30-тай залуу 30 сая иргэн, тусгаар тогтнолоо хамгаалж байна. Гэтэл…

2018-01-23 Нийтлэл 0

 

Улс орны хөгжил тусгаар тогтнолоо хамгаалах бодлого бүр өөр хоорондоо ялгаатай. Санхүү эдийн засгийн байдлаа тогтвортой байлгах нь тэдний гол үүрэг. Энэ асуудлыг хөндөн ярьж байгаа нь өнөөгийн Монгол Улсын төр, засгийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотой юм.

Өнөөдөр Монгол Улс ам.долларын өр хэмээх далайд сэлүүргүй завьтай хөвж явна. Зээлээс зээлийн хооронд амь зогоож, хэвтэрт орсон эдийн засгаа хөл дээр нь зогсоох гэж тэмцэж байгаа. Олон улсын зах зээлд бонд гаргаж олсон хэдэн бороороо салбар бүрийг тэтгэх гэж үйл лайгаа эдэлж байгаа нь үнэн. Аль нэг салбарт илүү тусгаж, нөгөөг нь мартвал барьцаж гомдоод элээ халаг л болдог. Ийм жишгээр олон ч жилийн нүүрийг үзэж байна. Газрын хэвлийн баялгаараа дэлхийд толгой цохиж яваа тусгаар тогтносон Монгол Улс хүний царай харж, хэтэвчнээсээ хэдэн төгрөг өгөх бол хэмээн горьдож суух нь шившиг гэлтэй. Өөрийн баялгаа хүний халаасанд чихчихээд бусдаас мөнгө гуйж явах улс монголоос өөр байхгүй. Төрийн тэргүүн нь хэдэн үг хэлчихээр европынхон зээлийн хүүгээ эргэж харна гээд байна “гайтай новш” хэмээн сошиалаар хараана. Ер нь, заавал л бусдаас зээлжиж, өрөнд орж, өтөндөө идэгдэж явах ёстой мэт бодлого гаргаж байх. Мөн ч мэргэн, түргэн ухан гэж энэ юм болов уу.

Төр засгийн удирдлага хэмээн суух мэргэн түшээд нь гадаадын улс оронтой хамтран эзэмших нэрийдлээр хэвлийн баялгаа зарчихна. Тэр нь, дөрвөн сая хүрэхгүй монголчуудад ямар ч хүртээлгүй, хөгжлийн чигт нэмэргүй байх жишээтэй. Бид газрын хөрсөө хуу татан, алт зэс, нүүрсээ зарж хөгжинө гэж хэчнээн жил лоозогнов. Гэвч өнөөдөр бахь байдгаараа л. Хөгжиж байна гэж харвал хотын төвд хэдэн байшин нэмэгдэж, хэдэн км зам тавигдаж. Дотоодын үйлдвэрлэл хөгжсөн зүйл алга. Яахав хэдэн жижиг дунд үйлдвэр нэмэгдсэн нь үнэн. Үйлдвэрлэл гээд яривал хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр ажилладаг гарын арван хуруунд багтах хэдэн үйлдвэр бий. Үүнээс өөр тодруулж томруулан харах, мэдэх зүйл ховор. Ингээд бодохоор дэлхийд данслагдах томоохон ордтой, дөрвөн сая хүрэхгүй хүн амтай, асар уудам газар нутагтай жижигхэн улсыг ядуу байлгана гэдэг асар их ухаан мэт. Аргагүй ч юм уу, гадаадын томоохон сургуульд сурч боловсорсон мэргэн бөөдийнүүд юм чинь сурсан зүйлээ ашиглаж байгаа нь тэр. Магадгүй тухайн улс оронд нь ийм зүйлийг заадаг байх.

Хэрэв гадаадын оронд ийм зүйл гарвал ажил албаа өөрийн дураар өгөх жишээтэй. Үгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Монголд бол эсрэгээрээ байх жишээтэй. Авлига албан тушаалын хэрэгт холбогдвол халж байгаа нэрээр дэвшүүлэн зайлуулна. Хуулийн хариуцлага тооцлоо гээд хэдхэн сарын дараа чөлөөлнө. Гараад ирсэн хойно нь өндөр хэргэм зэрэг олгоно. Гэх мэтээр Монгол Улс хөгжиж, дэлхийд байхгүй жишгийг тогтоож байна. Энэ мэтээр хөгжил хэмээн хошгируулж, чихэн дээр сарнай ургуулан явахад газрын хэвлийдээ баялагтай эсэх нь тодорхойгүй хүн ам нь 30 сая давсан улс орны 30-хан настай залуу шаггүй удирдаж, тусгаар тогтнолоо хамгаалсаар байгаа нь гайхамшиг.

