П.Алтангэрэл: Монгол-Солонгос эм нарын холбооноос тодорхойлттой иргэдийн виз асуудалгүй хурдан гарна…

2018-01-22 Зөвлөгөө 0

 

Гэр бүл, эмэгтэйчүүд, үргүйдлийн “Амин маргад” эмнэлгийн захирал, Клиникийн профессор, ЭХТА, их эмч П.Алтангэрэл. Энэ удаа бид П.Алтангэрэл эмчийн тэргүүлэн ажиллаж буй Монгол-Солонгос эмч нарын холбооны үйл ажиллагаа, зорилгын талаар ярилцлаа.

-Монгол Солонгосын эмч нарын холбооны зорилго чиглэлийн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол-Солонгос эмч нарын холбоо өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан. Бидний гол зорилго Монголд эмчлэгдэхгүй байгаа хүнд өвчнөөр өвдсөн иргэдийг эрүүл мэндийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн Солонгос улсад эмчлүүлэхэд туслахад оршино. ЭМЯ-наас монголд эмчлэгдэх боломжгүй 39 нэр төрлийн өвчний жагсаалт бий. Энд бүртгэгдээгүй өвчин ч бас байна. Үүнээс гадна монгол эмч нараа чадавхижуулах сургалт семинарт явуулах туршлага судлах, хоёр орны эмч нарын харилцааг сайжруулах, Солонгосын эмч нарыг урьж сургалт, үзлэг, хамтарсан мэс засал хийх, хамтын сайн дурын нийгэмд хандсан буяны үйлс зохион байгуулах зэргээр ашгийн бус олон төрлийн үйл ажиллагаа явуулах зорилго зорилт тавин ажиллаж байна. Мэдээж энэ бүхний цаана Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд тус нэмэр оруулах эрхэм чин зорилго бий. Одоо бол хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл лицензээ аваад шаардлагатай газруудтай гэрээгээ байгуулаад, багаа бүрдүүлсэн бөгөөд өвчтөнүүдээ авч эхэлж байна.

-Иргэд Монгол-Солонгосын эмч нарын холбоогоор дамжин Солонгос улсад эмчлүүлэхийн давуу тал?

– Энэ үйл ажиллагааг эхлүүлэхэд нэг зүйл ажиглагдаж байсан. Ямар ч улс орон аль ч салбарынхаа гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг тогтоож барьж үлдэх бодлогын тухай асуудал. Гэхдээ яалт ч үгүй өвдөж зовсон хүмүүст бид туслан дэмжиж цаг алдахгүй явуулахаас өөр аргагүй. Хамгийн гол нь Монгол эмчлэгдэх боломжгүй өвчнүүд шүү дээ. Үүнд мэдрэл, зүрх судасны хүнд өвчлөлүүд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах өвчлөл тэргүүлдэг. Иргэд манай холбоонд хандахын ашиг тус нь мэргэжлийн эмч нарын баг Солонгосын улсын ЭСЯ, Солонгос улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци буюу KTO, Солонгосын чанар нэр хүнд бүхий албан ёсны гэрээтэй эмнэлгүүд гээд мэргэжлийн олон талын оролцоотой газраас баталгаатай үйлчилгээ авах юм. Зөв эмнэлэг, эмчид хандуулна, зөв мэдээлэл өгнө, эргээд ирэхэд нь хяналт тавина цаад газартай нь холбогдоно. Холбооны эмч нарт ЭСЯ-наас албан ёсны эрх бүхий сертификат олгож байгаа. Тэгэхээр Монгол-Солонгос эм нарын холбооноос тодорхойлттой иргэдийн виз асуудалгүй хурдан гарна.

-Манайхан Солонгос улс руу эмчилгээнд маш олноороо явдаг. Гэвч өдий хүртэл албан ёсны зуучлах эрхтэй байгууллага байхгүй байжээ…?

