76:1 МУНАГ МУРАТ

access_time 2018-02-13
remove_red_eye 207

 

“Ньюс” агентлаг 76:1 булангаараа УИХ-ын гишүүн Дакейн Муратыг танилцуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас Баян-Өлгий аймагт нэр дэвшин ялалт байгуулсан гишүүн бол “Зуухны” Мурат юм. Аймгийнхаа Дулааны цахилгаан станцын даргаар олон жил ажилласан, сумынхаа сургууль, цэцэрлэгийн халаалтыг нам даралтын зуух суурилуулж, шийдсэн нь “Зуух” хочтой болгосон гэдэг. Гэвч бусдыг садар самуунд уруу татахыг оролдсон гэх дуулианаар энэ хоч Мунаг Мурат болж, өөрчлөгдөөд байна.

Сар гаруйн өмнө цахим ертөнцөд УИХ-ын гишүүн Д.Муратын шалдан зураг цацагдаж, түүнд дарамтлуулдаг байсан гэх Б.Бахытгүл хэвлэлд хандсан нь Т.Гантулга гишүүний дуулианаас дутахгүй өндөр авсан.

Б.Бахытгүлийн яриагаар бол Д.Мурат нь өөрийн фейсбүүк хаягаар нүцгэн зургаа илгээдэг, хайртай дуртай гээд бидэг. Хэл амаар доромжилж, бусадтай холбон харддаг. Хуулийн байгууллагад хандах тухай хэлэхэд туслахынхаа дэргэд үснээс нь зулгааж, зодсон. Дараа нь ууттай мөнгө барьж ирж, гомдол гаргаж, хуулийн байгууллагад хандахгүй байхыг хүссэн гэж буй.

Харин Д.Мурат гишүүн энэ яриаг үгүйсгэж, “Намайг Их хурлын гишүүн болсны дараагаас тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Үүнийг казах хэл мэддэг хүн бүхэн мэднэ” гэж тайлбар хийсэн юм. Фейсбүүкээр тархсан зургийг эвлүүлэг гэж мэдэгдсэн билээ. Одоо энэ хэргийн учрыг олохоор хуулийн байгууллагынхан ажиллаж байна. Учир нь Д.Мурат гишүүн нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр Б.Бахытгүлийг цагдаад өгсөн бол Б.Бахытгүл нь УИХ-ын Ёс зүйн хороонд хандсан байдаг.

Д.Мурат нь УИХ-д шинэ ч Ардчилсан намд хуучин хүн. 1989 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байх үед Ардчилсан холбоо байгуулагдаж, үйл хэргээ эхлүүлэхэд нь уриа лоозонг нь хэвлэж өгч явсан бөгөөд нэг хэсэг ардчиллын үйл хэрэгт оролцож байжээ. Гэхдээ нэг их удаагүй, хувийн бизнес хөөсөн. Энэ хооронд гэрэл зураг авахаас эхлээд юу эсийг хийх билээ. Тухайн үед 27 мянган төгрөгөөр “аавын цээж” буюу УАЗ машин худалдан авч унаад, тэвшин дээр нь “Хонда” мотор асааж, авсан зургаа угааж мөнгө олдог байсан гэх нь бий. Бизнесийн гараагаа эхлүүлсэн түүх нь ийм.

Харин аймаг сумынхаа дулааны асуудлыг шийдэж чадсан нь эзэмшсэн мэргэжилтэй нь холбоотой. Тэрбээр дулааны инженер мэргэжилтэй, арван жил тасралтгүй “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлджээ. Ардчилсан намын экс дарга З.Энхболдод тоогдсон нь хууль тогтоох дээд байгууллагад ажиллах замыг нь зассан гэх нь бий. Түүний өрсөлдөгч нь МАН-аас нэр дэвшсэн О.Тлейхан байв. Үеийн шахам хоёр нэг тойрогт учраа таарахад “Д.Мурат ялагдана” гэж харах хүн олон байсан ч ялалт байгуулж чадсан.

Бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилласан 2 жил орчмын хугацаанд олон нийтэд танигдаагүй байсан ч дээрх дуулиан хоёрхон өдрийн дотор цуутай болгосон юм.

Одоо тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүний нэг болон ажиллаж байна. УИХ-д сонгогдсоноосоо хойш хуулийн төсөл санаачлаагүй ч тойргийнхоо иргэдийг тусламж хүсэхэд татгалздаггүй аж. Бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилласан энэ хугацаанд 180 гаруй сая төгрөгийг өвчтэй зовлонтой иргэдэд тусламж болгон өгчээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ЭНДЭЭС  

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549