Манай улсад сэргээгдэх эрчим хүч 4.6 хувийг эзэлж байна

access_time 2017-04-28

Амжилт.ком сайтын уншигч та бүхэнд “Нээлттэй төрийн байгууллага” цуврал сурвалжлага хүрсээр байна. Энэ сурвалжлагын гол зорилго нээлттэй гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчийн компаниуд, төрийн өмчийн оролцоотой компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уншигч та бүхэнд “ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах”. Цаад утгаараа бол, төр гэдэг ард түмэн. Энэ үүднээс төрийн байгууллага, компаниудын үйл ажиллагаа бидэнд хамаатай гэсэн үг.

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд цэгт хүрчихлээ. Оюуны санааны гайхамшгаар бүх зүйлийг хамгийн өндөр түвшинд бүтээж чадлаа. Энэ нь маш том ололт, хөгжлийн өндөр шат хэдий ч өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль эх дэлхийгээ онгон дагшин байдлаар нь хамгаалах, хадгалах гэсэн үндсэн үүргээ умартаж орхиж. Одоо дэлхий нийтээрээ үүнийг хүлээн зөвшөөрч, ухаарч байгаа учраас аль болох “Байгаль орчинд ээлтэй”, “Эко” гэсэн тодотголтой бүтээгдэхүүн, үйлдвэрлэл явуулахыг эрмэлзэж байна.

Үүний нэг томоохон жишээ бол “сэргээгдэх эрчим хүч”. Баянгол дүүргийн 20-р хороо буюу Гурвалжингийн гүүрний баруун талд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” гэх хаягтай хуучны гэмээр, саарал тоосгон барилгыг уншигч та харж байсан байх.

Нэр: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Статус: Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Байгуулагдсан он: 1989

Удирдлага: Захирал Ц.Цэрэн

Үйл ажиллагааны чиглэл: Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх

Ажилчдын тоо: 30

Байршил: Баянгол дүүрэг, 20-р хороо, Дунд гол-2

 

Тэгвэл энэ удаад тус байгууллагын үйл ажиллагааг сурвалжиллаа. Байгалийн сэргээгддэг баялагийг ашиглан байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 4.6. Үүнд нар, салхи, усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг станцууд багтана. 70-150 киловаттын хүчин чадал бүхий нар, салхин болон нар салхи хосолсон станцууд, 2 мегаваттын хүчин чадалтай Богдын гол, 12 мегаваттын Дөргөний, 11 мегаваттын Тайширын усан цахилгаан станцыг дурдаж болно.

2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20-25 болгоно

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичигт “Монгол Улсад эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь зөвхөн эрчим хүчний хөгжлийн асуудал бус, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хөгжлийн цогц бодлого” гэж тусгажээ. Мөн Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд энэ салбарын эзлэх хувийг 20-25 хувь болгохоор заасан байна. Тэгвэл дээрх томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/-ын үүрэг, хариуцлага ихээхэн чухал юм.

Өнгөрсөн хугацаанд СЭХҮТ-д санхүүгийн сахилга бат алдагджээ

Энэ төв 1989 онд байгуулагдсан. “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг бүх нийтийн хүртээл болгох” зорилготой. Гэсэн хэдий ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ чиглэлээрх бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нэлээд зогсонги байдалтай явж иржээ.

Тус төвийн захирлаар одоогоос гурван сарын өмнө Ц.Цэрэн гэж хүн томилогдсон бөгөөд тэрээр ажлаа хүлээн авснаас хойш байгууллагадаа аудитын шалгалт хийлгэхэд 903.9 сая төгрөгийн залруулагдах боломжгүй зөрчил гарчээ. Мөн татвар нийгмийн даатгалд 450-460 орчим сая төгрөгийн өртэй, ажилчдынхаа цалинг сүүлийн 4-5 сар тавьж чадаагүй зэрэг санхүүгийн бэрхшээлтэй байдал байгаа юм байна. Санхүүгийн сахилга бат алдагдаж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүйгээс ийм асуудал үүссэн ажээ.

