Зүүн Өмнөд Азийн орнуудаар би олон жил явлаа. Аль ч улс нь англиар ярихад аймаар дургүй, та манай хэлийг сурах ёстой гэдэг. Үндэсний бахархал гэдэг бол энэ. Гэтэл манайд огт өөр, бүр эсрэгээрээ. Монголчууд гадныханг аймаар шүтнэ. За нэг Ким гээд солонгос эр ирлээ. Солонгос машин тосно, суугаад явахаар нь солонгос дуу явна, гудамжаар нь дүүрэн үсээ сонин болгочихсон резинэн өмдтэй эр эм нь мэдэгдэхгүй залуус хэлхэлдээд л, Солонгос буудалд буулгаад өрөөндөө ороонд зурагт үзэхээр бүх суваг нь солонгос. Ийм байхаар чинь нөгөө эр пээдийнэ биз дээ. Биднийг үнэхээр шүтэж амьдарч байна гээд улам л нөлөөлөхийг хичээнэ биз дээ. Нөгөө талаас манайхан ийм тийм брэнд гээд л яриад байна. Эцсийн эцэст тэр брэнд чинь хүний гараар л бүтсэн мэдрэмж, чанар, сэтгэл шингэсэн учраас хүнд хүрсэн бүтээгдэхүүн. Бид нарт ийм юм байх ёстой тэгж байж улсаа зална. Бид үндэсний бахархал, эрх ашиг, хэв маягаа хамгаалж чаддаггүй. Дээрээс нь үндэсний үйлдвэрээ дэмжье дэмжье гээд л байдаг. Гэтэл нөгөө чанар мэдрэмж сэтгэл нь шингээгүй байдаг. Тэгэхээр нийтээрээ үйлдвэржилтийг уриалж байна. Бүгд бүтээгч, шинэчлэгч, үйлдвэрлэгч байя. Дээрээс нь монгол хүн Монгол орноо, хэл соёлоо, өв уламжлал, зан заншлаа дээдэлж амьдармаар байна.

-Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...