Тодруулбал, дэлхий нийтэд хаалттай Умард Солонгос хүүгийн дэлхий дахинд явуулж буй гадаад бодлого, тусгаар тогнол иргэдээ хамгаалах асуудал байна. АНУ болон холбоотнуудыг нь ч тэр чичрүүлж байгаа. Яагаад гэвэл 30 настай Ким Чин Ун ямар шийдвэр гаргахаас шалтгаалан 30 сая иргэнийх нь амьдрал, эх орон, тусгаар тогтнолын хувь заяа шийдэгдэнэ. Энэ залууд байгаа бүхнээ хайрлах, эх орон, түмэн олноо гэх сэтгэл гүн гүнзгий суусан болохоор алдаатай шийдвэр гаргахгүй өдийг хүрсэн. Алдахгүй байх нь айдас биш юм. Тэрээр дэлхийн томоохон гүрний нэг АНУ-аас ч эмээлгүй яавал ч яана шүү хэмээн нударга зангидаж чадсан нэгэн. Энэ нь түүнийг ямар хүн бэ гэдгийг харуулсан төдийгүй “Та нар Хойд Солонгосыг ганцаардуулсан ч ард түмний эх орноо хөгжүүлэх гэсэн халуун сэтгэлийг ганцаардуулж чадахгүй. Бид 30 саяуулаа дотоод нөөцөө ашиглан хөгжинө” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Удирдагч хүн ийм байдаг аж. Гэтэл манайд ийм байтугай гаднаас авах зээлээ зогсоогоод баялгаа түшиглэн хөгжье, буцаагаад авъя гээд дуугарчих түшээ алга.

Их гүрэнд ийнхүү нударгаа үзүүлсэн ч омогтой бардам АНУ ямар хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Яагаад гэвэл их гүрнийг устгах ганцхан товчлуур солонгос хүүгийн гарт байгаа хойно. Пуужингийн туршилт хийж, тэсэлж дэлбэлж, тоглодог болохоор АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Хойд Солонгосын залуу удирдагчийг “Рокку бой” гэж нэрлэх болсон. Ерөнхийдөө газар шороогоо ухаж төнхөн, зэс, нүүрс олборлон гадагш зарж санхүүжих боломжгүй ч энэ залуу өр зээл тавьж, эдийн засгийн асуудлаа шийдсэнгүй. 30 сая иргэнээ хоосруулж, үйлийг нь үзэж, үсийг нь зулгаалгаагүй. Дотоодын нөөц бололцоогоо ашиглан хүн амын хүнс тэжээлээ залгуулж, тусгаар бодлогоо алдахгүй, иргэд нь сэтгэл тэнүүн яваа.

Харин хойд Солонгосоос арав дахин бага хүн амтай Монгол Улс асар их баялагтай, өргөн уудам талтай ч тэр нь бараг л монголчуудынх биш болчих гээд сандаргаж байна. Дэлхийн улс орны нүдийг булаасан орд газар нь хүнийх болж хувирах нь, тусгаар тогтнол нь өрөнд явах шинжтэй. Улс төрийн бодлого нь европ, дэлхий, олон улсын валютын сангаас л зээл аваад байх. Эргэн яаж төлөх нь харин тодорхойгүй. Ийм маягаар Монгол Улсыг удирдан жолоодож байна.

30 настай залуу 30 сая иргэн газар нутгаа хамгаалж байхад, гуравхан сая гаруйхан монголчуудыг жаргалтай байлгаж чаддаггүй юм гэхэд ядаж бухимдлаас нь салгаж хайрлаач, төрийн мэргэн бөөдийнүүдээ.

Нийтлэлч Ч.Түмэнбаяр

Холбоотой мэдээ

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын в

2021-01-14

Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна

Г.БАТЗОРИГ, ӨДРИЙН СОНИН Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн амьдр

2021-01-14

Ковидоос төрсөн тэрбумтанууд

Цар тахлын улмаас ихэнх бизнесүүд хүндрэлд орж, ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа ч ашиг о

2021-01-12

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...