-Яг үнэндээ Монгол-Солонгосын эмч нарын холбоо хэрэгцээ шаардлагаар үүссэн л дээ. KTO корпарици нь дэлхийн олон оронд аялал жуулчлалыг дэмжин ажилладаг бөгөөд Монголоос эмнэлгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулсан. Тэгээд КТО болон Солонгосын ЭСЯ-наас бидэнд эрүүл мэндийн чиглэлээр явж буй иргэдийн урсгалыг хянахад мэргэжлийн багийн туслалцаа хамтын ажиллагаа шаардлага учир мэргэжлийн эмч нарын баг ажилуулаач гэсэн санал тавьсан. Талууд бол өөр өөрийн хүлээсэн үүрэг, дүрэм журамтай. КТО-гийн зүгээс л гэхэд виз болон эмчилгээ үйлчилгээний үнэ тарифт хөнгөлөлт үзүүлнэ. Бид үнэн зөв оношилж баталгаа гаргана гэх мэт.

-Иргэд маань танайхаар зуучлуулахад мөнгө төлөх үү?

-Холбооны зүгээс иргэдээс ямар нэг хураамж, шимтгэл юу ч авахгүй. Учир нь энэ бол ашгийн бус нийтэд үйлчлэх ТББ. Гадуур иргэд маань янз бүрийн газраар орж дамжиж явж байна. Гэтэл эргээд аль аль талдаа сөрөг зүйлс байна. Манай талаас гэхэд өвчтөн өөртөө тохирсон үйлчилгээг олж авч чадахгүй байх, авлаа гэхэд эргээд хянуулах харилцах боломжгүй, нөгөө талаас эрүүл мэндийн аялал жуулчлалаар гарсан иргэд харлаж үлдэх зэрэг асуудлууд байна. Тэгэхээр Монгол Солонгос эмч нарын холбоогоор зуучлагдаад явбал иргэд эмчилгээний бүхий асуудлаа цогцоор нь шийдүүлэх боломжтой болно. Бид одоогийн байдлаар Улсан хотын Улсан их сургуулийн эмнэлэг, Сөүлийн Асан их эмнэлэг, Солонгосын U медикал тур компанитай хамтран ажиллаад эхэллээ. U медикал тур бол Улсан хотод төвтэй эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд бидэнд бичиг баримт зуучлэх үйл ажлыг үнэ төлбөргүй хийж өгөх юм. Солонгос улсын өөр өөр хотуудын эмнэлгээс хамтран ажиллах өвчтөн хүлээж авах саналууд ирж байна. Үүнд бол бид мэдээж судалгаатай хандаж байгаа. Цаашид Өмнөд Солонгос улсын бүх хотын нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй хамтран ажиллах боломжтой.

-Асан бол маш том эмнэлэг. Манай томчууд их зорьдог доо?

– Тийм ээ. Сөүлийн Асан эмнэлэг хавдар эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр маш сайн үйлчилгээтэй алдартай эмнэлэг. Энэ эмнэлгийг үндэслэгч нь алдарт Хьюндай корпорацийн эзэн бөгөөд өөрийн төрсөн нутгийнхаа нэрээр нэрлэсэн юм байна. Солонгосын аж үйлдвэрийн зүрх хот гэгддэг Улсаны Улсан их сургуулийн эмнэлэг нь бас Хьюнда корпарацийн хөрөнгө оруулалттай дөрөв дэх шатны том эмнэлэг. Дөрөв дэх шат гэдэг нь ямар өвчнийг оношлоод, эмчлээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Нөгөө талаас Улсан эмнэлэг дээр шийдэгдээгүй асуудлыг Асан эмнэлэг рүү шилжүүлдэг юм байна. Би сая Улсан эмнэлгийн захиралтай биечлэн уулзаад ирлээ. Тэндээс профессоруудыг урьж ирүүлэхээр тохирлоо. Солонгос эмч нарыг холбоондоо элсүүлэх бөгөөд тэд манай холбоонд өндөр ач холбогдол өгч байгаа.

-Та ард иргэддээ хандаад ямар мэдээлэл өгмөөр байна?

-Ерөнхийдөө хоёр төрлийн ангилал харагдаж байна. Нэгдүгээрт үнэхээр Монголдоо эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтэй иргэд эсвэл эдийн засгийн хувьд бололцоотой өөрийнхөө дуртай газраа эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс байна. Бид аль алинд нь үйлчилнэ. Мэдрэл, зүрх судасны хагалгаа эрхтэн шилжүүлэн суулгах гээд хүнд өвчтэй нь байна уу, гоо сайхны мэс засал эсвэл оношлогоо хийлгэх хүсэлтэй байна уу. Бүгдэд нь эмнэлэгийг нь судалж харилцаа холбоо тогтоож бүх асуудлыг нь цогцоор шийднэ.

