ШУЛАМ ШИГ ЭМИЙН ГАЙ ХОЁР САЙХАН ЗАЛУУГИЙН АМЬДРАЛЫГ БАЛЛАЖЭЭ

access_time 2018-03-30

 

…Тэнд хаа нэг бүсгүй хүн даашинзаа тайлдаг.

Тэгээд дуу алдах ганцхан мөчийг өнгөрөөчихөөд гарч оддог

Тэнд ганц өвс бороонд шилбэ шиг нордог

Түүнийг гэвч хэн ч илж таалдаггүй

Тэнд сэтгэл гэдэг гоё нуур байдаг…

гэсэн энэ шүлгийн шадыг унших бүр Пүрэв-Очирын сэтгэл оволзон цогцолдог байв. Магадгүй эдүгээ ч хүйтэн чийгтэй тэр аймшгийн газарт заримдаа амандаа шившиж хэвтдэг байх.

Бүх зүйл дурлалаас үүджээ. Аавынхаа дүүгийн хүү Баясахтай тэр багаасаа дотно үерхсэн агаад охидыг хамтдаа эргүүлж өссөн билээ.

Баясаа түүнээс хоёрхон насаар ах боловч үеийн юм шиг найзална. Гэхдээ Пүрэв-Очир үеэлийнхээ эхнэрт дурлачихна гэж төсөөлж яваагүй юм. Өөртэй нь чацуу Аюурмаа хэмээх тэр гоолиг биетэй, яралзсан цагаан шүдтэй бүсгүйг усанд орж байхад нүцгэн биенийх нь үгээр шадалж чадмааргүй гайхамшгийг харсан цагаасаа л Пүрэв-Очир шөнө бүхэн зүүдэлж, заримдаа нойрондоо түүнтэй зугаалан амраглаж байна хэмээн зүүдлэхдээ өмдөө норгодог болжээ. Мах цусны барилдлагаатай үеэл ахынхаа гэргийг оролдож чангаах хэмгүй хүслэнд автавч тэр өөрийгөө чөдөрлөн хазаарлаж иржээ.

Тэр нэгэн үдэш Пүрэв-Очир үеэлийнх рүүгээ алхаж байв. Дэргэдэх байрных нь хойгуур явтал хажуугийн саадан дотор нэгэн танил инээд сонсогдоход сэртэсхийн чагнажээ.

Сэтгэл байтугай сонорт ч хүртэл дэндүү дотно тэр инээд бол гагцхүү Аюурмаагийнх гэдгийг мэдэлгүй яахав. Үеэл нь эхнэртэйгээ байгаа юм болов уу гэж бодоод тэр зогтусан чих тавьжээ. Аюурмаа яг мөөн. Харин цуг яваа залуу нь Баясаа биш болж таарав. Пүрэв-Очирын зүрх шимшрээд хачин эвгүй хатгажээ.

Үеэл найзынхаа гэргийг харанхуй үдшээр нөхөртэйгөө биш ондоо залуутай тэврэлдээд үнсэлцэж байхыг хараад түүний нүд харанхуйлав. Аюурмааг биш л байгаасай гэж хэчнээн санасан ч яалтгүй мөнийг мэдээд Пүрэв-Очир хоёр гараа зангидсан байна. Хар багаасаа нанчилдаж ноцолдож өссөн учир тэр өөрийгөө давгүй зодолдчихдог гэж боддог байлаа.

Баясааг араар тавиад ингэж самуурч яваа Аюурмаад дурласнаа бодоход үзэн ядалт оволзон асжээ. Нэг л мэдэхэд тэр гүйж очоод бэргэн бүсгүйтэй нь үнсэлцэж байгаа залууг ганцхан дэлсээд унагачихав. Боссонгүй. Ойчихдоо шовх чулууг толгойгоороо мөргөөд ухаан алдсан ба нэлээд хүнд гэмтэл авсан байжээ. Аюурмаа түүнийг тэврээд орь дуу тавин чарлахад Пүрэв-Очир “Би байна аа. Чи энд яаж байгаа чинь энэ вэ, муу банзал хүүхэн” гэж хашгирчээ.

Тэд хоорондоо тохиролцож болох л байсан байх. Гэвч тийм бололцоо олдсонгүй. Эмэгтэй хүн чарлах дуунаар эргүүлд явсан хоёр цагдаа гүйж ирээд Пүрэв-Очир саатуулагдсан ажээ. Ингээд л бөөн хэрэг мандаж хүний биед халдан хүнд гэмтээсэн гэдэг танхайн хэргээр Пүрэв-Очир гурван жилийн ял сонсон шорон руу ачигджээ. Гэвч тэр шүүх дээр Баясаагийнхаа эхнэр Аюурмаагийн тэр шөнийн явдлыг нуугаад хэлээгүй юм. Хэлмээр байвч үеэл найзыгаа өрөвджээ. Бас Аюурмаа түүнээс хэнд ч бүү хэлээрэй гэж гуйсан тул эр хүний гөжүүд зангаа гаргаад бүх хэргийг өөртөө үүрсэн байна.

