“Борвин дахь баасаа арилга”, У.Хүрэлсүх ээ!

2018-01-18 Нийтлэл 0

 

Засгийн газрын 100 хоногтойгоо золгож байна. Яаж тоолсныг бүү мэд, яг одоо ид үргэлжилж байгаа юм билээ. Монголын улс төрд У.Хүрэлсүхийн “цаг тоолол” айхавтар гоц гойд скандал авчраагүй ч зориг уриагаар дүүрэн, ажлын тайлангаас нь анзаарвал шударгаар хэлэхэд олон ажлыг үргэлжлүүлэн хийсэн Засгийн газар гэж тодорхойлж болох юм.

Өмнөх улстөрчдийн огт хэлээгүй үг, оролдожүзээгүй ажлыг “олоход” амаргүй л дээ. Бүгд л “энэ л зөв шийдэл”, “ийм тулгамдсан асуудлыг л би шийднэ” гэсэн амлалт, зорилготойгоор гараанаас гарсан. Өөлбөл “өрөн дээр орхисон” л гэхээс шалтаг хэлэхэд бэрх эдийн засгийн тийм ч хүнд биш өгөгдөл дунд ажиллаж байна. Алт, зэсийн ханш боломжийн өсөлттэй, инфляци нам дор түвшинд гээд айхавтар аюул хол байлаа. Өдөр тутам мэдээлж байгаа цаг үеийн мэдээллээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт тулгарч буй утааны гамшгийн асуудал, хэвтээ жагсаал, шатахууны ханшийн өсөлт, нүүрсний импортын бойкот зэрэг бол нэг өдөр шийдэх ажил биш. Тэд ажилласаар байгаа, өөрчлөлт харагдах болоогүй. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулгараад байгаа “зовлон” нь олигархиудын эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргах эсэх асуудал болоод байна.

Жишээ нь шатахууны үнийн асуудал. Үүнээс алдагдал хүлээсээр ирсэн шатахуун импортлогчдын үнэ нэмэх асуудлыг эрс эсэргүүцээгүйгээсээ болж битүүхэн дэмжсэн, хөөрөгдсөн хэмээн гөрдөгдөөд байгааг анзаарсан байх. Удтал хүчээр барьсан захиргаадалтын арга зах зээлд зохицохгүй байгааг сануулж тэсрэх нь гэдгийг тэрбээр гадарлаж байсан. Гэвч төрийн нэрийн өмнөөс тэдэнд буулт хийж дуулдаад байгаа шиг хоёр тэрбумын өртгөөр өмнөх алдааг засах эрх мэдэл, сонирхол бас түүнд үгүй.

Дараагийн жишээ. Хонконгийн хөрөнгийн бирж дээр анх удаа Монголын компани IPO хийхээр бүртгүүлсэн нь “Энержи ресурс”-ийн “ММС” компани. Эднийхийг анхны арилжаагаа хийхээсхоёрхон хоногийн өмнө Хонконгийн бирж дээр “Винсвэй” мэндэлсэн нь тохиолдлынх гэхэд дэндүү хардмаар. Монголын нүүрсээр асар өндөр ашиг хуримтлуулсан эзэн нь“Форбес”-ын тэрбумтны листэд жаалж байсны хариу болгож өнөөдөр Монголын нүүрсийг хил дээр “Винстрак”-ээр хааж бойкот хийж байх жишээтэй. Тэдний ард мөн л он удаан жилийн бизнесийн зөрчил, Монголын төр өөрсдөд нь найр тавих ёстой гэсэн муу зуршил нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээс болж “шоконд” ороод байгааг дээрх бойкотоос харж болох ч энэ нь улс төрийн зөрчил рүү хөтлөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газарт хуулийн талаас хамгийн “том” зөвлөх бөгөөд улстөржиж улайрч байсан шийдвэрээ гаргуулж төрийн мэдэлд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь шилжлээ гэсэн авч үүний цаана ямар хэмжээний “ял” өр хоёр хүлээж буйг таашгүй. Оюутолгойн талаар салбарын сайдаасаа зөрүүтэй мэдээлэл хийдэг нэг дэд сайд анхаарал татаад эхэлсэн. Үнэхээр Оюутолгойгоос арчаагүйдээ ашиг бага хүртээд байна уу, дэд сайд хувийн гомдлоо төрийн сайдын суудлаас “улс төр хийж” тайлаад байгаа алдаа гарав уу гэдгийн аль аль нь ноцтой асуудал. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын авлигад холбогдсон эсэх тухай асуудал ямартай ч ажлаас чөлөөлөх шийдвэрт хүргээд байгаа. Зарим яамны төрийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлсөн, мөн сард 8-18 сая төгрөгийн цалинтай гэх Төрийн банкны захирлуудын тоог 50 хувиар бууруулах зэргээр өөртөө болон Засгийн газартаа “гал дуудсан” олон шийдвэртэй алхмыг хийсэн нь У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн зангарагийг харууллаа.

