Ц.Одонтунгалаг: Иргэд төрөөс их энгийн, жижигхэн зүйл хүсдэг юмаа…

2017-05-22 Ярилцлага 0

 

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын дэргэдэх Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ц.Одонтунгалагтай ярилцлаа. 

-Та БГД-ээс хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Дүүрэгтээ чиглэсэн ямар ажлууд хийж байна?

-Миний хувьд тав дахь жилдээ нийслэл хотынхоо төрд иргэдийн төлөөлөл болон ажиллаж байна. Иргэд бол гэр хороолол, орон сууц гэсэн хоёр хэсэгт амьдардаг. Гэр хороололд цахилгаан эрчим хүчний хангамж, хүчин чадал, гудамжны гэрэлтүүлэг, худаг, автобусны буудал, замын асуудал яригддаг. Тогны хүчийг сайжруулж өгөөч, уулархаг газрын замыг сайжруулах арга байна уу, худаг, буудал ойртуулж нээж өгөөч гэх мэт. Орон сууцны хорооллынхон бол орцны хаалгыг хэрэглээ талаас нь хялбар мөн аюулгүй байдлыг нь анхаараач, дулаалга, дээвэр, автозогсоол, тоглоомын талбай ингээд л болчихдог. Бид өнгөрсөн дөрвөн жилд 8.3 тэрбум төгрөгөөр гэрэлтүүлэг тавьсан нь хотын нүүр царайг өөрчилж олон улсын жишиг хот болгож чадсан.  Дээврийн ажлыг 90 хувьтай хийж гүйцэтгэсэн. Одоо бол орцондоо кодтой хаалга хийх, тоглоомын талбайг сайжруулах гэх мэт санал хүсэлтүүд ирээд эхнээс нь шийдвэрлээд л явж байна. Иргэд төрөөс их энгийн, жижигхэн зүйл хүсдэг юмаа. Тэд амьдарч байгаа орчин нь тав тухтай, амьдралынхаа бүх үйлчилгээг ойрхоноос чирэгдэлгүй авахыг л хүсдэг болохоос биш төрөөс том мөнгө төгрөг шаардаад үйлчилгээний, төв обьект гэх мэт том хөрөнгө оруулалт хүсдэггүй.

Иргэд төрөөс их энгийн, жижигхэн зүйл хүсдэг юмаа. Тэд амьдарч байгаа орчин нь тав тухтай, амьдралынхаа бүх үйлчилгээг ойрхоноос чирэгдэлгүй авахыг л хүсдэг болохоос биш төрөөс том мөнгө төгрөг шаардаад үйлчилгээний, төв обьект гэх мэт том хөрөнгө оруулалт хүсдэггүй.

-Та их сайхан үг хэллээ. Иргэдийн хүсэл их энгийн бас багахан юмаа гэж. Төрийн түшээ, төлөөлөгч бүхэн ингэж хардаг болов уу?

-Ер нь бол бодит үнэн нь энэ юм. Ард иргэд төрөөсөө хамааралгүй өөрсдийгөө өөр өөрийн хэмжээнд аваад л амьдраад л явж байгаа. Гэтэл төр засаг ард иргэд нэг л их хэцүү юм хүсээд байгаа мэт  маш их хөрөнгө мөнгийг хэрэгтэй хэрэгггүй юманд зарцуулж байна. Янз бүрийн эвент, шоу,  ямар нэгэн ойн баяр гээд л хүний амьдралд нэн чухал хэрэгцээтэй бус зүйлийг хийдэг. Нийслэл хотын гол зорилго бол иргэдийн амьдрах ая тухтай орчинг л бүрдүүлэх. Үүнд чинь зам, гэрэлтүүлэг, дулаан, цахилгаан, ус, сургууль, цэцэрлэг, автобус унаа ордог. Мэдээж хэрэг том хот болохоор өөрийнхөө хэмжээгээр хөгжил цэцэглэлт олон улсын жишигт хүрэх бүтээн байгуулалтаа хийлгүй л яахав.

