Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд экспортолж, импортолдог аж ахуйн нэгж, иргэдэд хясан боогдуулах дарамт ихээр тулгардаг. Олон тонн мах, жимс гэх мэт бараа бүтээгдэхүүн бэлтгэж хилээр оруулж, гаргах шаардлагаар төрийн албан тушаалтнуудаас зөвшөөрөл хүсдэг.
Гэтэл албан тушаалтнууд зөвшөөрлийг нь олгохгүй удаах, элдэв бичиг баримт нэхэх зэргээр зохиомол дараалал, хүнд суртал үүсгэдэг байна. Иргэн тухайн бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг муутгахгүйн тулд их хэмжээний түрээсийн төлбөр төлж хадгалуулах, эсвэл тухайн бараа бүтээгдэхүүнээ муутгаж алдагдал хүлээх сонголттой тулгардаг. Тиймээс эрсдэлээс гархын тулд иргэд хахуул өгч, асуудлыг шийддэг нь дунд шатны албан тушаалтнууд авилгад амтших боломжийг нээжээ. Гэхдээ хахуул өгч, төрийн үйлчилгээ авсан иргэн мэдээллээ илчилбэл ялаас чөлөөлөгдөх боломжтой.
Тодруулбал, хясан боогдуулсан, хахууль нэхсэн үйлдлүүдийн талаарх мэдээллийг сайн дураараа илчилбэл 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бий болсон.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлгийн 22.5-д “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн заалт орсон. Уг заалтыг АТГ мөрдлөгө болгон ажиллаж байгаа юм байна.
Жишээлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хоёр дарга авилга авсан хэргийн талаар хахуул өгсөн гурван иргэн хэргээ илчилж ирсэн бөгөөд тэднийг ялаас чөлөөлсөн байна.
0 cэтгэгдэлтэй