-Монголд эмчлэгдэх боломжгүй хирнээ бүртгэгдээгүй өвчнүүд бий гэсэн. Тодруулбал?

-Жишээ нь, манай багийн гишүүн нүдний Батжаргал эмч маань төрөлхийн хараагүй гэсэн өвчин бүртгэгдээгүй байгааг хэлсэн. Гэтэл үүнийг Солонгост эмчилдэг юм байна. Аутизм гэж өвчин дэлхийд эмчлэгдэхгүй байгаа ч Солонгос улс ийм хүүхдүүдийг хөгжүүлэх, асрах, нийгмийн харилцаанд суралцуулах туршлагатай. Ийм хүүхэдтэй аав ээжүүд хандаж байна. Гэх мэт асуудал ихээр гарч ирж байгаа учраас бид судлаад, шаардлагатай газруудаас туслалцаа хүсэх зэргээр ажиллаж байна.

-Иргэд маань Монгол-Солонгосын эмч нарын холбоотой яаж холбогдох вэ?

-Интернэтээр холбооны пээж хуудаст хандаж болно. Монгол Солонгосын эмч нарын холбоо гэж орно. Мөн 88118388 утсаар холбогдож болно. Пээж хуудсан дээр бүх л төрлийн мэдээлэл байгаа. Манай холбооны итгэмжлэгдсэн эмч нартай холбоо тогтооно. Улсын болон хувийн хэвшлийн туршлагатай эмч нарын баг ажиллаж байгаа. Бидний эрхэм зорилго бол хүн арддаа туслах, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж байгаа чин сэтгэлийн үйл ажил юм.

-Холбооны бусад чиглэлийн үйл ажиллагааны талаар…?

-Солонгосын эрүүл мэндийн үйлдвэрлэлийн КИДИ институт Монголд 2005 оноос ЭМЯ-тай хамтран ажиллаж 100 гаруй эмч тус улсад суралцсан байна. Ингэхдээ дандаа улсын эмнэлгийн эмч нарыг хамруулж иржээ. Бид энэ оноос хамтран ажиллахаар болж хувийн хэвшлийн төлөөллөөс оруулах хүсэлт тавьж нааштай хариу өгсөн. Ер нь чин зорилтынхоо хүрээнд бүх л боломжийг хайж үйл ажиллагаагаа явуулж эрхэм зорилгоо биелүүлнэ. Солонгосын алдартай сайн эмч нарыг урьж сургалт явуулах, хамтарсан мэс засал хийх, туршлага судлах зэрэг чиглэлээр хөтөлбөр боловсруулсан. Улсаны их сургуулийн профессорууд удахгүй ирнэ.

-Та түрүүн Монголд эмнэлгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг цухас дурьдаад өнгөрсөн. Тэр талаар?

-Бид эмнэлгийн аялал жуулчлал гээд гадагшаа маш их мөнгө урсгаж байгаа. Энэ нь хэдий манай салбарын чадавхи муутай холбоотой ч бидэнд бас давуу тал байна. Ялангуяа уламжлалт анагаах ухаан манайд маш сайн хөгжсөн эртний туршлагатай. Дорно дахины анагаах ухаанд Монголын нэртэй эмчилгээний аргууд байна. Төөнүүр, хануураас эхлээд. Дээрээс нь бид сайхан байгальтай. Хойд хөршийн Буриад, Эрхүүгийн тойрог, урагшаа Өвөрмонголоос иргэд ирж мэр сэр үйлчилгээ авдаг. Энэ урсгалыг идэвхжүүлж Монголдоо эрүүл мэндийн аялал жуулчлаыг хөгжүүлэх санааг гаргаж тавихаар ярьж байна. Манай “Аминмаргад” эмнэлэгт л гэхэд Буриад Өвөрмонголоос эмэгтэйчүүд ирж үзүүлдэг шүү дээ.

-Таны чин сэтгэлээсээ зорьж яваа буянтай ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...