Харин тэр ганц л юмыг Аюурмаагаас гуйсан юм. Миний үеэл Баясааг дахин бүү араар нь тавьж яваарай гэсэн аж. Дараа мэдвэл тэр өдөр Баясаа хөдөө рүү хоёр хоногоор явсан байсан агаад эхнэр нь анхныхаа үерхдэг залуутай тааралдаад гэр рүүгээ явж байхад Пүрэв-Очир тааралдсан байлаа.

Даанч Аюурмаа амласандаа хүрээгүй бөгөөд хагас жилийн дараа Баясаагаас салсан байна. Аюурмаа яваад өгсөн гэсэн түүний үгийг сонсоод Пүрэв-Очир өөрийгөө буруутгасан юм. Хэрэв болсон явдлыг үнэнээр нь хэлсэн бол түүний ял хорогдохоос гадна Аюурмаа ямар хөнгөн явдалтай хүүхэн болохыг бүгдээрээ тэр үед л мэдэх байсан учраас оройтсон гэмшлээ бодохоос Пүрэв-Очир өөртөө зэвүүцэж Аюурмааг үзэн ядаж байжээ.

Хоёр жил хагасын дараа тэр суллагдаад ажил хайж явахдаа Аюурмаатай тааралджээ. Үл таних сэгсгэр халимагтай дэгжин эрийг сугадаад эртний танил дотно инээдээ цалгиулан гунхаж явахыг үзээд Пүрэв-Очир эгдүүцсэндээ дэргэдүүр нь зөрөхдөө хамт явсан залууг нь мөрөөрөө мөргөчихөж.

Үеэл Баясаа нь Аюурмааг салж явснаас хойш архинд орж өдөр шөнөгүй согтуурч байгаад амиа хорлож үхсэн болохоор Пүрэв-Очир түүний үхлийн буруутан нь Аюурмааг хэмээн бодсон аж. Хайр дурлал хүнийг нэг бол жаргааж, нөгөө бол бөхөөдөг бололтой. Чухам тэр бөхөлт үеэл ах Баясаа найзыг нь дайрсан байлаа.

– Яалгамаар байна, шаар минь! гэж Пүрэв-Очир хариулсан агаад гай таарахад бас хоёр эргүүлийн цагдаа ирж архи үнэртүүлсэн түүнийг эрүүлжүүлэхэд аваачжээ.

Хачирхалтай нь түүнийг өглөө явуулсангүй. Харин ч албадан саатуулах байр руу аваачиж хорьсон бөгөөд Аюурмаа, өнөө залуу хоёр түүнийг өөрсдөд нь гар хүрсэн, хэл амаар доромжлон ална гэж заналхийлсэн хэмээн өргөдөл гаргасан байлаа.

Үйлтэй хүн гэж Пүрэв-Очирыг л нэрлэх биз. Өнөө залуугийн эцэг нь танил тал ихтэй баян хүн байсан тул хүүг нь зодож танхайрсан гэж гомдол гаргаад шүүх эмнэлгийн хуурамч шинжилгээ хүртэл гаргуулж аваад Пүрэв-Очирыг буцаагаад шоронд хийлгэжээ. Давтан хэрэг хийгээгүй мөртөө тэр давтан хэргээр дахин гурван жилийн ял сонссон юм. Өөрөөр хэлбэл, хилс хэргээр хоригдсон гэсэн үг. Өргөдөл гомдол өчнөөн гаргаад тэр үнэнийг олж чадаагүй юм. Ялангуяа Аюурмаагийн бичсэн өргөдөл жинхэнэ өөдгүй гүтгэлэг байв. Тэр өөрийг нь хүчиндэхийг завдаж байсан, Баясаатай нийлж зодож дарамталдаг гэхчлэнгээр шал худлаа зүйл зохиосон байсанд Пүрэв-Очир үнэхээр үзэн яджээ. Одоо тэр мөнөөх шүлгийг унших дуртай ч Аюурмааг санагалзан шившдэгээ больсон аж.

Хар өвөртэй хүүхэн байдаг гэж ярьдагчлан тэр хүүхэн бол яах аргагүй амилсан шулам мөн гэдэгт тэр итгэдэг. Чухамдаа энэ шулам шүглэсэн хүүхнээс болж үеэл Баясаа нь шороонд булуулж, Пүрэв-Очир шоронд суусан билээ. Өөдгүй эмс бусдад дан гай авчирдаг аж. Тэр тусмаа Аюурмаа шиг шулман хүүхэн…

“Далд амьдрал” сониноос

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549