“Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ын түүхэн үүргийг умартах учиргүй

access_time 2017-04-26

Нийслэлчүүд бидний амин чухал хэрэглээ болсон цахилгаан болон дулааны эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг гүйцэтгэж байдаг дулааны цахилгаан станц /ДЦС/-ын тухай тэр дундаа “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-ийг “Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагын энэ дугаараар онцлох гэж байна.

Төвийн бүсэд ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Дарханы дулааны станц, Эрдэнэтийн дулааны станц үйл ажиллагаагаа явуулан, цахилгаан, дулаанаар нийслэлчүүд болон Дархан, Эрдэнэтийн ард иргэдийн ахуйн хэрэгцээг хангахын зэрэгцээ төвийн эрчим хүчний системийн 10 орчим аймаг, цаашлаад үндэсний хэмжээнд эрчим хүчний найдвартай байдлыг хангадаг гэдгээс харахад эдгээр станцын гүйцэтгэх үүрэг их, хүлээх хариуцлага өндөр юм. Тус станцуудын үйл ажиллагаа нэгдмэл, салгаж ойлгох аргагүй ч өөрсдийн гэсэн үйл ажиллагааны онцлог, түүхтэй байх ажээ.

Нэр: “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”

Статус: Төрийн өмчит хувьцаат компани

Төрийн эзэмшлийн хувь: 100

Байгуулагдсан он: 1961

Суурьлагдсан хүчин чадал: 24 мегаватт

Удирдлага: Гүйцэтгэх захирал С.Бямбаахүү

Үйл ажиллагааны чиглэл: Цахилгаан дулаан үйлдвэрлэн, борлуулах

Ажилчдын тоо: 297

2016 оны цэвэр ашиг: 470 сая төгрөг

Байршил: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 20-р хороо

 

Бидний энэ сурвалжлагаараа онцолж буй “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн тухайд 1961 оны 12-р сарын 26-ны өдрийн 19 цаг 20 минутад анхны цахилгаан гүйдлийг Толгойтын мах комбинат, тоосгон заводод өгч гал голомтоо бадрааж байжээ. Энэхүү түүхээс үзвэл тус станц Монгол Улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэр болж, тухайн цаг үедээ нийслэлчүүдийг цахилгаан дулааны эрчим хүчээр хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байсан байна. Тиймээс бид өдгөө тус станцын түүхэн үүрэг, ач холбогдлыг нь умартаж болохгүй санагдах юм.

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар “Таван шар”-ын урд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК 24.7 га талбай газар эзэмшиж байрладаг. Тус станц нь нэг жилд 154.5 сая киловатт цаг /кВт.ц/ цахилгаан эрчим хүч, 184.8 мянган гКал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Толгойт, 21-р хороолол, ханын материал, гурилын үйлдвэр, махкомбинат, Найрамдал ОУ-ын пионерийн зуслан, Орбит чиглэлд түгээдэг юм байна. 1960-1975 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дулаан хангамжийн  ачааллын зонхилох хувийг өөртөө хүлээж ажиллаж байсан бол өнөөдөр үйлдвэрлэн борлуулж буй цахилгаан дулааны эрчим хүч нь төвийн эрчим хүчний системийн 3 хувь, дулааны 2.8 хувийг эзэлж байна.

Дээрх хоёр тоог харахад “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэж байгаа үүрэг төдийлөн их биш байгаа ч цаашдаа Улаанбаатар хотын баруун, баруун хойд хэсгийн дулааны эх үүсвэр болох шаардлага байгааг онцлох нь зүйтэй.

2016 онд түүхэн амжилт тогтоожээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хойш нийт 7 орчим тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийснээр станцын суурилагдсан хүчин чадал нэмэгдэж найдвартай ажиллагааны түвшин сайжирчээ. Үүний үр дүнд 2016 онд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК 56 жилийн түүхэндээ хамгийн их хэмжээний цахилгаан дулааны эрчим хүч /132.8 сая кВт/ц, 184.8 мянган Гкал/ үйлдвэрлэн борлуулсан амжилт гаргажээ. Үүнийг дагаад 19.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 470 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Багануурын уурхайд 2000 оноос үүсээд байсан хуримтлагдсан өрийг тэглэсэн байна. 2012 онд 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан энэ станц өнгөрсөн онд алдагдлаа бүрэн нөхөж улмаар ашигтай ажилласан нь нэг талдаа техник технологийн шинэчлэл хийсэнтэй салшгүй холбоотой юм. Нөгөөтэйгүүр Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифын таатай бодлогыг хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ.

