ОХУ-ын Калининград мужид гудамжны нэгэн муур даарч бээрсэн хүүг шөнөжин биеийнхээ халуун элчээр дулаацуулж, амийг нь аварчээ. Энэ талаар тус мужийн Дотоод хэргийн яамны цахим хуудаст мэдээлснийг “Газета.ру” уламжилсан байна. Нэгдүгээр сарын 25-ны өдөр Краснознаменск хотод 13 настай Руслан хүү алга болжээ. Цагдаа нар хүүг эрэн хайж, маргааш нь олсон байна.
Хүү хичээлээ таслан, Краснознаменск хотод амьдардаг эмээ дээрээ очихоор явсан боловч хоосон хаалга “мөргөжээ”. Бүрий болохоос өмнө харьж амжаагүй тул замд тааралдсан эзэнгүй саравчид хоног төөрүүлэхээр хэвтсэн байна. Нимгэн хувцастай гарсан хүү шөнө даарч бээрч эхэлжээ. Азаар тэр хавиар тэнэж явсан муур түүн дээр очиж, цээжинд нь наалдан хэвтээд, хүүг шөнөжин дулаацуулж хоносон байна. Хүү амийг нь аварсан муураа гэртээ аваачсан бөгөөд “Аврагч” хэмээн нэрлэжээ.
0 cэтгэгдэлтэй