Монгол Улс вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж малынхаа эрүүл мэндийг хамгаалж чаддаг

access_time 2017-04-25

Амжилт.ком сайтаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагаар энэ удаад Монголын үндэсний анхдагч үйлдвэр болох “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/ хэмээх их айлаар зочиллоо. “Биокомбинат” гэдэг нэрийг мэдэхгүй хүн байхгүй ч харин яг ямар үйл ажиллагаа явуулж, улсдаа ямар үүрэг гүйцэтгэж байгаа тухай хүн болгон тэр бүр мэдэхгүй биз ээ.

Нэр: Биокомбинат

Статус: Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Байгуулагдсан он: 1923

Удирдлага: Захирал Б.Онолбаатар

Үйл ажиллагааны чиглэл: Мал амьтныг гоц халдварт болон халдварт өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэн-сэргийлэх эм биобэлдмэлүүдийг үйлвэрлэх

Санхүүгийн ил тод байдал:  Цэвэр ашиг 507 сая төгрөг /2016 он/

Ажилчдын тоо: 250

Байршил: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 12-р хороо, Сонгино тосгон

1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус үйлдвэр өнөөг хүртэл 94 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгааг онцлох нь зүйн хэрэг. Мал амьтныг халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох биобэлдмэл үйлдвэрлэдэг биотехнологийн үндэсний ууган үйлдвэр.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 12-р хорооны нутаг дэвсгэрт 12.8 га газар бүхий 37 барилга байгууламжаас “Биокомбинат” бүрдэнэ. Одоогийн ашиглаж байгаа барилга, дэд бүтэц, инженерийн байгууламж нь 1973 онд Бүгд найрамдах Унгар улсын тусламжтайгаар баригдаж, шинэчлэгдэж байжээ. Цахилгаанаас бусдыг нь өөрсдийн эх үүсвэрээс хангадаг. Дулаан хангамж, технологийн уур, цэвэр ус олборлох, түгээх, бохир ус ариутган зайлуулах инженерийн байгууламж, агааржуулалт, хөргөлтийн иж бүрэн системийг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Үүний зэрэгцээ Сонгино тосгоны 6000 гаруй хүн амыг цэвэр усаар хангах үүрэг гүйцэтгэдэг байна.

Хан-Уул дүүрэг, 12-р хороо, Сонгино тосгон

Нийт 250 гаруй ажилтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн 3 алба, 16 цех, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж нэг жилд 50 сая орчим тун биобэлдмэл үйлдвэрлэдэг байна. Эдгээр бүтээгдэхүүн Засгийн газрын захиалгаар Монгол Улсын бүх аймаг, сум, багт хүрч малын эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, улмаар эрүүл монгол хүнийг хамгаалах чиглэлд ашиглагддаг аж.

507 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Улсын захиалгаар вакцин, оношлуур зэрэг биобэлдмэл үйлдвэрлэдэг тус үйлдвэр сүүлийн жилүүдэд жил дараалан ашигтай ажиллаж байгаа бөгөөд зөвхөн 2016 оны байдлаар авч үзвэл 5.8 тэрбум төгрөгийн орлого олж, 5.2 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, нийт 507 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 607.4 сая төгрөг төвлөрүүлж байна гэсэн мэдээллийг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын эдийн засагч Ж.Болор бидэнд өгсөн юм.

“Биокомбинат” ТӨААТҮГ-т үйлдвэрлэсэн биобэлдмэлүүд

Шүлхийгийн эсрэг вакциныг манай улс үйлдвэрлэдэггүй. Харин дотооддоо шаардлагатай бусад нэр төрлийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг Монгол Улс “Биокомбинат”-д үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100 хувь импорт орлох бүтээгдээхүүнээр ханган ажиллаж байна. Хэрэв манай улс эдгээр биобэлдмэлүүдийг импортоор авдаг байсан бол улсын төсөвт дарамт үүсч, эдийн засгийн хүндхэн байдалтай тулгарах юм. Энэ утгаараа эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэй болохыг үйлдвэрийнхэн тодотгож байлаа.