-Өнгөрсөн дөрвөн жил НИТХ маш сайн ажилласан. Сайн жишээ дурьдаач гэвэл?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлт, смарт үйлчилгээг нэрлэмээр байна.  Мөн “Гудамж” төсөл, 50 жил гар хүрээгүй магистрал шугамуудын шинэчлэл,  хонгилын систем гээд л олон ажил бий шүү. Мөн сургууль, цэцэрлэг маш олныг барьсан. Одоо бол энэ хөрөнгө оруулалтыг зогсоочихсон байгаа.

-Та өнгөрсөн онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиралаар ажиллаж байсан. Смарт үйлчилгээ өнөөдөр та бүхний хүссэнээр явж байна уу?

-Смарт картны хэрэглээ илүү боловсронгүй болж хэрэгжин үр дүнгээ өгч байгаад нь баярлаж байна. Ямар ч төслийг үр дүнд хүргэнэ гэдэг маш том даваа.  Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд таалагдсан, бухимдал стрессгүй жигдэрч байна.

-НИТХ дээр Ардчилсан нам цөөнх байгаа.  Ажиллахад хэр байна?

-Шинээр олон залуус орж ирсэн нь сайшаалтай боловч төрийн ажилд хандах хандлага нь төлөвшөөгүй байна. Дүүргийн ИТХ-д байсан нь арай л өөр. Янз бүрийн таагүй, сөрөг зүйлүүд ажиглагдаж гарч л байна. Төрийн бодлого, төрийн ажлыг хувийн юмшигээ бодох,  нэг намын үзэл бодлоор асуудлыг шийдэх, цөөнхийн дуу хоолойг үл ойшоох гэх мэт. Яваандаа төлөвшөөд ирэхээр иймэрхүү сөрөг үзэгдлүүд алга болох байх гэж найдаж яваа.

-Нийслэл дээр баг болж ажиллах нь илүү үр дүнтэй санагддаг юмаа?

-Бид бол бид цөөнх юм чинь хамаагүй гэсэн сэтгэлээр ханддаггүй. Хамтраад санаа оноогоо хэлээд олон жил ажилласан туршлагаасаа хуваалцаад зарчмаа яриад ажиллаж байна. Яагаад гэхээр бид бол нийслэлийн иргэдийг төлөөлөх гэж энд сонгогдсон.

                                          Х.Баттулга Путин шиг ерөнхийлөгч болж чадна…

 

-АН намын шинэчлэл орон даяар өрнөлөө. Таны сэтгэгдэл?

-Намын шинэчлэлийг бүхлээр нь илүү ардчилсан болох алхам гэж харж байгаа. Шинэ ажил болгонд алдаа оноо ирдэг. Тэр утгаараа хэтэрхий олон сонгууль явуулсан болохоор “худлаа” гишүүн олноор нэмэгдсэн. Нэр дэвшигч болгон янз бүрийн хүмүүсийг автоматаар элсүүлээд байх жишээний. Тэр гишүүн нь элсүүлсэн хүнийхээ оролцсон сонгуульд л ирж саналаа өгөөд таг чиг.   Иймэрхүү үзэл бодол үйл хэргийг нь дэмжихгүй гишүүн олноор бий болсонд харамсдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Давуу талууд байлгүй яахав. Нөгөө дээр суудаг дарга нар чинь жирийн гишүүдээс санал авахын тулд очиж уулзаж байна.

 

-МУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг намын их хурлаар батламжиллаа? Сэтгэл хангалуун байна уу?

-Эхлээд би Р.Амаржаргал, Б.Дорлигжав даргыг байгаасай гэж бодож байсан. Тэгээд яахав олонхийн сонголтоор Х.Баттулга дарга гараад ирлээ. Нэр дэвшигчээ нөгөө намын нэр дэвшигчтэй харьцуулахад зөв эр хүн, монголдоо элэгтэй сэтгэлтэй талаараа  илүү гэж харж байна. Путин Оросын ард түмний төлөө ямар их чухал шийдвэрийг гаргаж ажиллаж байгаа  билээ. Х.Баттулга Путин шиг ерөнхийлөгч болж чадна.

