Пёнчаны тэнгэрт Олимпийн бамбар бадамлаж байна

access_time 2018-02-10

 

Өнгөрсөн баасан гаригт БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн олимпийн XXIII наадам эхэлсэн билээ. Хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор жагссан ховорхон тохиолдол болов. “Энх тайван, ирээдүй” сэдвийн дор эхэлсэн тус олимпийн наадмын нээлтийн ёслолыг 35 мянган хүний суудалтай “Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д Солонгосын уламжлалт түүх соёл, орчин үеийн соёл, техник технологийн онцлогийг хослуулсан, хоёр Солонгосын ард түмэн Солонгосын хойг болон дэлхий дахинд энх тайвныг тогтоох хүсэлтэй буйг илтгэн харуулсан сэдвийн хүрээнд хийснийг “Yonhap” агентлаг мэдээлэв.

Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Грекийн баг тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд орж ирсний дараа Солонгос цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орны тамирчид орж ирсэн бол хамгийн сүүлд хоёр Солонгосын тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд алхан орж ирсэн нь энэ олимпийн нээлтийн ёслолын хамгийн торгон мөчүүдийн нэг, Солонгосын хойгийн нутаг дэвсгэрт хоёр Солонгос нэг туг далбаан дор алхсан анхны тохиолдол болов.

Нээлтийн ёслолын үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Даян дэлхийд энх тайван тогтохыг бэлгэдэн “Рио-2016” зуны олимпийн наадамд дүрвэгсдийн баг НҮБ-ын туг далбаан дор оролцож байсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг байсан. Өнөөдөр хоёр Солонгосын тамирчид Солонгосын хойгийн туг далбаан дор хамтдаа алхсанаар энх тайвныг сурталчилсан дахин нэг чухал мессэжийг дэлхий дахинд илгээлээ” гэж хэлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өвлийн олимпийн наадам эхэлснийг албан ёсоор зарлаж, алдарт уран гулгагч Ким Юна олимпийн бамбарыг асаав. Ким Юна олон улсын томоохон уралдаануудад ялалт байгуулсан, Өмнөд Солонгосын анхны уран гулгагч юм. Тэрбээр 2010 оны Олимпийн наадмын алтан медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмуээний алт (2009, 2013), 2014 оны ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрээр 11 удаа дэлхийн рекорд тогтоосон хэмээн ТАСС агентлаг мэдээлэв.

Өмнөд Солонгост болж буй анхны өвлийн олимп нь энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 92 улс орны 2920 гаруй тамирчин, түүний дотор зохион байгуулагч Өмнөд Солонгосын 144, Хойд Солонгосын 22 тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөнө. Өмнөд Солонгос “Пёнчан-2018” олимпоос найман алтан медаль хүртэх буюу багийн дүнгээрээ эхний дөрөвт орох зорилт тавьжээ.

2018 оны Өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр өнгө өнгийн салют цацарч, Энэхүү наадмын нээлтийн ёслолд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү охин, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар оролцсоныг “The Los Angeles Times” онцолцжээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549