Б.Бямбадорж: Муу нуухаар сайн илчил гээд ард  иргэддээ үнэн учраа хэлнэ…

2017-05-22 Ярилцлага 0

Нийслэлийн хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадоржтой ярилцлаа.

-МАН НИТХ-ын сонгуульд Аз жаргалтай Улаанбаатар хот мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцсон.  НИТХ бүрдээд найман сар өнгөрлөө. Үйл хэрэг хэрхэн явагдаж байна вэ?

-За 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийг баталлаа. Улс орны эдийн засаг, нийслэлийн төсөв төлөвлөгөө хүнд байна, урьдны концессийн гэрээгээр хийж хэрэгжүүлсэн ажлын төлбөрт энэ оны төсвөөс 400 тэрбум төгрөг олгож эхэлж байна. Нөхцөл байдал ийм байгаа ч бид аль болохоор боломжийн ажиллаж байна гэж би хэлнэ. Энэ оны төсвийн 54.2 хувийг бид дэд бүтцийн чиглэлд зориулна. Гэр хорооллын сервис центр, орон сууцжуулах хөтөлбөрийн дэд бүтцийг дахин төлөвлөх, хашаа газараа өгчихөөд  орон сууцанд ороогүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гээд олон чиглэлээр ажлууд хийгдэж байна. Миний хувьд гэр хорооллын хөгжил, байгаль орчин экологи ажлын хэсэгт харьяалагддаг. 2016 оны 9 сарын 15-нд Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар томилогдон ирсэн. Захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдал, удирдлагын хэлтэстэй хамтран Улаанбаатар хотын ногоон байгууламж, хог цэвэрлэгээ, тохижилт зэрэг асуудалд гар бие оролцон ажиллаж байна даа.

-Нийслэл хотын тохижилт үйлчилгээний чиглэлээр ажилладаг олон байгууллага бий. Танай ажлыг жаахан тодруулмаар байна?

-Нийслэлийн хот тохижилтын газар  214.71 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 41.3  га ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, Улаанбаатар хотын төвлөрсөн гурван хогийн цэгийн 213.8 га талбайг хариуцан ажилладаг. 700 ажилтан, албан хаагчтай,  үүнээс тохижилт үйлчилгээний алба буюу бидний ярьж сурснаар шар хантаазтан  300 гаруй хүн ажиллаж байна. Нийслэлийн сая 300 хүн ам өдөртөө 3000 тонн хог хаягдлыг үйлдвэрлэдэг. Бид энэ бүхнийг байгаль орчинд халгүй технологи ландфил аргаар буюу булж устгадаг.

-Энэ жил нөгөө ногооруулах ажлууд маань хийгдэж байна уу?

-Улаанбаатар хотын нэг хүн амд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хөтөлбөртэй. Ойрын өдрүүдэд бид Энхтайваны өргөн чөлөө орчмын 8.1 км газрыг зүлэгжүүлэх, мод цэцэг тарих ажлыг хийж байна.  Энэ жилийн тухайд бид Америкийн гидроцацалт технологийг нэвтрүүлж энэ аргаар тариалалт хийхээр бэлтгэж байна.  Бид зүлэг тарихдаа  үрийг нь гараараа цацаад дээр нь элс үрээд цаг хугацаа,  хүн хүч их ордог. Одоо бол тусгай зориулалтын саванд ус, үр,  барьцалдуулагч бордоог найруулж цацаад л болно. Дэлхий нийтээрээ хэрэглэж өргөнөөр хэрэглэж буй технологи юм.

-Танайх Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэр гээд хогийн том цэгүүдийг хариуцан ажилладаг юм байна. Шинэ технологи нэвтрүүлэх ажил хийгдэж байна уу?