Станцыг өргөтгөж 250 Мегаватт хүчин чадалтай болгох боломжтой

Тэгэхээр цаашид “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн одоо эзэмшиж байгаа газар, дэд бүтцэд түшиглэн томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, өргөтгөх юм бол өнөөгийн суурилагдсан хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохоор харьяа яам болон холбогдох талуудад танилцуулж ажиллаж байгаа ч төдийлөн сайн урагшлахгүй байгаа юм байна.

Манай улс “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барьж байгуулна хэмээн олон жил ярьлаа. Станц барина гэж ярьж эхэлсэн цагаас хөрөнгө мөнгө зарцуулсан нь тодорхой. Төрийн зүгээс “хэмнэлт гаргах бодлогыг дэмжинэ” гэдэг. Тэгвэл шинээр станц барина гэж олон жил ярьж ямар ч үр ашиггүй хөрөнгө мөнгө зарцуулж байхаар газар, дэд бүтэц, мэргэжилтэй боловсон хүчний хангалттай нөөц гээд бүх юм нь бэлэн “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг түшиглэн өргөтгөх, цаашлаад шинэ станц барьж хүчин чадлыг нь нэмэгдүүлээд явах “оновчтой шийдэл” харагдаад л байна.

Б.Мягмаржав: 2020 он гэхэд 250 Мегаваттын станцтай

болох мөрөөдөл бидэнд байна

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Мягмаржавын ийнхүү өгүүлж байгаа нь тус станцын хамт олон цаашид энэ том зорилтыг хэрэгжүүлэх итгэл төгс байгааг илэрхийлж байна. Тэрээр “Манай станц 56 жилийн насжилттай болсон учраас цаашид зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай. Станцыг 200-250 Мегаватт болгож өргөтгөх саналыг яаманд тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, төсвийн алдагдалтай байгаа учраас төсөл төдийлөн сайн явж өгөхгүй байна. Гэсэн хэдий ч улс орон дандаа ийм байдалтай байхгүй. Хөгжиж дэвжинэ. Тэр хэрээр цахилгаан дулааны хэрэглээ өснө. 2020 он гэхэд 250 Мегаваттын станцын барилга угсралтын ажлаа эхэлчих мөрөөдөл бидэнд байна. Орчин үед станцыг блок блокоор барьдаг дэвшилтэт технологи бий болсон. Эхний ээлжинд нэг блокыг барьж ашиглалтад оруулчихаад дараа нь энэ насжилт нь хэтэрсэн станцын барилга байгууламжаа буулгаад өөр блок барих замаар явна гэж тооцоолж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний чадал нэмэгдэнэ. ДЦС-3, ДЦС-4 гээд манай бусад станцууд ч насжилт явагдаж өвгөрч байгаа учраас шинэчлэлтүүд зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаас Улаанбаатар хотын цахилгаан дулааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэх учраас үүнийг бид наад тал нь 5 жилийн өмнөөс харж, бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

300 орчим ажилтныг тогтмол ажлын байраар хангаж байна

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК нийт 297 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байна. Нийт ажиллагсдын 30 хувь нь  эмэгтэй, 70 хувь нь эрэгтэй ажилчдаас бүрддэг бөгөөд 93 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой юм байна. Тус компанийн нийт зардлын 33 хувийг ажилчдын цалин хөлс эзэлдэг. Үүнээс гадна өнгөрсөн онд ажиллагсдын нийгмийн зардалд 527.4 сая төгрөг зарцуулжээ.

“Найдвартай эрчим хүч, Шинэ технологи, Өөдрөг амьрал” гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавьж, хэрэглэгчдээ дээдэлсэн бүтээлч хамт олны талаар энэ удаагийн “Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагаараа танилцуулсандаа баяртай байна.

Улс орны цахилгаан дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн бүтээн байгуулалтыг хийхэд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д  төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм гэсэн санаа сурвалжлагын явцад төрж байлаа. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тус станцын цаашдын ирээдүй бүтээн байгуулалтаар дүүрэн, өргөжин тэлж, халуун дулаан илч гэрлээ түгээсэн гавъяагаа өргөжүүлэн авч явах нь дамжиггүй биз ээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549