Оросын цөмийн судалгааны эрдэмтэд БИКОЙН НУУЦААР олборлож байгаад баригджээ

access_time 2018-02-10
remove_red_eye 290

 

1946 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ОХУ-ын Саров хотод байрлах Холбооны Цөмийн Судалгааны Төв нь өндөр хүчин чадалтай супер компьютерууд ажиллуулдаг, нууц байгууламжид тооцогддог юм.

Энд Зөвлөлт Холбоот Улс анхныхаа атомын бөмбөгийг бүтээж, Нобелийн шагналт, алдарт физикч Андрей Сахаров 20 жил ажилласан газар гэдэг.

Онцгой нууц байгууламж тул эндхийн супер компьютеруудыг интернэтэд холболгүй, офлайн горимд ажиллуулдаг байна. Гэтэл тус төвийн мэргэжилтнүүд эдгээр хүчирхэг машинуудыг интернэтэд холбож, биткойн олборлоход ашиглаж байгаад баригджээ.

Биткоин зэрэг крипто валютуудыг олборлоход математикийн нарийн түвэгтэй бодлого бодох хэрэгтэй болдог тул өндөр хүчин чадалтай компьютер шаардагддаг юм.

Мэдээж супер компьютер ашиглавал олзны хэмжээ их байх нь тодорхой. “Төвийн компьютеруудыг хувийн зорилгодоо, тодруулбал крипто валют олборлоход ашигласан хэргийг илрүүллээ” гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Интерфакс агентлагт мэдээлжээ.

Холбогдсон мэргэжилтнүүдийг Холбооны Аюулгүй Байдлын албанд шилжүүлсэн байна. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх төлөвтэй байгаа юм. Саровын судалгааны төвд 20,000 хүн ажилладаг ба суперкомпьютерийнх нь багтаамж 1 Петафлоп хүрдэг гэнэ.

Энэ нь секундэд 1,000 их наяд үйлдэл хийх хүчин чадал гэсэн үг юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549