-Төвлөрсөн хогийн цэгүүд дээр 2008-2011 онд Жайка төслийн хүрээнд хог хаягдлыг дарж булах ландфил технологийг хэрэгжүүлсэн. Одоо Улаанбаатар хотын засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хог хаягдлыг ангилан ялгадаг системийг бий болгохоор төлөвлөж байна. Ер нь хог хаягдал анхан шатнаасаа ангилагдах ёстой ч манайд эдийн засгийн боломж бололцоо нь бүрдээгүй байна. Нөгөө талаас ангилагдаад ирсэн хогийг боловсруулах үйлдвэр нь бас дэлхийн стандартад хүрэх ёстой. Манайд  хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, зарим нэг хувийн хэвшлийн компаниуд чадлынхаа хэрээр ажиллаж л байна. Хог хаягдлыг дахин боловсруулаад бүтээгдэхүүн хийнэ гэхээр хөгжингүй орнуудад улсаасаа татаас өгч явдаг л даа.

-НИТХ-ын төлөөлөгчид бол нийслэлийн иргэдийн дуу хоолой болж ахуй амьдрал, ая тух, нийгмийн асуудлуудад нь хамгийн ойр байж хандах хүмүүс нь. Тэр утгаараа та тойрогтоо хэрхэн санаа тавьж байна вэ?

-Би СХД-ийн 20 дугаар тойрог буюу 6, 7, 24 хорооноос 2008, 2016 онд сонгогдон ажиллаж байна. Миний сонгогдсон тойрог бол тэр чигээрээ гэр хороолол. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөх, цахилгааны эх үүсвэр, дулааны болон хэсэгчилсэн инженерийн шугамаар найдвартай хангах, хөрсний бохирдол агаарын бохирдлыг бууруулах хүрээнд голчлон ажиллаж байна.  Улаанбаатар хотын гэр хороололд хязгаарын бүс болон агаарын бохирдлын онцгой бүсийг тогтоож шөнийн хэрэглэх тогийг тэглэсэн. Энэ хүрээнд  тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх гээд төсөв мөнгө харж байна. Харамсалтай нь нийслэлийн төсөв мөнгө хүрэлцэхгүй байна. Нөгөө талаас ард иргэдийн хяналтын оролцоог сайжруулж өгмөөр байна.  Одоо хэсгийн ахлагч нар эко эргүүл хийдэг болсон. Нийтийн оролцоо их чухал юмаа.

-Та бүхэн тойрог бүрт сургууль, цэцэрлэг барих амлалт өгсөн. Баянхошуу бол сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тулгамдсан гэр хороолол шүү дээ?

-Зураг төслийг нь боловсруулаад явж байна. Дараа нь нийслэлийн болон улсын хөрөнгө оруулалтаар төсөв  мөнгийг нь барьж тавиулах ажилд орно. Харамсалтай нь 2017 оны нийслэлийн болон төсвийн хөрөнгө оруулалт дээр сургууль цэцэрлэг барих хөрөнгийг тусгуулж чадаагүй. Муу нуухаар сайн илчил гээд ард  иргэддээ үнэн учраа хэлнэ. Гурван ээлжээр хичээллэн хүнд нөхцөлд байгаа сургуулиудыг төлөөлөгчийн хувьд эерэгээр ойлгож хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийг дэмжин ажиллаж байна.

-Ирэх оноос нийслэлийн төсөв сэргэх болов уу? Сая концессийг зогсоочихлоо шүү дээ?

-Нийслэлийн төсөв 550 тэрбум төгрөг байдаг. Үүнээс урсгал зардал нь 309 тэрбум болно. Бид 200 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийе гэж байтал концессийн ажлын хөлсөнд өгөх болоод 100 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тухайлбал  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Баянхошуу дэд төвд Талхчихрийн хойноос 800 диаметртэй 5.1 км дулааны шугамыг Баянхошууны эцэс хүртэл татаж байна. Ингэснээр  тэр дагуух сургууль, цэцэрлэгүүд төвлөрсөн халаалтад холбогдож агаарын бохирдол буурна. Мөн тэнд байгаа ААН, айл өрх ч хамрагдах боломжтой.

-Концессээр хийсэн ажлын хөлсөнд нийслэлийн энэ оны төсвийн багагүй хувь явчихаж байна. Эдгээр гэрээнүүд үнийн дүнгийн хувьд хэт хөөрөгдсөн байсан гэх яриа бий. Энэ талаар?

