Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл өвлийн олимпын 23 дахь наадам 17 хоногийн дараа БНСУ-ын Пёнчан хотноо эхэлнэ. Монголчууд бид цагаан олимпод 14 (1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014) дэх удаагаа хурд сорих гэж байгаа энэ. Манай тамирчид “Инсбрук 1964”-д тугаа мандуулсан үеэс хойших хагас зууны туршид цана, тэшүүр, биатлон, шорт трекийн тамирчид маань түүх бичилцэн, тив, дэлхийн хэмжээний амжилт гаргаагүй ч олимпын буухиагаа үргэлжлүүлсээр өдий хүрсэн.
Цанын В ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Б. Ачбадрах, Сочигийн олимпод хурд сорьсон туршлагатай, ОУХМ Ч. Отгонцэцэг нар “Пёнчан-2018”-д оролцох эрх албан ёсоор авч, үе үеийн тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр болов. Монголчууд бидэнд олимпын эрх нэмж авах боломж бий. Учир нь, дасгалжуулагч Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагад манай биатлоны шигшээ багийнхан Европын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа. Харамсалтай нь, Монголдоо л өндөр хөгжсөн төрөл болох тэшүүрийн спортоор олимпын эрх авч чадсангүй. Ингэснээр тэшүүрчид 1992 оноос хойш олимпод оролцож чадаагүй “бараан” цуврал үргэлжлэх нь.
0 cэтгэгдэлтэй