Өнөөдөр У.Хүрэлсүх ардаа ард түмнээс өөр хэн ч үгүй болохоо харуулахын тулд эрсдэл дундуур туучиж яваа. Гэтэл “ар түмэн” нь л шатахууны үнэ, татварын өөрчлөлт нэмэгдлээс болж тамир нь тасарч байгаа нь шоглоом гэлтэй. Уг нь ийм үед хөрөнгөтнөөс нь татвар авч ядуусаа тэжээх аргыг л заалгаж өссөн ч өөрөө өнөөгийн нийгмийн идэвхтэй иргэнийхээ хувьд их хөдөлмөрлөснийх нь төлөө “шийтгээд” байхыг шударга бус гэж үздэг нь анзаарагддаг. Зүйрлэвэл, У.Хүрэлсүхийг хэн нэгэн түшиж тулаад, хайрлаж хамгаалаад МАН-ын дарга, Ерөнхий сайд болгоогүй шиг бизнест тухайн байгууллага ямар нэг хамгаалалтгүйгээр, “ар талгүйгээр” шударгаар өрсөлдөж ноёрхлоо тогтоодог, тендер, концесс авдаг байх ёстой гэж үздэг аж. Ингэж боддог хүнд ингэж боддоггүй хүмүүс том саад болдог. Энэ л шалтгаанаар Ерөнхий сайд өөртөө “өстөн” бэлдсээр байна.

У.Хүрэлсүх “дарга нарыг” халсаар байна. Бүү ай. “Борвинд наалдсан баас”-аа арилгахаас юундаа айдаг юм бэ. Өмнөх Засгийн газрын, тухайн үеийн МАН-ынхны “найрал дуучид”-тай өнөөдөр “өнгө нийлэх” нь ч бий, нийлэхгүй нь ч түүнээс цөөнгүй. Гар нийлэхгүй хүнтэй нэг өдөр ажиллахад ч саадтай, хохиролтой. Эцсийн бүлэгт энэ бол У.Хүрэлсүхийн компани биш боловч түүхэнд У.Хүрэлсүхийн Засгийн газар л гэж бичигдэж үлдэнэ. Хэдийгээр анх Ерөнхий сайдын албыг авахдаа халаа сэлгээнд хашин хандана гэсэн удаа бий ч “борвин дахь”-ууд энэ Засгийн газрын нэр хүндийг унагаж, хагалан бутаргаж, өнгө зүсийг гундаагаад байвал олон түмний эрх ашгийн төлөө “баасаа арилгах” нь харин ч зөв харагдана. Яг үнэндээ одоогоор Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар Х.Хэрлэнг томилох чинь л хошин санагдсан болохоос бусад шийдвэрийг зөв зүйтэй болсон гэж харж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “хөшигний цаана” ямархан бэрхшээл давсныг таашгүй. Жон Кеннеди “Бидний ажил 100 байтугай 1000 хоногийн дараа ч дуусахгүй. Зүгээр л ажиллаад эхэлье” гэсэн байдаг. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын хувьд өөр. Өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газар ямар хугацаанд юу хийж амжуулахын тулд “зүгээр л ажиллаад эхлэх” биш зөв ажиллах, олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй болоод байгаагаараа түүхийн төдийгүй улс төрийн нөхцөлийн хувьд дэндүү ялгаатай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын 100 дахь өдөр”-ийг давхцуулан нийслэлийн зарим дүүргийн иргэдтэй чөлөөт уулзалт хийж бодит байдлыг “өнгө будаггүйгээр” харахыг, сонсохыг хүссэн нь сонирхол татаж байна. Тэгэхээр “зөв өнгийн” шийдвэр тэндээс гарч мэдэхээр байгаа биз. Магадгүй Ерөнхийлөгч ч гэсэн 200-аад хоног ажиллахдаа хоёр Засгийн газрын нүүр үзээд байгаагийн хувьд УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллахдаа шүүмжлэлтэй хандаж буй нь анзаарагдаад байх болсон. “Тарааж чадахгүй” хэрнээ “тараах санаачилгыг дэмжинэ” гэсэн нь ч ийм учиртай биз.

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног сонирхолтой, завгүй, зоригтой өдрүүдийг түүхэнд бичиж үлдээлээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Үндэсний брэнд “ХУЛАН21” гэж юу вэ?

Техникийн эрин хувьсан өөрчлөгдөж тэр ч цаг хугацаагаараа хөгжил дэвшил нь бараг эцэстээ тулсан гээд

2021-01-18

“Өөрийн юманд” ёозгүй, “өрнөдийн юманд” нугасгүй гэгчээр…

Олон улсын даяаршил эрчимтэй өрнөх 21-р зууны эхний хорин дуусаж өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийдэг цаг

2021-01-18

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын в

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...