“ЮМБЭЭЙ” СТАЙЛЫГ ҮНДЭСЛЭГЧ МАНАЙ СОНГИНЫ ДАЙЧИН БҮСГҮЙ Г.БАТМӨНХИЙН СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭЛД ГАРЧЭЭ

access_time 2018-02-09

 

“Ерөнхийлөгчийг загнадаг эмэгтэй” гэх тодотгол бүхий дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, үг хэлсэн бүсгүй “од” болж буй. Ядуурал, архидалт, гэмт хэрэг газар авсан, төрийн албаныхны авлига, хүнд суртал, бурангуй байдал бугшсан энэ нийгмийн өмнөөс үгээ хэлэхийг хүсэж буй олон хүнийг төлөөлөн дуугарсан тэр бүсгүйг уншигчидтайгаа уулзуулж байна. Түүнийг Галсанпунцагийн Батмөнх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20- нд тус дүүргийн иргэдтэй уулзах үеэр үг хэлсэн түүнийг дэмжиж, бас зургийг нь янз бүрээр эвлүүлэн шоглосон.

-Ерөнхийлөгчийн уулзалтад хэлсэн үг тань олон нийтийн сүлжээнд эрчээ авлаа. Хүмүүс бичлэгийн доор сайн, муу янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна. Та нэгбүрчлэн уншиж байна уу?

-Хэлсэн үг минь ингэж тарна гэж мэдээгүй. Хэн, юу бичсэн бол гэж айгаад харж чадаагүй. Дүү минь харин нэгд нэгэнгүй уншаад “Таныг дэмжсэн хүн олон байна” гэхэд нь санаа амарсан. Хүмүүс намайг яагаад ингэж бухимдаад, янз бүрийн юм яриад яваа юм гэж гайхаж магадгүй. Улс орны байдал эмзэг, хэцүү байгааг хүн бүр харж, мэдэрч буй. Ийм байхад над шиг бухимдахгүй бол монгол хүн биш. Намайг ингэж ярилаа гээд буруутгасан хүмүүс цаашид хүүхдээ ийм улсад яаж амьдруулах вэ гээд бодоод үз.

-Танд нэлээд том асуудал тулгарсан болохоор л олон нийтэд, Ерөнхийлөгчид хандаж үгээ хэлэхээс өөр аргагүйд хүрсэн үү?

-Би 2002 онд БНСУ явж, тэнд 12 жил ажиллаж, амьдраад 2013 онд Монголдоо ирсэн. Одоо солонгос, англи хэлний орчуулагч хийж байна. Түүнийхээ хажуугаар нэг жижигхэн дэлгүүр ажиллуулдаг юм. Дэлгүүр ч гэж дээ бараг ТҮЦ. Ээж маань 10 гаруй жил ажиллуулаад, уушгины хорт хавдраар нас барсан. Түүнээс хойш уг ажил миний нуруун дээр ирсэн. Өөрөө ажиллуулах хэцүү болохоор одоогоор түрээсэлчихсэн. Дотор нь бүхэл бүтэн 10 гаруй цаг суухаас эхлээд олон хүндрэл бий. ТҮЦ, дэлгүүр ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг олон хүн миний хэлж буйг ойлгоно. ТҮЦ ажиллуулахад төрөөс ямар их дарамт, шахалт үзүүлдэг гэж санана. Худалдаа, үйлчилгээний эрх авахын тулд жил бүр өчнөөн бичиг баримт бүрдүүлдэг. Тэдгээрийг нь зүгээр ч нэг бүрдүүлчихгүй шүү дээ. Шат шатандаа авлига, хүнд сурталтай. Дээр нь цагдаагийнхан байнга ирж мөнгө авдаг, эсвэл сүрдүүлдэг. Тамхи зарлаа гэж дарамталдаг. Тамхины хяналтын тухай хууль нь үнэхээр утгагүй, хэзээ ч хэрэгжихээргүй байхад шүү. Санаачилж, батлуулсан хүн нь өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи уусан биз дээ. Би цагдаа нарыг муулах гэсэнгүй. Тэдний ажил ийм. Гол буруутан нь бодлого боловсруулагчид. Энэ нийгмийн муу муухай, болохгүй бүтэхгүй зүйлүүд дээрээсээ доош урсгалтай. Үүнд л би бухимддаг. Өөр улсад багагүй хугацаанд ажиллаж, амьдарч үзсэний хувьд хэлэхэд, манай төр, засаг ард түмнээрээ ажил хийлгэхгүй байна. ТҮЦ ажиллуулахад хүртэл саад болдог. Бид чөлөөтэй ажиллаж чадахгүй, боомилогдчихсон учраас хүмүүс гадаад явах гээд үхэн хатан зүтгээд буй. Үүгээр зогсохгүй, энэ улсад шударга ёс алга. Манай гэрийн цонхоор хулгайч орсон, би шийдүүлж чадаагүй. Гадаа машинаа тавихаар тоночихдог, бас л хохирлоо барагдуулаагүй. Иргэд хэзээ ч асуудлаа шийдүүлж чаддаггүй, үргэлж хохирч амьдрах ёстой юм уу.

