Ус бол number one

access_time 2017-05-19

“Нээлттэй төрийн байгууллага” цуврал сурвалжлага үргэлжилсээр. Энэ удаагийн сурвалжлагаар уншигч таньд “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын үйл ажиллагааг хүргэхээс гадна устай холбоотой гурван асуудлыг хөндөх болно.

Нэр: “Монгол Ус” ТӨҮГ

Статус: Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Байгуулагдсан он: 2011 он

Үйл ажиллагааны чиглэл: “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, усны нөөцийн менежмент хийх, усны барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах

Удирдлага: Захирал Г.Билэгсайхан

Ажилчдын тоо: 50

Байршил: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж, “Монгол Ус” ТӨҮГ-ын байр

Сурвалжлагынхаа гарчгийг “Ус бол number one” хэмээн өгсний учир хэнд ч ойлгомжтой. Эрдэмтдийн тооцоолсноор манай улсын усны нийт нөөцийн хэмжээ жилд 608,000 сая шоо метр орчим. Жилийн хэрэглээ, ашиглалт нь 500 сая шоо метр орчим. Манай улс дэлхийд усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг юм байна. Энэ бол нэгдүгээр асуудал. Дараагийнх нь говийн бүс нутагт гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа байдал. Говь нутагт уул уурхай, аж үйлдвэр эрхлэхдээ гүний ус ашиглаж байна гэдэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал юм. Гуравдугаарт, газрын доорх усны нөөц болон чанарын мониторинг гэх томоохон ажил манайд төдийлөн хийгдэхгүй байна.

“Монгол Ус” ТӨҮГ нь 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхээр байгуулагдаж, 2012 оноос үйл ажиллагаа нь жигдэрч эхэлжээ. Энэ байгууллагын гол гүйцэтгэдэг ажил нь хоногт 100 шоо метрээс их ус ашигладаг аж ахуй нэгжид ус ашиглуулах дүгнэлт гаргах, ус ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих юм. Мөн улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон усны нөөцийн ордуудыг боломжит нөөцийн хэмжээнд ашиглуулах үйл ажиллагаа явуулдаг.

Нэг жилд 140 орчим аж ахуй нэгжид ус ашиглуулах дүгнэлт гаргаж өгдөг. Тодруулбал, уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа компани тухайн онд хэр хэмжээний ус ашиглах төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газраар баталгаажуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, боломжит нөөцийн дүгнэлт, техник эдийн засгийн үнэлгээ зэргийг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмалын газраас ирсэн, дээр дурдсан бичиг баримтанд үндэслэн дүгнэлт гаргадаг гэсэн үг.

Ямар тохиолдолд аж ахуй нэгжүүдэд дүгнэлт гаргаж өгөхгүй вэ?

Тухайн компанийн ашиглалтын талбай нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлтэй давхцах, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй, өмнөх жилийнхээ ус ашиглах төлбөрийг төлөөгүй, боломжит нөөцийн хэмжээнд хүрэхгүй зэрэг тохиолдолд ус ашиглуулах дүгнэлт гаргах боломжгүй болдог байна. Товчоор бол, усны нөөц багатай оронд усны зөв менежмент хийх үүрэгтэй байгууллага юм.

Санхүүгийн ил тод байдал 

Тус байгууллага 2016 онд 836.5 сая төгрөгийн орлого, 672 сая төгрөгийн зарлага гаргаж, нийт 148 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 180.6 сая төгрөгийн авлагатай, 37.5 сая төгрөгийн өглөгтэй гэсэн мэдээллийг өгөв. Санхүүгийн эх үүсвэрийн гол үйл ажиллагаа нь хоногт 100 шоо метрээс илүү ус ашигладаг аж ахуй нэгжид ус ашиглуулах дүгнэлт гаргах бөгөөд нэг жилд улсын болон орон нутгийн төсөвт 35 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг байна.

Уул уурхайн үйлдвэрлэлд цэвэр ус ашигласаар байх уу?

Сурвалжлагын эхэнд дурдсанчлан, манай улсад уул уурхайн үйл ажиллагаанд хаягдал ус ашигладаггүй. Гадаргын болон газрын гүний ус ашиглаж байгаа нь “Чандмань эрдэнэ” болсон усанд ихээхэн хайр найргүй хандаж байгаагийн илрэл юм. Тодорхой баримт дурдвал, Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулдаг “Петро чайна дачин тамсаг” компани 2017 онд 1.7 сая шоо метр ус ашиглах тооцоо гаргаж, үүнийг “Монгол Ус” ТӨҮГ-ын дүгнэлтээр баталгаажуулжээ. Ийм хэмжээний ус ашигласны оронд орон нутгийн төсөвт 2 тэрбум гаруй төгрөг төлөх юм байна. Усны үнэлгээний хувьд харилцан адилгүй бөгөөд Мэнэнгийн талын сав газарт ашигт малтмал олборлон баяжуулсан тохиолдолд нэг шоо метр усны үнэ 1184 төгрөг. 2 тэрбум гаруй төгрөг гэдэг багагүй мөнгө хэдий ч усны үнэ цэнэтэй харьцуулашгүй.