Өнөөдрийн байдлаар энэ төвд нийт 30 орчим хүн ажиллаж байгаагийн 20 гаруй нь инженер техникийн ажилчид. Шинэчилж байгаа бүтцийн хувьд инженер техникийн ажилтнуудаас нэг ч хүн халагдаагүй, санхүү захиргаан дээр өөрчлөлт хийж байгаа тухай төвийн удирдлага ярьж байлаа.

Санхүүгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн даван туулж, ажилчидаа ажилтай, орлоготой байлгах тухайд захирал Ц.Цэрэнгээс тодруулахад “Манай байгууллагын үйл ажиллагааны чиглэлд урьд нь техникийн хяналт хийх эрх байдаггүй байсан. Тэгвэл одооноос эхлээд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэх бүх бүтээн байгуулалт, ажил үйлчилгээнд манайхаас хяналт тавих эрхийг өгч, сайд тушаалаа гаргаад баталгаажуулсан. Ингэснээр эрх зүйн хувьд баталгаажсан гэсэн үг. Энэ хүрээнд манай инженер техникийн ажилчид Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 мегаваттын салхин цахилгаан станцад техникийн хяналт тавьж ажиллана. Мөн Сайншанд салхин паркт хяналт хийнэ. Үүнээс гадна засвар үйлчилгээний ажлууд хийх зэргээр ажиллана” гэсэн юм.

Нарны зайн үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатай

Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хуульд зааснаар улсаас ямар нэгэн татаас авахгүй, өөрсдийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулна. Тэгэхээр байгаа боломж, өөрсдийн мэдлийн обьектоо ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэх, үр ашигтай ажиллах, цаашлаад сурвалжлагын эхэнд дурдсан Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх үүрэгтэй юм. Тус байгууллагын мэдэлд “Нарны зайн үйлдвэр” байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл явуулах боломжгүй байна.

Үйлдвэрийн обьектийг засварлах, техник тоног төхөөрөмжийг шинэчилж байж, үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэх юм байна. Энэ төвийн ойрын зорилгын нэг нь “Нарны зайн үйлдвэр”-ээ шинэчлэн үйл ажиллагааг нь явуулах гэж байлаа.

Нарны зайн үйлдвэрийн доторх байдал

120-130 мянган айл өрхийг нарны зайн үүсгүүртэй болгожээ

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮААТҮГ нь Монгол оронд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр сургалт, судалгаа, туршилт, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, техникийн хяналт тавих, хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлах, нотлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас онцолбол, “100000 нарны гэр” төслийг хэрэгжүүлж хөдөө орон нутгийн 120-130 мянган айл өрхийг нарны зайн үүсгүүртэй болгосон томоохон ажлыг дурдаж болно.

Цаашид Нарны зайн үйлдвэрээ ашиглалтад оруулах, хөдөө орон нутаг дахь гүний худгуудын мотор болон хилийн заставууд дахь дэд станцуудыг нарны зайн үүсгүүрээр ажиллуулдаг болгох, өмнө нь хийгдэж байсан Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг нарны зайн үүсгүүртэй болгох ажлыг үргэлжлүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна. Мөн аялал жуулчлалын компани болон газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүд нарны зайн үүсгүүрээр гэрэлтүүлгээ шийдэх чиглэлд хамтран ажиллах ажээ.

Манай улс нарны нөөцөөрөө дэлхийд 2-рт ордог

Манай улсын өмнөд хэсэг нарны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт буюу Сахарын цөлийн дараа ордог болохыг дэлхийн судлаачид тогтоожээ. Энэ ч үүднээс Монгол Улсад нарны цахилгаан станц барьж байгуулан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нийтэд түгээх боломж байна. Харин үүний тулд яг энэ чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үнийн дүн өндөр байдаг ч сүүлийн үед гадныхан манайхныг сонирхож байгаа учраас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжиж, өргөжин тэлэх нь зайлшгүй биз ээ.

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549