-БНСУ-д амьдарч байгаад эх орондоо ирээд олон зүйлийг харьцуулж харсан байх.

-Солонгост байхдаа би улс төрийг нь мэддэг ч үгүй байсан. Ард түмнээ улс төр бодох шаардлагагүйгээр аятайхан амьдруулж чаддаг. Гэтэл Монголын улс төр бидний амьдрал руу дайрч орж ирж байна. Бусдад дараа бололгүйгээр өөрийн амьдралыг аятайхан аваад явчихъя гээд зүтгэхээр боомилдог. Харийн орныг сурталчлаад байгаа юм биш. Нөхцөл байдал ийм байна. Би тэнд ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө хоёр дүүгээ сургууль соёлтой болгосон. Монголд амьдарч чадахгүй гэхээр нь нэг дүүгээ АНУ руу явуулсан. Дүү маань одоо тэр улсын иргэн болсон. Дуртайдаа тэнд амьдраагүй. Адилхан л ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ энд биш, тэнд амьдрал нь илүү бүтдэг. Ингээд л бид хүмүүсээ нэг нэгээр нь алдаад байна. Би дүүгээ, улс маань нэг иргэнээ харьд алдчихаж байгаа биз дээ.

-Та эхлээд зүгээр үг хэлж байснаа дараа нь нэлээд чанга хашхирсан. Олон хүний дунд сандарсан уу. Ярианы өнгө тань цахим орчинд элдвээр шоглуулах гол шалтгаан болсон.

-Би огт сандраагүй. Харин хэлэх үгээ сайн бэлдээгүй байсан. Гол зүйлээ цаасан дээр гялс бичээд гарсан юм. Бүх үгээ хэлэх гэсээр байтал хугацаа дууссан. Надад бухимдаж явдаг зүйл өчнөөн бий. Ярианы өнгө аясын хувьд бол би угаасаа чанга дуутай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэр хуралд очоод Монголын иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг өөрийнхөөрөө хэлье гэж бодсон. Харь газарт олон жил амьдарсан хүн эх орноо үнэхээр үгүйлдэг юм билээ. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжилд зориулж чадаагүйдээ харамсдаг. Намайг, бас гадаадын олон орныг зорьсон хүмүүсээ эх оронд нь ажиллуулж, ашигласан бол манай улс одоогийнхоосоо хавьгүй илүү хөгжинө биз дээ. Ингэж боддог хүн алга. Манай ардчилал хүнээ хаячихсан. Яг намайг хаясан шигээ тал тал тийш тарж бутарсан монгол хүнээ ч тоолгүй орхисон. Би хэдийгээр мундаг том сургууль төгсөж, айхтар боловсрол эзэмшээгүй ч ардчилал гэдгийг хүн гэж ойлгодог. Улс орон ард түмэн дээрээ л тогтоно. Улсын хөгжил иргэдийн сайн сайхан амьдралаар тодорхойлогдоно. Ард түмнээ бодож, сайхан амьдруулж чадвал улс аяндаа хөгжинө.