Тэгвэл “Монгол Ус” ТӨҮГ-ын дарга Г.Билэгсайхан дээрх чухал асуудлын талаар ийнхүү ярьсан юм. “Говийн бүс нутагт гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол бүс нутгийн усны нөөцөд сөргөөр нөлөөлнө.  Уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр гүний усыг шууд ашиглахаас илүүтэй дахин цэвэршүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай байна. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл дэх ус ашигласны төлбөр харьцангуй бага байгаа, томоохон төслүүдээ эхлүүлэхдээ анхнаасаа техник, технологийн өндөр шаардлага тавьж чадахгүй байгаатай холбоотой юм. Гадны улс орнуудын туршлагыг харж байхад ер нь эдийн засгийн чадамжтай, өндөр технологитой орнууд голлон хаягдал усыг дахин цэвэршүүлж хэрэглэж байна. Япон, Сингапур, Герман зэрэг улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Тэд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар хэрэглэсэн усаа дахин боловсруулж цэвэрлээд наад зах нь ариун цэврийн байгууламж, хот тохижуулалт, аж үйлдвэр болон уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэгт ашиглаж байна. Зарим өндөр хөгжилтэй оронд хаягдал усыг 99 хувь хүртэл цэвэршүүлээд бараг дахин ундны ус болгож эхэлж байна шүү дээ. Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн цаг үеэ ч харсан, байгалийн нөөцийн шавхагдаж буй ирээдүйн дүр зургаа ч харсан хаягдал усыг дахин боловсруулж хэрэглэх нь энэ зууны төдийгүй хүн төрөлхтөний ирээдүйн томоохон зорилтын нэг байх нь тодорхой байна. Энэ чиг хандлагад Монгол Улс нэгдэж, суралцахаас өөр аргагүй.

Манай улсад усны нөөц болон чанарын мониторинг шаардлагатай байна

Сурвалжлагаар хөндөж буй дараагийн сэдэв бол усны нөөц, чанарын мониторинг буюу хяналт шинжилгээ юм. Манай улсад энэхүү ажил төдийлөн сайн биш учраас усны хяналт шинжилгээний ажлыг цэгцтэй явуулах хэрэгтэй юм байна. Мэргэжлийн судалгааны байгууллага  ийм төрлийн ажил хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх нь чухал болохыг онцолж байна. Уг нь “Монгол Ус” ТӨҮГ-ын дэргэд Усны хүрээлэн гэх бүтэц байгаа ч одоогоор ямар ч боловсон хүчингүй байгаа юм. Энэ бүтэц болон тус газрын лаборатори, одоо ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчинг ашиглаад усны нөөцийн болон чанарын судалгаа хийх бүрэн боломжтой гэдгийг дэд захирал  Д.Батжаргал тодотгож байлаа.

“Монгол ус” ТӨҮГ-ын дэргэдэх лаборатори

Г.Ганболд: Бид хуудуутай дүгнэлт гаргах эрхгүй

Усны нөөцийн менежмент хийх, аж ахуй нэгжүүдэд ус ашиглуулах дүгнэлт гаргах эрх бүхий энэхүү байгууллага дүгнэлт гаргахдаа хэр шударга байдаг эсэх, ямарваа нэгэн авилгалд өртөх магадлалтай гэх зэрэг асуудлыг гэдгийг зарим эх сурвалжууд хэлдэг. Тэгвэл энэ асуултад Монгол Ус” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Ганболд ингэж хариуллаа. “Их ус ашиглаад бага төлбөр төлөх гэсэн бодолтой хүмүүс байдаг. Бид нэг л зарчим баримталж байгаа. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хууль зөрчих эрх хэнд ч байхгүй. Бид давтагдашгүй, дахин сэргээгдэхгүй нөөцийг зөвшөөрч байгаа улсууд. Үүнийг үнэн зөв тогтоохгүй бол болохгүй. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гол асуудлын нэг болж байна. Ийм эрх мэдэлтэй улсууд хайхрамжгүйгээр гарын үсэг зурна гэдэг байж болшгүй хэрэг.

Гэрээний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүргийг гүйцэтгэж байгаа “Монгол Ус” ТӨҮГ-ын тухай сурвалжиллаа. Энэ удаад тус байгууллагын үйл ажиллагаан дээр үндэслэн устай холбоотой тулгамдаж байгаа асуудлыг хөндөж үүнийг шийдвэрлэх ямар алхам хэрэгтэй байгааг ч мөн онцоллоо.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060