“Гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн Монголоос экспортлох ААН-үүдийн зөвшөөрлийг яаралтай шийднэ”

2018-01-23 Онцлох 0

 

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийж буй айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалаараа БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзаж ярилцав.

Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоох парламентууд болон аюулгүй байдал, батлан хамгаалах, хуулийн байгууллагуудын хооронд тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлж, уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, боловсон хүчнийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, Вьетнамын цэргүүдийг “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтад өргөнөөр хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ойрын үед Вьетнамд айлчлуулж, хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгаад, банк санхүүгийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх замаар хоёр талын бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал гэж үзэж байна гэв.

Тэрбээр аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн тохирсон Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Вьетнамаас загас агнуурын бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ импортлох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналт, хорио цээр, хил, гаалийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдэх нь чухал болохыг онцолж, цаашид цагаан будаа, цай, кофе зэрэг бүтээгдэхүүн импортлох боломжтой гэснийг Вьетнамын удирдлагууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

“Петро Вьетнам” компанийн Монголд газрын тосны хайгуул хийх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахад бэлэн байгааг УИХ-ын дарга М.Энхболд мэдээлж, хоёр талын шууд оролцоотой хэрэгжүүлэх төслүүдийн нэг байж болох боломжтой гэв. Энэ өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийв.

2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг УИХ-ын дарга тэмдэглэсэн юм. БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг 2017 оны дүнгээр энэ хэмжээ 67.7 сая ам долларт хүрч, 2016 оныхоос 16.5 хувь нэмэгдсэнийг мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд бизнесийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд агаарын болон төмөр замын тээврийн асуудал онцгой чухал болохыг онцлоод, энэ талаар Вьетнамын тал өөрөөс хамаарах арга хэмжээг авна гэдэгт найдаж байна гэв. Мөн нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол Монголын үйлдвэрлэл эрхлэгчдэд байгааг анхааралдаа авахыг хүсэв.

Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Ханой-Улаанбаатар хот, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг Ханой болон Хо Чи Мин хотын дүүргүүдтэй шууд харилцаатай болгох, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, НҮБ-аас дэмжсэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг дэмжих санал тавьсныг Вьетнамын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр

2021-01-21

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Х

2021-01-21

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...