-Тантай санал нийлэх хүн олон бий ч дуугүй явсаар байгаа. Тэд яагаад дуугарахгүй байна вэ?

-Миний хамгийн гайхаж байгаа зүйл бол энэ. Монголчууд хүлцэнгүй, шашинд автаж, бөөсөө ч алж чаддаггүй байсан шигээ болчихож. Ийм хүлцэнгүй сул дорой болчихсонд хэд хэдэн шалтгаан бий гэж хардаг. Хамгийн аймшигтай нь архидалт. Гуравхан сая хүн амтай Монгол Улсад архины хэдэн үйлдвэр байна вэ. Зөвхөн манай дүүрэгт архи уухаас өөр зүйл хийдэггүй өчнөөн хүн бий. Дээр нь бидэнд бие биеэ хайрлаж, хүндэтгэх сэтгэл дутдаг, хуурч мэхэлдэг. Уг нь манай улс Азийн Швейцарь болох ёстой гэж боддог. Гуравхан сая хүнтэй, маш их баялагтай хэр нь яагаад Швейцарь шиг хөгжихгүй байгаа юм бэ. Манай төрийн толгойд ганцхан хүн байгаад үүнийг хийж чадахгүй байна гэвэл ойлгоно. “Муу удирдагч” гэж хэлнэ. Гэтэл одоо бол Төрийн ордонд 76 хүн сууж байна. Тэр олон толгой яагаад гуравхан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй байна вэ. Солонгосын нэг дүүргийн иргэдтэй тэнцэх тоо шүү дээ.

-Хүмүүс таныг шоглож, элдэв зураг эвлүүлэн тарааж байна. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Мэдээж эмзэглэлгүй яах вэ. Гэхдээ би өөрийгөө өмөөрч юу ч бичээгүй. Харин хүмүүс намайг өмөөрч байна гэсэн. Тэгж шоглоод байгаа хүмүүсийг өрөвдөлтэй л гэж хэлнэ. Би тэднийг буруутгаж, уурлаад яах вэ. Тэд энэ нийгмийн золиос байхгүй юу. Манай боловсролын систем ийм өрөвдөлтэй хүмүүс гаргасан. Яагаад гэвэл их сургуульд сурах хямдхан, дээр нь чанаргүй. Гуравхан сая хүн амтай улсад уг нь чанартай, цөөхөн сургууль байхад л хангалттай санагддаг.

-Иргэн хүнийхээ хувьд та үгээ хэлсэн. Энэ бүхнийг өөрчилж засахын тулд цаашид тэмцэнэ гэж боддог уу. Жагсаад ч юм уу?

-Хамгийн гол нь энэ улс орон эзэнтэй болох ёстой. Одоо эзэнгүй айлын хэдэн замбараагүй хүүхэд тэлчгэнэж байгаа юм шиг харагдана. Ийм нийгэм, ийм улс гэж байх уу. Бид үүнийг хэлэхгүй, өөрчлөхгүй бол дараагийн үе яах билээ. Яаж тэмцэх вэ гэж бодож, найз нөхөдтэйгөө ярьдаг. Гэтэл нэг найз минь “Батмөнх өө, бослого гаргаад, гурван өдрийн жагсаал хийлээ гэж бодъё. Хүмүүс ирэх үү. Гурван өдөр жагссан хүн хоолноосоо сална. Тэр хүн жагссан нь дээр үү, амьдралаа бодсон нь дээр үү” гэж хэлэх жишээтэй. Тэгээд ч монголчууд улс төрөөс үнэхээр залхсан, жагсаал цуглаанд дөжирчихжээ. АН-ын өнөөдрийн (энэ сарын 1) жагсаалыг хар л даа. Ямар ч хүчгүй.

