Дэлхийн ШИЛДЭГ 100 сургуульд 110 хувийн ТЭТГЭЛЭГЭЭР элсэн суралцах боломж

2018-01-17 Зөвлөгөө 0

 

Өдөр бүр өөрийн Англи хэлний чадвараа сайжруулахаар чармайн зүтгэж буй бүх хүмүүс үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрладаг Nyamdorj / Cambridge CELTA, DELTA English Teacher & Lecturer зөвлөгөөг онцлон хүргэж байна.

2009 оноос хойш гадны их, дээд сургуулиудад сурах Монгол залуучуудын тоо эрс нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад дэлхийн шилдэг гэсэн тодотголтой Харвард, Кембридж, Оксфорд, Эм Ай Ти гэх зэрэг их сургуулиудуудад сурах хүсэл тэмүүлэлтэй залуус их болсон. Эдгээр сургуулиудад амжилттай өргөдөл гаргасан, мөн татгалзсан хариу авсан нэлээдгүй залуучууд бий. Одоо ч гэсэн Шилдэг 100-д суралцан үлгэр дуурайлал болж буй олон залуус байна.

Тиймээс “Тусгай хүмүүс” л сурдаг байх гэсэн хязгаарлагдмал бодлоо хаяад зоригтойгоор хөдлөн өөрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаасай гэсэн үүднээс тус сургуулиуд руу өргөдөл гаргахад анхаарууштай хэдэн зүйлийг жагсаан бичихийг зорилоо.

НЭГ. ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

Юуны түрүүнд дараах хоёр ойлголтыг энгийнээр тайлбарлахыг хичээе.

А. Өргөдөл (Application)-д таны сурлагын үзүүлэлт буюу дүн, хичээлээс гадуурх нийгмийн оролцоо, уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтууд, хэлний оноо гэх мэт зүйлс бичигддэг. Энэ нь нийгмийн талаас дүгнэсэн үзүүлэлтүүд юм.

Б. Эссе (Essay)-ний хувьд ТА яагаад манай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтэй байна? Шалтгаан нь юу вэ? Мөн яагаад бид таныг сонгох хэрэгтэй вэ? гэдэг асуултуудад хариулт өгөх хэрэгтэй болдог. Нэг ёсондоо хэн бэ? гэдгийг тань хувь хүн талаас дүгнэж байгаа юм.

Тэгэхээр Өргөдөл нь ерөнхийдөө өнгөрснөөс одоог хүртэл Хийж бүтээсэн зүйлсийг тань илтгэж байгаа бол, Эссе нь Энэ хүн сурахад бэлэн байна уу? гэдгээрээ ялгаатай.

Гол асуудал нь юу вэ гэхээр?

Таны эссе, өргөдөл хоёр хоорондоо зөрчилдөж буйд байна.
Тухайлбал: Кембриджийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцах нь миний хүүхэд байхын мөрөөдөл байлаа.

…Харвард бол миний мөрөөдлийн сургууль.
…Залуудаа аав маань MIT-д инжерийн чиглэлээр сурахыг маш их хүсдэг байсан учраас би өргөдөл гаргахаар шийдсэн гэх мэт.

Эдгээр санааг сайн зураглал байдлаар өөрийн эссен дээрээ гаргаж ирээд бичсэн байлаа гэж бодье.
Тухайн тэтгэлэгт хөтөлбөр дээр ажиллаж буй элсэлтийн хорооны хүмүүс таны эссег үнэлээд бичсэн ‘Өргөдөл’-ийг тань үзтэл мөрөөдөлдөө таарсан хичээл зүтгэлийг бодит амьдрал дээр гаргаагүй байвал тэр нь хамгийн урам хугалмаар зүйл байдаг. Энэ өргөдөл гаргагч тийм л багаасаа Харвардад сурахыг хүсдэг байсан бол яагаад үүндээ таарсан үйлдлийг амьдралдаа хийсэнгүй вэ? гэх мэт логик асуултууд тавигдаж эхлэх болно.

Энэ сул талыг хэрхэн шийдэж, тэтгэлэг авах боломжийг нэмэгдүүлэх тал дээр өгөх зөвлөгөөг хүргэе.
Энэ бол бидний сайн мэдэх шилдэг их дээд сургуулиудын хичээлийг онлайнаар үнэгүй суралцан сертификат авах боломжтой дэлхийд танигдсан боловсролын флатформууд болох:
1. https://www.coursera.org
(Энэ сайтнаас дэлхийн шилдэг их дээд сургуулиудын хичээлүүдийг тухайн орчинд нь суралцаж буй мэт боломжийг олгоно)
2. https://www.edx.org/
(Дэлхийн шилдэг их сургуулиудын санал болгосон олон төрлийн хичээлээс сонгон суралцаж албан ёсны сертификат авах боломжтой сайт юм.) гэх мэт сайтууд юм.

