Үнэхээр хилийн бүсийг нэг бүрчлэн шалгаж, эрэн хайх ажиллагааг тэр хэсгээр явуулсан юм бол ядаж эрэн сурвалжилж байгаа зар мэдээлэл баймаар юм

2018-01-22 Онцлох 0

 

Сураггүй алга болсон охин Д.Сэржмядагийнхаа талаар өгүүлсэн түүний ярилцлагаас анхаарал татахуйц арван эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.

Цагдаа нар хэргийн сэжүүр л хайдаг юм байна. Сүүлдээ тэд нар өөрсдөө ч гайхаж эхэлж байна. Өмнө нь хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч байсан, тэр бүхэнд ямар нэгэн байдлаар сэжүүр олддог. Гэтэл энэ тохиолдол гайхашрал төрүүлж байна гэж байсан.

Охин маань арваннэгдүгээр сарын 2-ны өдөр алга болсон. Тэр өдрийн 12.00 цаг өнгөрч байх үед хашаанаасаа гараад явж байхыг нь нэг гудамжинд байдаг айлын хүн харсан байгаа юм. Гудамжны үзүүрт сургууль руу явдаг автобусны буудал байдаг. Мөн тэнд зогсож байхыг нь харсан хүн байгаа. Уг нь Замын-Үүд хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэтэл миний охиныг үзэж харсан хүн энэ хоёр гэрчээс өөр олдоогүй.

Сумын цагдаа нар бол эхлээд мөр хайгаагүй. Бүгд л бужигначихсан. Тэгээд хамаг мөр алдагдсан. Тухайн үед миний охиныг хайж байсан нутгийн иргэд, цагдаа нарын сэтгэл нь сайхан юм даа. Тэр үед мөр мөшгих тухай бодохтой манатай байсан байх.

Магадгүй, тухайн үед хэрэгтэн эсвэл хэрэгтэнтэй холбоотой хүн тэр хавиар яваад, эрлийн ажиллагаа хаагуур хийгдэж байна, цагдаа нар ямар хэсгийг самнаж байна гэдгийг мэдээд байсан ч байж ч болох шүү дээ.

Эрээнд явуулсан эрэн хайх ажиллагааг хоёр нүдээр хараагүй болохоор итгэлгүй л байдаг. Охиноо алга болсноос хойш би эгчтэй нь хоёр ч удаа Эрээн рүү гарсан. Тэгэхэд хилийн бүс болоод БНХАУ-ын Эрээн хотын гудамжаар ямар ч зар харагдаагүй. Үнэхээр хилийн бүсийг нэг бүрчлэн шалгаж, эрэн хайх ажиллагааг тэр хэсгээр явуулсан юм бол ядаж эрэн сурвалжилж байгаа зар мэдээлэл баймаар юм, гэж зөндөө хайсан. Байгаагүй.

Охиныхоо сургийг гаргахын тулд бүх л арга, чаргаа барж байна. Үзэж харах чадалтай хүмүүсийн ихэнх нь ””Нутгийн зүүн хойд хэсэгт байна. Охин амьд байгаа”” гэж хэлсэн. ””Зүгээр ч нэг хүүхэд алга болсон хэрэг биш, хуулийнхантай ч холбоотой байж магадгүй. Тэд хилээр нууж гаргах гээд чадахгүй байх магадлалтай”” гэж хүртэл хэлсэн хүн бий. ””Машинтай хүн шүргэж гэмтээгээд, охиныг нуусан”” гэж нэг хүн хэлсэн. Мэдэхгүй юм даа.

Бид хоёрыг маш сайн судалж байгаад охиныг минь аваад явчихсан ч юм шиг бодогдох болсон. Байж болох бүх л таамгийг дэвшүүлж, бодож болох бүхнийг л бодож, шаналж, өдөр хоногийг өнгөрүүлж байна. Үнэхээр хэцүү байна.

Би сумынхаа нэг буудалд жижүүр хийдэг байсан юм. Охиноо алга болсон өдрөөс хойш ажилдаа яваагүй. Гарсан. Нөхөр оны дараахан ажилдаа орсон. Төмөр замд ажилладаг юм. Нөхөр маань ажлаа хийхгүй гэхээр болохгүй юм. Банкны зээлтэй болохоор нэг нь ажил төрөлтэй байж байхгүй бол… Дунд эгч нь сэтгэл санааны цочролд ороод, хичээлдээ явж чадахгүй нилээд удсан.

Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдал, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, дээр нь үүрэн телефоны компаниуд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадвал охины минь сургийг гаргаад өгчих юм шиг санагддаг. Ганцхан цагдаагийн байгууллага л ажиллаж байна. Тагнуулынхан ядаж охины минь хамгийн сүүлд утсаар ярьсан байршлыг тогтоогоод өгчихөж болохгүй юм байхдаа гэж төдийгөөс өдийг хүртэл хүлээж байна. Сэтгэл гаргахгүй байгаа хэсэг байгууллага, хүмүүст би гомдолтой байгаа. Төрийн байгууллагууд хоорондоо яагаад ийм холбоогүй ажилладгийг гайхаж байна.

Би Ерөнхийлөгчөөс үүнд анхаарч өгөөч гэж хүсэх гэж очсон. Санаа тавих үгүйг нь хэлж мэдэхгүй.

Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 80 хонож байгаа юм. Гэвч энэ хугацаанд түүнийг эрэн хайж олох нь бүү хэл сураг сэжмийг нь ч гаргаж чадахгүй өнөөг хүрээд байгаа билээ.

 

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цагт шинээр 16 тохиолдол илэрлээ /01.24/

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Орхон аймаг дахь салбар лабораториудад 12 848 хүнд шинжилгээ хийснээс 16 хүнд коронави

2021-01-24

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...