-Ийм асуудлууд яригдаж байгаа. 800  сая төгрөгөөр барьж байсан замыг 3.2 тэрбум төгрөгөөр хийсэн гэх мэт. Бидэнд одоо яг ингэсэн байна гэх баримт нотолгоо нь алга. Гэхдээ үнэхээр ингэсэн бол хуулийн хариуцлага хүлээх л ёстой. Өнгөрсөн онуудад бүтээн байгуулалт тэр тусмаа Улаанбаатар хотын замын уулзваруудыг шинэчлэснийг иргэн хүний хувьд  ч, төлөөлөгчийн хувьд  ч сайшааж байна. Харин ямар өртөгөөр хийчихэв, хэд дахин нугалаад хийчихэв гэдэг нь асуудал. Тэгэхээр зөвийг олж мэдээлэх нь сэтгүүлч та бүхний,  нотлох нь хуулийн байгууллагын үүрэг юм.

-Аз жаргалтай Улаанбаатар хотын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Маш гэгээнээр төсөөлдөг. Аль засгийн үед хэн юу хийв гэхээсээ илүү хот өдрөөс өдөрт хөгжөөд л байна. Сүүлийн үед Монголчууд хөдөлмөрлөхөөсөө илүү бие биенийгэээ хэмлэдэг болж. Ялангуяа залуус бүгд сэхээтэн гэх сонирхолтой болсон. Заримдаа би хот, нийтийн аж ахуйн ажлыг хийдэг ажилчин анги хаанаас бий болох вэ гэж боддог. Хүн хар ажил сайн хийгээд тэрнээсээ кайф явах  жаргалтай л байдаг. Бидний залуу нас тэгж л өнгөрсөн. Аз жаргалтай Улаанбаатар хотын ирээдүйд хувийн хэвшлийг дэмжих, мэргэжилтэн боловсруулах хөгжүүлэх ажил нэн чухал. Бид зөвхөн дээд боловсрол олгохоосоо илүү хүний суурь хүмүүжил, нийгмийн төлөвшил, амьдрах ухаан чадварыг нь суулгаж өгөх ёстой. Одоо бид Нэг өрх- Нэг ажлын байр, Нэг өрх-Нэг орон сууц  хөтөлбөрийг боловсруулаад явж байна. 2017 оныг нийслэл Иргэдийн оролцоотой-Эрхзүйн жил гэж зарласан. Иргэд маань эрх үүргээ, эрхзүйгээ   сайн мэдээсэй. Иргэн байгаа бол эрхээ шаард, үүргээ биелүүл. Өнөөдөр Хот тохижилтын газар 3 сая 688 мянган кв м талбайг хариуцдаг.  Нэг л өдөр амрахад маргааш нь энэ хотын гудамж зам талбай хогоор дүүрнэ. Тэгэхээр аз жаргалтай хот бас иргэдээсээ шалтгаалж цэвэр цэмцгэр байдаг юм шүү. Жаргалтай сайхан хотоо иргэдийн ухамсар, бидний зүтгэл хамтран бүтээнэ.

-Залуучууд биеийн хүчний ажил хийх дургүй болсон. Үнэхээр бүгд мэрийгээд хөдөлмөрлөвөл хөгжинө гэж та хэлэх гээд байна уу?

-Угаасаа л тийм. Бид 20 гаруй жил хөгжлийн тухай ярилаа. Би бол ярихаасаа илүү хийх, хөдөлмөрлөх, бүтээх юмсан гэсэн эрмэлзэлтэй хүн. Ямар ч дарга, ямар ч цэрэг байсан хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хүрзээ бариад, тоосгоо цохиод, хогоо цэвэрлээд хамтын хүчээр хөдөлмөрлөж ажиллаж байж энэ аз жаргалтай Улаанбаатар хотын ирээдүйг цогцлооно. Бид хөдөлмөрлөхгүй хөгжих гээд үзээд байна. Залуучууд нэг ажилд ороод жаахан ачаалал аваад ирэхээрээ өөр гайгүй ажил олж хийе гээд хаядаг. Энэ зангаа орхиод нийтээрээ хөдөлмөрлөөд ирвэл бид хөгжинө. Бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Сошиел ертөнцөд ямар их завтай хүмүүс байдгийн бэ. Коммент бичээд л үзэлцээд өнждөг бололтой. Үүнийхээ оронд хөдөлмөрлөх ёстой. Үнэхээр ясны хөдөлмөрч ард түмэн, бүтээгч хувийн хэвшлийнхэн л энэ хотыг өнгөтэй үзэмжтэй амьдруулж байгааг үгүйсгэх аргагүй.