Манай олон залуучууд эдгээр сайтуудыг мэддэг ч үнэндээ суралцаж сертифкат авдаг нь маш ховор! Эдгээр сайтуудыг бүрэн дүүрэн ашигласнаар бидэнд ямар их боломж нээгдэж байдгийг санах хэрэгтэй.

Жишээ нь:
(Манай улсад энэ чиглэлийн салбар өмнөх үеэ бодвол хөгжиж байгаа боловч эдгээр зүйлүүд дээр энэ талын мэргэжлийн хүн дутагдалтай байдаг. Үүний нэгэн жишээ нь: 2005 онд миний амьдралд нэгэн таагүй үйл явдал тохиолдсон билээ. Тухайн үед аав маань өөрийн 10-аад жилийн турш хүний газар ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө дөнгөж өөрийн хувийн бизнесийг эхлүүлээд удаагүй байлаа.., гэвч тэр үеийн төрийн алдаатай бодлогоос болж аав минь олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан бизнесээ зогсоохоос өөр аргагүй болсон юм.., миний хувьд тухайн байдлыг хараад маш том ухаарал авч байсан учраас…..энэ асуудлын талаар өөрийн хэмжээнд мэдлэгтэй болох зорилт тавьсан юм. Тэгээд би санхүүгийн үндэс гэдэг хичээлийг судлахаар боллоо.Үүнээс хойш 5 сарын дараа энэ хичээлийн дагуу өөрийн мөрөөдлийн сургууль болох Харвардын их сургуулийн хичээлийг онлайн үзэх боломжтойг мэдсэн билээ…) гэсэн хэсэг, таны эссенд бичигдсэн байлаа гэж бодоход таны бичсэн зүйлүүд цаанаасаа “ухаалаг ба амьтай болох” юм.

Онлайн сургалтанд хамрагдсанаар:
1. Энэ хүн өөрийн мөрөөдөлдөө бодитой ханддаг юм байна. (Багын минь туйлын мөрөөдөл гэж эссендээ дурьдсан хэрнээ энэ тал дээр ямарваа нэгэн хичээл зүтгэл гаргаагүй бол энэ нь тэр хүний багын мөрөөдөл байсан уу гэдэгт эргэлзээтэй болж ирнэ.)
2. Таны сурах чадвар, мөн өөрийн хэмжээнд хэр төлөвшсөн байна вэ гэдгийг харуулах болно.
Тиймээс одооноос үнэгүй мэдлэг олгох сайт гэсэн болгоныг “ШЕЙР” хийхээ болиод мөн “ӨӨ МЭДНЭ ЭЭ МЭДНЭ” гэхээ яг одооноос зогсоогоод тэдгээр сайтаас бодитоор сургалт авч суралц! Одоо бүгдээрээ жаахан ч гэсэн юм хийж эхэлцгээе, хэн нэгний намтар түүх, амжилт дээр анхаарлаа хандуулдаг цагаа багасгаад ИРЭЭДҮЙН БИ гэдэг дээр тулж ажиллая.

ХОЁР. ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ТЭНЦСЭН ЭССЕ ГЭДЭГ НЬ

Таны эссе эдгээр сургуулиудын тэтгэлэгийг хүртэхэд 50%-ийн нөлөөг үзүүлдэг.
Бидний тэтгэлэгийн эссе бичихэд гаргадаг алдаа бол шууд л “өөрийгөө аль хэдийн олчихсон” мэтээр бичих гээд байдаг. Өөрийгөө олох гэдэг нь агуулгаараа бичигддэг бол тун сайн. Гэтэл 16-30 насны хоорондын хүмүүс нэг л их өөрийгөө олчлоо гэх мэтийн зүйлүүд бичих нь бас нэг талаараа нийтлэг хэв маягийг дагасан хэлбэр байдлаар ойлгогддог.
“ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЖ” чадах хэн нэгний эссе тэнцэх магадлал өндөр байдаг ба тэр нь эргээд чиний ирээдүйд болон манай сургуульд хэр өгөөжтэй байж чадах вэ? Улс эх орондоо мөн дэлхий нийтэд хэр тус хүргэж чадах вэ? гэх мэт тэтгэлэгийн гол мөн чанарыг хангаж өгдөг байна.