-Иргэд танай намыг Ардчилсан ерөнхийлөгчийн буухиагаа таслахгүй авч чадвал 2020 онд засагаа авч чадна гэж харж байгаа?

-Ардчилсан ерөнхийлөгч гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Нийгмийн хандлага ч тийм байна. Эрх барьж буй намын хандлагад ард түмэн үнэлгээ дүгнэлтээ өгөөд эхэлсэн. Монголчууд ухаантай холыг хардаг хүмүүс болохоор ер нь бол сонголтоо одоо хийчихсэн л байгаа. Энэ бүхнээс харахад ардчилсан ерөнхийлөгчтэй болох бүрэн боломжтой байна. Хамгийн гол нь нөгөө хар машин энэ тэр дээрээ ажиллаад ард түмний сонголтыг эргүүлчихгүй л бол.

-Та хуульч хүн. Хуульч, сэтгүүлч хоёрыг өөр салбарт ажиллуулах дургүй байдаг гэж үг бий. Хуульч хуулиа сайн мэднэ, харин сэтгүүлч хүн аливаа зүйлийг дуугүй өнгөрөөдөггүй болохоор тэр…?

-Хүний бүрийн багын төлөв байдал, хандлага насан туршийнх байдаг аж. Би багаасаа идэвхтэй, оролцоо сайтай хүүхэд байсан. Жаахан том болоод шударга хүн больё гэж бодоод хуулийн сургуульд сурсан. Төгсөөд хуулийн байгууллага дотор ажилласан.  Гэвч нөгөө хүссэн салбар минь шударга бус явдлаар дүүрэнг шууд мэдэрсэн. Тэгээд цаашлаад нийгмийн тогтолцоо буруу болохыг ойлгосон. Ингээд улс төр рүү орсон. Гэтэл бас л ард түмнийхээ дуу хоолой болно гэж гарч ирсэн хүмүүс сонгогдсоныхоо дараа худлаа болдогийг мэдэж авлаа. Гэвч юм бүхнийг бараантуулж болохгүй. Энэ хүмүүс дотор сайхан сэтгэлтэй, шударга, бусдын төлөө үнэнчээр зүтгэж ажиллах хүмүүс цөөнгүй бий. Тэдэнтэйгээ нийлээд хүссэн хайсан нийгмийнхээ төлөө ажиллая гэж хүссэн. Хаана очиж дуу хоолойгоо гаргах вэ гэж хайсан. Ер нь бол хүн шударга нийгмийг хүсч байвал  суурь салбарт нь хүрэх хэрэгтэй. Үгүй бол тэр мөрөөдөл чигээрээ үлдэнэ. Тэгээд л одоо нийслэлийнхээ иргэдийн дуу хоолой болоод явж байна. Өмгөөлөгчөөр 10 гаруй жил ажиллаж хүний алдааг засч залруулж оноог нь дэмжиж урамшуулж ирсэн. Одоо энд иргэдийнхээ бүх л асуудлыг нь хардаг, хуваалцдаг төлөөлөгчийн замаар явж санаснаа хэрэгжүүлнэ гээд  явж байна.

-Шударга бус зүйл нийгмээр дүүрэн. Шударга нийгмийг бий болгохын төлөө юу хийх ёстой вэ? Залуус ярьдаг ч гарцаа мэддэггүй?