-Энэ хөгжлийн хэдэн хувийг хувийн хэвшил бий болгосон гэж та боддог вэ?

-Бараг 80 хувь нь. Төр бол үндсэн үүргээ л сайн биелүүлэх ёстой.

-Та “Монгол маркет” компаний захирал. Таны хувийн бизнесийг бас сонирхмоор байна?

– Би хөнгөн хүнсний техникумыг 1991 онд төгсөөд,  Орос руу сургуульд явсан. Энэ үеэс л ганзагын наймаа хийж эхэлсэн. 1996 онд “Монгол маркет” компанийг байгуулж хуучин улсын гэрэл зургийн газрын обьектийг  65 саяар худалдан авч  бизнесийн гараагаа эхэлсэн. Нийтийн хоол, уул уурхайн катеринг, мах махан бүтээгдхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Олон улсын стандартыг хангасан үйлдвэрийг байгуулах гэж 20 гаруй жил зүтгэсний эцэст энэ жил ISO стандартыг авлаа.  Манайх эдийн засаг хямраагүй үед 400 хүнийг ажлын байраар хангаж байсан.  Одоо бол 200 гаруй ажилтантай. Миний хувьд одоо компаний ажлыг гэр бүлийн хүндээ шилжүүлсэн.

-Гэхдээ үйлдвэр байгуулах гэсэн тэр олон жилийн зүтгэлээ орхиогүй байх?

– Тийм ээ. Энэ бол мах махан бүтээгдхүүний үйлдвэр юм. Бүх төрлийн хиам, Италийн тоног төхөөрөмжөөр банш, лаазалсан мах үйлдвэрлэнэ. Бидний гол зорилго бол урд байгаа тэрбум хүн, хойно байгаа 270 сая хүний зах зээл дээр гарахаар ажиллаж байна. Манай үйлдвэрлэгчид одоо  гадаад зах зээлд гарч байж эдийн засгаа тэлж хөгжинө. Дээрээс нь боловсон хүчний асуудал чухал. Сайн менежерүүд, чадварлаг мэргэжилтнүүдийг сэтгэл ханамжтай цалингаар ая тухтай ажиллуулах нь хувийн хэвшил сайн хөгжихийн бас нэг үндэс юм.

-Та хувийн хэвшилд 20 шахуу жил зүтгэж, одоо төрийн ажилд орж ирж байна. Тэгэхээр та асуудал хаана хаанаа ямар байдгийг сайн мэдэх хүн. Төрд хандаж хэлэх үг?

-Манай улсын татварын систем үнэнээрээ яваа үйлдвэрлэгч нараа  дампууруулдаг Дээрээс нь цахилгаан, дулаан, усны үнэ дэлхийтэй харьцуулахад сөхөрч унамаар өндөр. Тийм учраас өртөг өндөртэй бүтээгдэхүүн гардаг. Бид энэ их  нүүрсээрээ эрчим хүчээ үйлдвэрлээд цахилгаан станцаа хурдан байгуулах хэрэгтэй. Эрчим хүч, дулаан, усны үнээ буулгах ёстой. Хамгийн харамсалтай зүйл бол тавдугаар цахилгаан станцыг барина гээд бараг арваад жил боллоо. Бид эрчим хүчээ үйлдвэрлэхгүйгээр яаж хөгжих вэ. Төр засаг гэж байгаа бол үүнийг анхаарах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...