Нэмж хэлэхэд амьдралд тохиолдож байсан сургамж, үйл явдлыг эссендээ оруулах нь эссений бүтцийг хэт төвөгтэй болгохоос зайлсхийх тул иймэрхүү байдлаар бичигдсэн эссе нь хүнд хүрч чаддаг. Нөгөө талаар таныг жижиг зүйлсээс ч гэсэн сургамж авч түүнийгээ хэрэгжүүлэн алдаанаас суралцдаг гэдэг санаа бөгөөд үүгээр давхар таны хандлага тодорхойлогдож байдаг.

Гэвч тэтгэлэгийн эссе нь IBT TOEFL/IELTS зэрэг шалгалтын эссенүүд шиг ийм бүтцээр бичдэг гэх мэт зааварчилгаа байхгүй тул та бүхэн өөрөө өөрсдийнхөө “дотоод эссений номон” дээр ажиллах хэрэгтэй болдог.

ГУРАВ. ДЭЛХИЙН ХҮНИЙ СУУРЬ

Дэлхийн шилдэг их сургуулиудад сурсан хүн Дэлхийн хэмжээний л хүн байна. Үүний үндсэн суурь нь яах аргагүй өөрийн орны түүхийг мэдэх юм.

Шилдэг их сургуулиудад аль болох олон орны, өөр өөр сэтгэхүйтэй оюутнуудыг элсэн суралцуулах хүсэлтэй байдаг. Тиймдээ ч өөрийн “Үндэстэн”-ий ба эх орныхоо онцлогийг сайн харуулсан эссе бусад эссег бодвол хамаагүй “БИЕ САЙТАЙ, СУУРЬ САЙТАЙ” уншигдах болно. Ер нь түүх, соёл уламжлалаа мэддэг хүний гараар бичигдсэн зүйл тэс өөр түвшний байдаг. Бидний гол алдаануудын нэг бол өөрийн орны сэтгэхүйн онцлог, нэг тийм “СҮНСЛЭГ” байдлыг нь гээгээд байдагт оршдог. Энэ нь өөрөө тухайн их сургуулиудын бодлоготой зөрчилддөг. Жишээ нь: Харвардын сургууль руу Европ, Азийн орнуудаас хангалттай элсэн суралцах өргөдөл ирж байгаа. Үүний дотроос Монгол сэтгэхүй үнэртсэн гарцаагүй “сонирхол татсан” эссе бичигдсэн байвал дамжиггүй мянга, мянган эссенээс онцгойрох юм. Бид бас ч гэж 3 саяулаа учраас Хятад Солонгосуудыг бодвол харьцангуй цөөн тоогоор эдгээр сургуулиуд руу өргөдөл илгээдэг. Тэгэхээр үүнийг дагаад өрсөлдөөн бага байх буюу боломж ч нэлээдгүй өндөр байна.

Энэ сул талыг хэрхэн нааштайгаар эргүүлэх вэ?

Миний зүгээс зөвлөхөд Монголын түүх 1-ээс 5 хүртэлх ботийг заавал уншихыг санал болгож байна. Яахав бид түүхээ мэдэхгүй амьдраад байж болно л доо. Гэхдээ утга учиртай амьдрал, үнэ цэнэтэй амжилтанд хүрэхийг хүсдэг л бол мэдэх шаардлагатай юм. Мөн дээрээс нь “Манан будан”, “Зүрхний хилэн” гэх мэт түүхэн уран зохиолын номыг уншаасай гэж хүсмээр байна. Япон, Солонгост иймэрхүү хэмжээний бүтээл туурвил гарсан бол тухайн орны бараг бүх залуучууд нь 2-оос 10 удаа бүрэн уншсан байна байх. Яах аргагүй гайхалтай бүтээлүүд шүү дээ…
Эцэст нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн орох хамгийн анхны даваа IELTS/IBT TOEFL шалгалтын оноо байдаг шиг “Эх орныхоо түүхийг мэдэх” гэдэг нь яг үүнтэй адил зайлшгүй чухал юм.

Таниас хамаагүй илүү IELTS/TOEFL шалгалтны өндөр оноотой, нийгмийн идэвхитэй, сурлага сайн хэн нэгэн мэдээж эдгээр сургуулиуд руу элсэн суралцахаар өргөдөл гаргаж л байгаа харин Та ялгарах л хэрэгтэй…

Эх сурвалж: Photo credit: @Batsumber. Jn
Post credit to: @Alex (Nyamdorj. A)

(Та бүхэн IELTS/IBT TOEFL зэрэг шалгалтуудад бэлдэж байгаа бол мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэ группд нэгдээрэй!

https://www.facebook.com/groups/worldspeaksenglish/about/

“Never give up on your dream. Always brush up on your own inspiration”- Alex

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...