Ч.Баярмаа: Манайх буянтай, сайхан үйлдвэр

“Биокомбинат” ТӨААТҮГ-т нийт 250 гаруй ажилтан байдгийн 200 нь Хан-Уул дүүргийн 12-р хороо Сонгино тосгоны иргэд юм байна. Тус тосгоны иргэдийг 94 жилийн турш тасралтгүйгээр ажлын байраар хангаж байгаа энэхүү үйлдвэрийн биобэлдмэлчин Ч.Баярмаатай сурвалжлагын үеэр уулзсан юм. Тэрээр мөн л Сонгино тосгоны иргэн бөгөөд 20 жил үйлдвэртээ ажиллаж буй.

-Та энэ үйлдвэрт нэлээд удаан ажилласны хувьд үйлдвэрээ хэрхэн дүгнэдэг вэ?

-Өөрийнхөө ажлаар болон үйлдвэрээрээ бахархдаг. Үйлдвэрт орсон цагаасаа эхлээд л лабораторид ажиллаж байна. Энд ажилласнаараа амьдрал ахуйгаа авч явж байна. Манайх буянтай, их сайхан үйлдвэр. Сэтгэл өндөр байдаг.

-Ажиллах нөхцлийн хувьд ямархуу байна?

-Хүнд халуун нөхцөл гэж явдаг.

-Ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл бий юу?

-Орчин, нөхцөл, тоног төхөөрөмж гээд бүгд л тохирсон болохоор хүнд гэхээр юм гайгүй шүү. Өөрсдөө ажлаа мэддэг болчихсон, төлөвлөгөө нормын дагуу баг хамт олноороо ажилладаг болохоор бэрхшээлтэй, шантрах үе байдаггүй.

-Мэргэжлийн хувьд хөгжиж, боловсрох тал дээр та болон үйлдвэрийн удирдлагууд хэрхэн анхаардаг вэ?

-Бидэнд зориулж үйлдвэрээс гаргасан ном гарын авлагыг уншиж, шаардлагатай мэдлэгийг авдаг. Мөн биднийг сургалтанд хамруулдаг. Хөдөө аж ахуйн их сургууль дээр мэргэжил дээшлүүлэх сертификаттай сургалтуудад хамрагддаг. Зэргийн шалгалтууд авна гэх зэргээр бидний өсч дэвжих тал дээр анхаарч ажиллаж байна.

-Танай үйлдвэрийн ажилтнуудын цалин төдийлөн хангалттай биш юм байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Цалин өндөр биш гэж ярьдаг. Гэхдээ тухайн хүн авсан цалингаа хэрхэн зарцуулах вэ гэдэг нь чухал. Бага гээд чамлаад голоод байж болохгүй. Мэдээж байнга энэ чигээрээ байхгүй, юм өөрчлөгдөнө. Тэр хэрээр цалин мөнгө ахиж их сайхан болно гэж бодож байгаа шдээ. Ер нь бол ирээдүй гоё харагдаж байгаа.

2014 оноос хойш ажилчдын цалин хөлс шат дараатайгаар 30-40 орчим хувь нэмэгдсэн ч өнөөдрийн байдлаар тэд дунджаар 400-800 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Боловсон хүчнээс өндөр мэдлэг боловсрол, ур чадвар шаарддаг онцлогтой тус үйлдвэрт ийм бага цалинтайгаар ажиллах хүмүүс ер нь ховор. Харин одоо ажиллаж байгаа хүмүүс нь цалин мөнгө харахаас илүү сэтгэл зүрхээ зориулан ажилладаг нь бахархууштай хэмээн “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Инженер техникийн албаны дарга, ерөнхий инженер Ц.Буянтогтох хэлж байсан юм.

Эндээс нэг зүйлийг онцолж болохоор байна. Монгол Улс өөрсдөө вакцинаа хийж чаддаг, малынхаа эрүүл мэндийг хамгаалж чаддаг гэдгээ сүүлийн 100 орчим жилийн түүхэнд харуулж чадлаа. Энэ түүхэн үйлс мэдээж ажилчдын хүчээр л бүтээгдсэн. Одоо ч тэдний нуруун дээр л явж байгаа. Тиймээс үйлдвэрийн ажилтнуудын цалин хөлс зах зээлийн үнэ ханштай уялдсан байх хэрэгтэй. Энэ бол маш чухал асуудал. Тэгвэл хэрхэн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх вэ?

