МАН-ын генсек Д.Амарбаясгалан Монголын сэтгүүлзүйг хоёр хуваав уу

access_time 2018-02-09

 

Ийн өгүүлэх маш олон шалтгаан бий. Тэрбээр улстөрийн тавцанд хор найруулж, албан тушаал суйлж, намыг хагалан бутаргах тактикаараа танигдсан нэгэн. Гэтэл одоо түүнд сэтгүүлзүйн салбарт гар дүрч, будилаантуулах онц нөхцөл байдал үүссэн бололтой.

Д.Амарбаясгалан энэ маапаанаа МСНЭ-ийн XVII Их хурлаар ил болгож, дөрөвдэх засаглал гэгддэг сэтгүүлзүйн салбарыг хэдэн хэсэг хувааж дөнгөсөн юм. Тодруулбал, МСНЭ-ийн Их хурал тэр чигээрээ намын бодлого ханхлуулж, төлөөлөгч нэртэй улстөрийн бохир тоглоомын гар хөл бологсдоор дүүрэн, найруулга муутай жүжиг болж хувирлаа.

Өмнөх Их хурлуудаар сэтгүүлчид зовлон жаргалаа хуваалцаж, салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэн, санал бодлоо чөлөөтэй солилцох индрийг болгож чадсан байсан юм. Нэг үгээр МСНЭ-ийн Их хурал сэтгүүлчдийн хувьд тэмдэглэлт баярын дайтай том арга хэмжээ болсон. Гэвч энэ удаад улстөрийн бохир аргаар карьер ахигсдын увайгүй өрсөлдөөний талбар болчихлоо.

Их хурлын товч тоймыг хүргэхэд, Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын эхэнд 305 төлөөлөгч байсан бол оройн 19.45 цагийн үед 181 төлөөлөгчтэй 78.1 хувийн ирцтэйгээр санал хураалт явуулсан. Учир нь Өдөр тутмын сонины холбооны гишүүд, улаан цайм улстөрийн өнгө орсонд эгдүүцсэн ахмад төлөөлөгч нар хурлыг хаяж одсон.

Иймээс МНСЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор ‘Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, TV-2 телевизийг үүсгэн байгуулагч Д.Энхтуяа нар нэр дэвшсэн. Улмаар Нийт санал өгсөн гишүүдийн 177 саналыг хүчинтэйд тооцсон юм. Ингээд санал хураалт явагдаж олонхын саналаар буюу нийт саналын 87.5 хувиар МСНЭ-ийг дараагийн дөрвөн жил удирдах ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдсон.

Тэгвэл өнөөдөр Өдөр тутмын сонины холбооны зүгээс олон нийтэд мэдэгдэл гаргав. Тэдний зүгээс ямар тайлбар гаргасныг тоймловол “Энэ удаагийн Их хурлаар Монголын сэтгүүлзүй улстөрийн намтай нэг хашаанд орчихлоо. Өөрөөр хэлбэл, улстөрийн дагуул салбар болж байна. Энэ хурлын төлөөлөгч сонгох процедур, МСНЭ-гийн дүрмийн өөрчлөлт, Ерөнхийлөгч сонгох санал хураалт гээд бүгд нарийн зохион байгуулалттай, улстөр ханхлуулсан жүжиг болж хувирсан гэж үзэж байна. Дүрмийн өөрчлөлт гэх өмнө нь барааг нь ч харж амжаагүй байсан баримт бичиг оруулж ирээд баталчихлаа. Үүний дотор заалтууд ч хуулиас давсан, салбарын эрх ашгийг хөндсөн, сэтгүүлчдийн үнэт зүйлийг гутаан доромжилсон, өөр хоорондоо харшилдсан байгааг тул хүлээн зөвшөөрөх аргагүй. Төлөөлөгчдийг ч улстөрийн намын үзэмжээр сонгосон бололтой. Тиймээс Өдөр тутмын сонины холбоо МСНЭ-ээс тусдаа үйл ажиллагаа явуулна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэв.

Өөрөөр хэлбэл, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн”, “Улстөрийн тойм”, “Нийгмийн шуудан” зэрэг үндэсний томоохон хэвлэл МСНЭ-ийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Яг үнэндээ, Монголын сэтгүүлзүй дотор асар том ан цав гаргасан гэдгийг хурал орхиж гарсан сэтгүүлч нар мэдэгдэж буй юм. Энэ байдал лав л салбарт ашиггүй. Сэтгүүлч нарт бүр ч хэрэггүй. Тэгвэл хэнд ашигтай вэ. Мэдээж улстөрий тоглолт хийж, одоо байгаагаасаа шат ахихыг хүссэн этгээдүүд л хэрэгтэй.

Харин XVII Их хурлын үеэр мөнөөх этгээдүүд илэрхий болсон ба МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэр хамгийн түрүүнд сонсогдож байлаа. Түүний хувьд МАН-ыг хоёр талцуулах ажлыг чадамгай зохион байгуулсан. Яах аргагүй л тийм зүйл болсон.

Тэрбээр мэргэжлийн Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих, цаашилбал өөрийн фракцынхныг албан тушаалуудад тохоон томилох операцийг гардан хийсэн. Түүнчлэн нам дотор түүнээс дээш гарсан залуусыг харлуулж, хавчих тактикийг ч нарийн сайн төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлж дөнгөсөн.

Улстөрийн хүрээнд бол Д.Амарбаясгалангийн эл үйлдэл бохир, муухайд тооцогдохгүй байж мэдэх ч сэтгүүлзүйн салбарт түүний оролцоо ер шаардлагагүй. Гэхдээ л тэрбээр гар дүрж чадлаа.

Яг үнэндээ, Их хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь МАН-д хамаардаг нөхөд байсныг энэ салбарт бүхнээ зориулж буй туршлагатай сэтгүүлчид дуу нэгтэйгээр баталж байгаа. Ялангуяа орон нутгаас томилогдсон ирсэн төлөөлөгч нар аймгийнхаа МАН-тай нягт хамтран ажилладаг, энэ хуралд орохдоо Д.Амарбаясгалангаас заавар авсан гэдгийг ч хурлын үеэр ярьцгааж байсан.

Тэгэхээр Д.Амарбаясгалан ойрын үед улстөрийн тавцанд томоохон тоглолт хийж, үүндээ сэтгүүлзүйг ашиглахаар зорьж байгаа бололтой. Тодруулбал, тэрбээр 2020 онд туйлын том санаархал тээж, төрийн эрх барих дээд байгууллага руу үсрэхийг санаархаж байгаа нь илэрхий. Тийм ч учраас тэрбээр Монголын сэтгүүлзүйг өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах, олон нийтийн тархийг угаах башир аргынхаа үндсэн хэрэгсэл болгохоор шийдсэн аж.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрийн тоглоомын хүү болсон тохиолдол мэр сэр байгаа хэдий ч нэгэнт дөрөв дэх засаглалын албыг нуруундаа тээж, олон нийтийн мэдээллийн хэрэгцээг цаг алдалгүй, тогтмол, тасралтгүй хангах үүрэг хүлээсэн олон зуун сэтгүүлч, тэдний амьдралын нэг хэсэг болсон редакцууд бүгд үүнд автаагүй гэдгийг бахархалтайгаар зарлах ёстой. Улстөрийн тавцанд таагүй нэр хүндийг өөртөө бий болгосон Д.Амарбаясгалан сэтгүүлзүйн салбар руу улайран дайрах шалтгаан юу байв.

Эх сурвалж: Erennews.m

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549