БНХАУ-ын ШУА дэлхийд анх удаа соматик эсийн клоны аргаар сармагчин бүтээсэн тухайгаа мэдэгджээ. Ийм аргаар бүтээгдсэн Жүн Жүн нэрт сармагчин 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд төрсөн байна. Үүний дараа арванхоёрдугаар сарын 5-нд түүний охин дүү Хуа Хуа төржээ. Ийнхүү БНХАУ приматын төрлийн амьтны соматик эсийг клоны аргаар гаргаж авсан дэлхийн анхны улс болжээ. Энэ нээлт тархины өвчнийг үр дүнтэй эмчлэхэд тустай, хүний эрүүл мэндэд тулгарч буй гол асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Хүн төрөлхтний түүхэнд анх 1997 онд соматик эсийн клоны аргаар Долли хонийг амжилттай гаргаж авснаас хойш адуу, үхэр, тэмээ, муур, нохой зэрэг олон төрлийн хөхтөн амьтныг соматик эсийн клоны аргаар гаргаж авсан боловч хүн төрөлхтөнтэй хамгийн ойр төстэй приматын төрлийн амьтныг соматик эсийн клоны аргаар гаргаж авч чадаагүй байсан юм. Үүнд биологийн шинжлэх ухааны технологийн хүндрэлтэй асуудал байжээ. Соматик эсийн клоны аргаар сармагчныг амжилттай бүтээсэн нь үндсэн судалгааны хувьд маш чухал ач холбогдолтой төдийгүй, хүн амын эрүүл мэндийн салбарт тулгарч буй томоохон сорилтуудыг шийдэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх юм байна.
Тухайлбал, тархины ихэнх өвчнийг үр ашигтай эмчилж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь эмчилгээний туршилтад оруулсан хулганы загвар хүнийхээс нэлээд өөр байдаг, бүтээх эм бэлдмэлийг хүний биед туршихад үр дүн муу гардаг аж. Харин одоо соматик эсийн клоны аргаар тархины өвчтэй сармагчны загвар гаргаж, хүн төрөлхтөнд учирч буй тархины ноцтой өвчнийг судалж, оношилж, эмчлэхэд урьд байгаагүй шинэ боломж нээгджээ.
Соматик эсийн клоны аргаар сармагчин гаргаж авсны үндсэн дээр альцгеймер, аутизм зэрэг тархины өвчин, дархлалын олдмол хомсдол, тархины хорт хавдар, дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдсон зэрэг өвчнийг эмчлэх шинэ эм бүтээх үйл явцыг ч мөн түргэтгэх юм.
0 cэтгэгдэлтэй