Вакцины үнийг чөлөөлж, инфляцитай уялдуулах шаардлагатай

“Биокомбинат” ТӨААТҮГ нь зөвхөн Засгийн газрын захиалгын дагуу биобэлдмэл үйлдвэрлэж, эргээд улсад нийлүүлдэг. Улс харин тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаж авдаг. Энэ үнээ улс өөрөө тогтоодог. Тухайлбал, хонийг цэцгээс сэргийлэх амьд вакцины нэг тун 51 төгрөг, бруцеллёзын эсрэг вакцины бог малын нэг тун 150 төгрөг байдаг юм байна. Тэгвэл БНХАУ-д үйлдвэрлэсэн мялзангаас сэргийлэх вакцин нэг тун нь 350 орчим төгрөгийн үнэтэй байх жишээний. “Манай улс Хятадаас ийм үнээр вакцин худалдан авах тохиолдол гарсан. Мөн өнгөрсөн онд ОХУ-аас 1.3 тэрбум орчим төгрөгөөр шаардлагагүй вакцин худалдан авсан. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ түлхүү дэмжмээр байна” гэж Үйлдвэрлэл, технологийн албаны дарга, ерөнхий эмч Ц.Өлзийтогтох хэлж байсан юм.

Манайд үйлдвэрлэсэн вакцин чанараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг

Ингээд ярихаар “Биокомбинат”-д үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн хэр чанартай вэ гэдэг чухал асуулт гарч ирнэ. Тэгвэл тус үйлдвэрийн вакцины чанар дэлхийд хүлээн зөвшөөрдөгддөг гэдгийг олон улсын хоёр ч лаборатори баталгаажуулжээ. Тодруулбал, 2016 онд Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэл бүхий Пан-Африкийн итгэмжлэгдсэн лабораторид хонины цэцгээс сэргийлэх амьд вакцины сорьцийг шинжлүүлэхэд олон улсын стандартын шаардлага хангаж байгааг тогтоожээ. Мөн дэлхийд тэргүүлэгч Английн Пирбрайтын лабораторит сорьц илгээн шинжлүүлэхэд өвөрмөц шинж чанараа хадгалж байгааг нь тогтоосон байна. Тэгэхээр Монгол Улс өөрсдөө дэлхийд хүлээн зөвшөөрдөгдөх чанар бүхий вакцин үйлдвэрлэж чадаж байна гэсэн үг.

Үндэсний үйлдвэрлэлээ үгүйсгэж болохгүй

“Мал эрүүл байх ёстой. Эрүүл мал гэдэг нь эрүүл хүнс гэсэн үг. Эрүүл хүнстэй байна гэдэг нийгмийн эрүүл мэндтэй холбоотой. Энэ болгоны гол зангилаа нь Монголын анхдагч, ганц, үндэсний үйлдвэрлэгч “Биокомбинат”-ын үйл ажиллагаан дээр тогтож байна” хэмээн тус үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн лабораторийн эрхлэгч Б.Энхбаатар тайлбарласан юм.

“Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагын энэ удаагийн дугаараар “Биокомбинат” ТӨААТҮГ-ын үйл ажиллагааг цаашид ашигтай байлгахын тулд тус үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулж байгаа үнийг чөлөөлж инфляцитай уялдуулах, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн Газар, Унгар  Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Биокомбинатын шинэчлэл” төслийн хүрээнд барилга байгууламж, тоног төхөөрөмж, технологийг шинэчлэхэд дорвитой хөрөнгө оруулалт хийж гаднаас авдаг зарим нэрийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг шинэ үйлдвэртэй болох гэсэн хоёр гол санааг онцлохыг зорьлоо. Ингэснээр мэдээж улсад ч “Биокомбинат”-д ч, энд ажиллаж буй 250 гаруй ажилтанд ч хэрэгтэй шүү дээ.

Мал, амьтны халдварт өвчний гаралт нэмэгдэх нь эдийн засаг, мал амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй тэдгээрийн гаралтай мах, сүү зэрэг бүтээгдэхүүнээр дамжин хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд аюул учруулах магадлалтай. Мөн ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эд болон мал амьтдын гаралтай бүтээгдэхүүний экспорт, олон улсын худалдаанд ч саад учруулж буйг харгалзан үзэх нь зүйтэй. Хэрэв үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж гадны орнуудаас мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, оношлогооны бэлдмэлүүдийг экспортоор авч эхэлбэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн хүндрэл учрахыг дахин онцлоё.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549