-Улс орноо эзэнтэй болгох гарц танд харагдаж байна уу?

-Монголын баялаг бол монгол хүн. Энэ баялгаа ашигламаар байна. Бие биенээ хайрлаж, хүндэтгэж байж л энэ улсаа авч явна. Хүн бүр эх орныхоо эзэн нь байя. Унтаж буй улс орноо сэрээе. Гэхдээ хий дэмий цээжээ дэлдэнэ гэсэн үг биш шүү. Өөрсдийгөө хөгжүүлж, сэтгэлгээ, сэтгэхүйгээ өөрчлөх, хөгжиж дэвших хэрэгтэй. Намайг БНСУ руу явахад Монгол Улс ямар байсан, 12 жилийн дараа эргээд ирэхэд яг хэвээрээ байсан. Нэмэгдсэн зүйл гэвэл хэдэн барилга. Тэр үед төрөөс иргэдэд 300 000 төгрөг өгч байсан. Учрыг нь сайн ойлгоогүй. Манай дүү нар “Эх орны хишиг, АН-аас өгч байгаа юм” гэсэн. Түүгээр бид юу ч хийж чадахгүй. Гурван сая, 30 сая биш, 300 000 төгрөг өгчихөөд биднийг юу хий гэж байгаа юм. Төрийн толгойд гарсан хүмүүсийн хувьд 300 000 төгрөг халаасны мөнгө. Ард түмнээ ингэж хуурч болдог юм уу. Хятадын нэг удирдагч “Та нар хийж чаддаг бүх зүйлээ хий” гэж хэлсэн юм гэнэ лээ. Одоо Хятад орон яаж хөгжиж байгааг хар даа. Бид ч гэсэн хийж чадах бүхнээ хиймээр байна. Би нэг зүйлд их эмзэглэдэг. Ерөнхийлөгчийн уулзалтад ч цухас дурдсан. Гуравхан сая хүнтэй хэрнээ 40-өөс дээш насныхныг ажилд авдаггүй. Уг нь бол 80 гарсан ч чадах зүйлээ хийгээд, зүтгэж байгаад улсаа хөгжүүлнэ. Хүн бүхэн хичээж ажиллах хэрэгтэй. Манайхан эрт босохгүй юм. Болдог бол нийтээр нь эрт босгодог дохио дуугаргаад ажилд нь гаргамаар байна.

-Таныг аль нэг намын өмнөөс дуугарлаа гэж хардах хүн ч байсан.

-Би ямар нэгэн нам, улс төрийн хүчний үгийг дамжуулаагүй, иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо хэлсэн. Улс шиг улсад амьдрах хүсэлтэй жирийн л иргэн. Яриандаа М.Энхболд даргын нэрийг хавчууллаа гэж хорооны нэг ажилтан уурлаж байна лээ. Энэ мэтийн сонин зүйл их үзэх нь. Бид уг нь ингэж амьдарч болохгүй биз дээ. Толгой дээрээ 76 хүн суулгачихсан. Тэдний ард 76 эхнэр, нөхөр, 76 найз гэх мэтээр үржигдэнэ. Энэ олон шуналтай хүнд миний эх орон багадна шүү дээ. Хүний шунал ямар их билээ. Байр, машинтай боллоо гээд ханахгүй, дараагийнхаа зүйлийг хүсэж мөрөөднө. 76 хүн, тэдний “үржвэр” байгаа цагт манай улс өөдлөхгүй. Маш их баялаг дээр суусан хэрнээ ядуу зүдүү амьдраад байгаа нь ямар учиртай юм бэ. Нутаг нутагт л нэг уурхай ухаад хаячихсан гэх юм. Би явж үзнэ гэж бодож байгаа. Тэгсэн атлаа утаанаасаа ч салж чадахгүй 28 жил боллоо. Төрийн эрх барьж буй хүмүүс яг юу хийгээд байна аа. Бид дэндүү ноомой байгаа юм биш үү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549