-Би  ч гэсэн нервтэж дотороо яахав гэж бодож явсаар 40 нас хүрсэн. Тэгээд улс төрд орж ирээд ажилласан. Үүний дараа эртхэн энэ дотор орж ирсэн бол гэж бодогддог юм билээ. Тэгэхээр манай залуус энэ салбарыг надад хамаагүй гээд орхиж болохгүй. Өөрийнхөө амьдралыг шийддэг энэ давхарга руу анхаарлаа хандуул. Миний хувьд нийгмийн бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүхнийг ахлах ангиас л таниулах хэрэгтэй санагддаг. Чи улсаас, дүүргээс ийм ийм халамж авах эрхтэй, НИТХ та нарын ийм ийм асуудлыг хариуцана, эрүүл мэндийн байгууллагаас чи ийм ийм үйлчилгээг авах боломжтой гэх мэтээр бүр сайн задлаад ойлгуулах хэрэгтэй. Өөрсдийгөө УИХ-д, нийслэлд хэн төлөөлж байгааг мэддэггүй хүмүүс ч олон байна шүү дээ.

-НИТХ өнгөрсөн дөрвөн жил маш сайн ажилласан. Э.Бат-үүл даргын баг сайн ажиллаж НИТХ-ыг бараг таниулж өгсөн гэж хардаг?

-Санал нэг байна. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ сар болгон хуралддаг болгосон. Иргэдтэй шууд харилцаад эхэлсэн. Иргэдийн төлөө маш их шинэчлэл хийсэн. Өмнө нь жилд хоёр удаа хуралддаг байсан газар шүү дээ.

-АН олонх байхдаа эхлүүлсэн олон төсөл бий. Авто худалдааны төв юу болсон бэ?

-Уг нь Да хүрээ захаас илүү таатай орчинг бий болгосон. Гэтэл хэдхэн хүний хувийн эрх ашгийг бодох уу, иргэдээ нийтээр нь хамгаалах уу гэдэг асуудал үүссэн. Нүүлгэх нь маш зөв шийдэл. Шар хадны зах орчмын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд асар муу нөлөөтэй нь тогтоогдсон. Ер нь бол аливаа асуудлыг удирдлагууд л шийддэг. Зөв хандлагатай, зөв сэтгэлтэй удирдлага зөв шийдвэрийг иргэдийн төлөө гаргадаг. Харин эсрэгээрээ хэн нэгний эрх ашгийг хамгаалсан хувийн амбийц  бодсон удирдлагаас тэр хэмжээний шийдвэр гарахгүй. Э.Бат-Үүл дарга хотыг бүүр нэг хот шиг хот болгочих юмсан гэсэн чин сэтгэлтэй ажилласан. Хоноцын сэтгэл бүү гаргаарай гэж дандаа захиж байсан.  Манай улс төрд залгамж халаа гэж юм алга. Тэр утгаараа намын үзэл бодол, эрх ашгаар аливаад хандаж сайн шийдэл, хөтөлбөрүүд нам зогслоо.

-НИТХ дээр цөөнх байгаа та бүхний хөтөлбөр хэрэгжих магадлал хэр байна вэ?

-Нийслэлийн 45  төлөөлөгч тойрог дээрээ амлалт өгөөд гарч ирдэг. Хэдийгээр манай нам цөөнх болсон ч бидний мөрийн хөтөлбөр маш сайн. Мэдээж амалсан бүхэн хэрэгжих магадлал багатай ч бид хичээж байна. Хувиасаа ч мөнгө босгож ажиллах тохиолдол байна. Би түрүүн хэлсэн, иргэд нэг их юм хүсдэггүй юмаа. Тийм болохоор бид чадлаараа хичээнэ.

-Чадамж болоод эрх мэдлийн хувьд бол асуудалтай л байгаа юм байна. Тийм үү?

-Багаараа гарвал  илүү хялбар л даа. Гэтэл өнөөдөр манай намыг сонгосон хэсэг дээр өөр хандлага гаргаж байна. Ялсан дүүрэгтээ хөрөнгө оруулалт илүү тавигдаж ялгамжлан хандаж байна. Уг нь бол манай намын сайн хөтөлбөрөөс аваад ажиллаж болох ч санаснаар болохгүй л байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль