Авилгал нэхсэн ”Аварга малчин” цол

2018-02-01 Нийтлэл 0

 

45 жил мал малласан ах маань Улсын аварга малчины болзол хангаад Засгийн газрын хуралдаан хүрэх замдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр Архангай аймгийн зүүн сумуудаас УИХ-д авирсан Жамьянгийн Мөнхбатын урт гарын тусламжтайгаар түлхэгдэн гарчээ. Учирыг тунгаавал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг захиргааны хурлаар ахыг маань анх нэр дэвшүүлэн энэхүү аваргын болзол хангасан гэж үзэн баталж, материалыг нь аймаг руу явуулсан байдаг. Зүй нь нэг сумаас нэг л малчин шалгарах журам бий. Гэтэл хэрэг бишдэн дахин араас нь Эрдэнэмандал сумын Өлзийт багийн малчин Бүрэнгийн Баттулгын материалыг өөрөөс нь шахан шаардаж, булаах шахам авч, яаран сандран явуулах шийдвэрийг давхардаад гаргаж.

Ингээд болоогүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын заавраар Идэр-Улаан багийн малчин Сономжамцын Зоригтбаатарын материалыг хагас дутуу хамсан болоод сум болон аймгийн хурлаар ч хэлэлцүүлэлгүй санд мэнд шууд хот руу гишүүний бие төлөөлөгч П.Нямцэрэн гэгч нь том толгой гарган, дотор мэх үзүүлж өвөртлөөд явжээ. Ингээд гэмгүй байсан гурван эгэл борхон малчинг хооронд алалцуулах хорыг эрхэм гишүүн сайтар найруулав. Сумдаар голцуухан халамцуухан, давилуухан явах болсон Ж. Мөнхбатыг манай сумынхан 2016 онд тэр дундаа манай голынхон, манай ах дүүс дуу нэгтэй өргөн, дугтарвал хүч нэгтэй, дуулиантайхан дэмжин гаргасан нь үнэн болно. Түүнийг бид бурхан шиг санаж байв. Гэвч тэр буг байжээ. Тэгвэл өнөөдөр түрүүвчээ түнтийлгээд түмэн олноо умартах болсон уур ундуу нь үл дийлдэх, өш зангидсан улаан хошуу нь үргэлж нойтон явах болсон эрхэм гишүүн ингэж элэг зүрх рүү хутга дүрж энх амгалан аж төрдөг малчин ахын минь сэтгэлийг сэвтээж магад том нүгэл үйлдэн өнөө маргааш манай Эрдэнэмандал сум руу ихэд додигор одох гэж байна. Сураг сонсоход манай сумаас хоёр ч аварга төрсөн нь нэн сайн хэрэг бөгөөд гагцхүү дүрэм журмыг үйл ойшоон, анархи зангаар айлган, ардуудыг алагчлан ар өврийн хаалга, Ардын нам, ардгүй нам хэмээн талцан хувааж, нүүдэлч удмаа тасралтгүй манан, нүдгүй шуурганд нүүр нь шалбарсан хөөрхий малчин ахыг минь нүдсэнтэй адил доромжлол мэт санагдав. Өнөөдөр бараг Ж.Мөнхбатад аварга малчин болгосон айлаас нь шинэхэн хурган дээл нь ирж байгаа сурагтай.

Суурийг нь судлаад сугийг нь сөхвөл аварга малчин болох гэдэг авилгалын далай бөгөөд ам тосдох хэдэн малаа авилгач дарга нарын гарт нь ганзганад нь хийж явуулдаг гар хоосон буцааж болдоггүй ”ёс” тогтож, дор хаяхад 10 хонины мах, тэдэнд гардуулах 10 мөнгөн аяга, ааруул, аарц, тос, сүү тэргүүтэн, сумын багийн дарга нарт тус бүр ноолууран цамц сэлт гээд аварга малчин болсон айл тэр жилдээ бэлжиж тэнхэрхээргүй авилгалын өглөгт амаа арчуулдаг ажээ. Ахиад хоёр жилийн дараа агт морьд амбан шар, алт мөнгөө барих нь лавтай, энэ янзаар. Хөдөө орон нутагт ийнхүү увайгүй улс төрчдийн гайгаар урвайж явах хөдөөгийнхэн хөр цасанд нэг зутрах хөлдүү улс төрчийн хөлд нэг үрэгдэх зовлонд давхар нэрвэгдэж байна. Нам дотроо талцаж задална, найр тарааж намчирхаж заналхийлна, УИХ-ын танхимд улсаас идсэн уусан булайгаа дэлгэж хэн бэ гэдгээ хэдийнээ харуулсан Мөнхбат мэтийн мөлхөө банди нар манай нутагт дахин бүү үзэгдэж далд орох болтугай. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга шинэхэн баян цээж өвчит Б.Өсөхбаяр нарт хандан ахынхаа тодорхойлолтыг дэмжүүлэх бичиг авах гэж бишгүй хөөцөлдөж тусыг эс олсон. Ардын намынх биш бол адуучин малчин ч бай тэдэнд хамаагүй гэнэ. Аяганы алагаас адууны алаг дээр гэдэг. Нэг ч гэсэн сайн малчин нутгаас төрөхөд нурмайгаад зугтдаг ноёд манай Архангайд арсайж байна. Ардаа алагчилдаг, ар өврөөс гарсан хүүхэд мэт үздэг, хувьсгалч улаан Доржуудын хуй салхитай нугалаа завхралын зөвхөн зах зух нь энэ. Цаашилбал нүүр халууцуулж, нүд бүрэлзүүлэх нүгэл нь ар араасаа бүртэлзэх. Асуудлыг хөдөөний эгэл ард шиг хүлцэнгүй хаяж орхихгүй, хөлдүү махыг гэсэх цаг хүртэл хөөрхий ахынхаа өмнөөс хүрэх газарт нь хүрч, явах газарт явж, ял асуухаа мэдэгдэж байна. Араараа дүүрэн ай түмэн адуутай, өврөөрөө дүүрэн үй түмэн хоньтой, хотондоо багтахгүй малтай ах минь магад Ардын намын арын хаалга, авилгалын босгыг давсангүй.

Үүнийг гардан гүйцэтгэж гайгүй хөлжиж байгаа Ж.Мөнхбат мэтийн өлийн даваанд үүрэлсэн өлөгчингийн үүрэнд өт язганаж байгааг өргөн олон түмний нэгэн адил нэгэнт олж мэдсэн учраас үүнийг уудлан бичиж, уухилан орилж байна. Манай нутагт ийм хуншгүй хуц хурга үзээгүй. Өөр газраас өвсний амттайг хайсаар өртөөлөн ирсэн ч байж мэднэ. Гэсгээгдэх хүнээр гэмийг үйлдүүл гэх. Өргөн түмэн минь өндөр дуугаар өчгөө мэдүүлсэн бол өршөөтүгэй.

эХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1829381584026592&id=100008643046597

Холбоотой мэдээ

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын в

2021-01-14

Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна

Г.БАТЗОРИГ, ӨДРИЙН СОНИН Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн амьдр

2021-01-14

Ковидоос төрсөн тэрбумтанууд

Цар тахлын улмаас ихэнх бизнесүүд хүндрэлд орж, ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа ч ашиг о

2021-01-12

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...