Ё.Цацралтуяа: Би НИТХ  дээр их жижигхэн юм ярьдаг хүн шиг харагдаад байгаа…

2017-05-30 Ярилцлага 0

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн наймдугаараа хорооны Засаг дарга.  Тэрээр 2000-2008 онд хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч, 2008-2016 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2009 оноос өнөөг хүртэл 8 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

-Та энэ хорооныхоо засаг даргаар ес дэх жилдээ ажиллаж байна. Хорооны иргэд таныг багшаа гэж дуудахыг сонсоод их гайхлаа. Эндээс яриагаа эхэлье?

– Тийм ээ, намайг багш гэж дуудах нь олонтаа. Учир нь 1991-2009 оны хооронд  Яармагийн Цэцээ гүн цогцолбор 60 дугаар сургуульд бага ангийн багшаар 10 жил, математикийн багшаар 8 жил багшилсан. Хорооны иргэд дунд миний шавь нар, тэдний ээж, аавууд олон бий. Нөгөө талаас би энэ хороондоо 35 дахь жилдээ амьдарч байна. Тавдугаар ангийн сурагч байхдаа Сонсголонгийн 20 дугаар гудамжинд шилжиж ирсэн. Өвөө маань тэр үед хэсгийн ахлагчаар ажиллаж байсан, намайг бичиг сайтай гээд айлуудаар дагуулан явж бүртгэл хийлгэдэг байлаа.  Одоо манай хэсгийн ахлагч нар зарим иргэдийнхээ талаар надаас асуудаг. Ер нь би бол иргэдээ бараг бүгдийг нь таньж мэднэ шүү.

-Тэр ч утгаараа та энэ хорооны засаг даргаар дахин дахин сонгогдон ажиллажээ. Хийсэн бүтээсэн зүйл их байгаа байх?

-Үнэхээр тийм шүү. Энэ хороондоо олон жил амьдарч байгаа болохоор хорооны нутаг дэвсгэр, иргэд, айл өрхөд тулгамдаж буй асуудлыг маш сайн мэддэг учир дахин сонгогдсон гэж боддог.  2009 онд Засаг даргын ажлыг авахад манай хорооны 10 хувь  нь гэрэлтүүлэгтэй, 210 га нутаг дэвсгэр бүхлээрээ гэр хороолол, хогондоо дарагдчихсан, хорооны байр 7 дугаар хорооны нутагт оршдог,  сургуульгүй, цэцэрлэггүй, замын талаар бодолт ч үгүй байлаа. Яг энэ үед хилийн цэс шинэчлэх ажил явагдаж, би төлөөлөгч учраас ажлын хэсэгт орсон. Ингээд нутаг дэвсгэрээ Нүхтийн замаас баруун тийш, Төв аймгийн замаас зүүн тийш тэлж 4552 га болгож чадсан.  Ингэснээр хоосон газарт байшин барилга баригдахад иргэд маань тэнд ажиллаж амьдрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Одоо манай хороонд Шинэ Яармаг хороолол, Улаанбаатар 1 хорооллууд баригдаад захаасаа ашиглалтад орж байна.   Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн төлөөлөгч Т.Баясгалан, Ц.Буяндалай болон газрын албаныхантайгаа хамтран хөөцөлдөж байж ашиглаагүй удсан хувийн компаний газраас авч 2011 онд Японы хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн багттаамжтай 118-р сургуультай болсон. 2 жилийн дараа нөгөө компаний газраас 2000 мкв газрыг Нийслэлийн Боловсролын газар руу шилжүүлж цэцэрлэгийн газартай болон 2015 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй болсон. Сургууль, цэцэрлэгтэй болоход УИХ-ын гишүүн, Нийслэл, дүүргийн төлөөлөгч нарын маань олон жилийн хүч хөдөлмөр хөөцөлдөлгөө нөлөөлсөн. Ерөнхийлөгч маань хүртэл оролцсон гэж боддог.  Учир нь нэг удаа Их тэнгэрийн аманд уулзалт хэлэлцүүлэг болж Щвейцарийн хөгжлийн агентлагаас эхлээд олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон. Тэр уулзалтын үеэр 10000 гаруй  хүн амтай хороо цэцэрлэггүй байна гэж ярихад зочид, төлөөлөгчид маш их гайхсан. Маргааш нь Ерөнхийлөгчийн Тамгын Газраас надруу залгаж Цагийн хүрд нэвтрүүлэгт оролцуулан газартай мөртлөө цэцэрлэггүй хороо гэж орон даяар цацсан нь цэцэрлэгтэй болох үйл ажиллагааг хурдасгасан. 2013 оноос орон нутгийн хөгжлийн сан хэрэгжиж иргэдийнхээ санал дээр үндэслэн ахмадын танхим, цэцэрлэгт хүрээлэн, гэрэлтүүлэг, иргэний танхим зэргээр олон асуудлаа шийдсэн.  Орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөс доош төсөвтэй ажлыг иргэдийн бүлгээр хийлгэдэг. Энэ нь иргэд ажилтай, орлоготой байхаас гадна эргээд буух эзэнтэй байх давуу талтай.

-Танай хороо зам их сайтай юм. Хотын төвийн хороо шиг л санагдлаа…?

-Ер нь бол манай дүүргийнхэн хороо, дүүрэг, нийслэл, УИХ дахь төлөөлөлтэйгээ нягт хамтран ажилладаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хороондоо хоёр замтай болсон ба Сонсголонгийн зам гудамж төслөөр шинэчлэгдсэн. 4552 га нутаг дэвсгэрт маань Чингисийн хүрээ амралтын газар, Жаргалантын ам ордог. Тэнд АСЕМ-ийн уулзалт болохтой холбогдуулан 400 машины авто зогсоол болон  зам тавигдсан. Ер нь бол бид хөгжиж л байна. Ямар ч ажлыг анхан шатнаас нь эхэлж уялдаа холбоотой хийхээр үр дүн өндөр байдаг. Миний хувьд хороо, дүүрэг, нийслэл иргэдийн хурал гээд шат шатанд нь ажиллаж үзсэн болохоор асуудлаа шийдвэрлэх гарцыг олж чаддаг. Өнөөдөр ахмадуудаа нөхөрлөж суух байртай, нас насныхан зугаалж алжаал тайлах цэцэрлэгт хүрээлэнтэй, хороо маань бүхлээрээ гэрэлтүүлэгтэй болсныг харахад сэтгэл дүүрэн байдаг.  Анх энэ ажлыг аваад бодож төлөвлөсөн ажлуудаа ихэнхийг нь хийж байгаа.  Мэдээж хэрэг хүний амьдралын хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж тэр чинээгээр хийх бүтээх, шийдвэрлэх асуудал ундардаг. Энэ бүхнийг хурдан хугацаанд  дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна даа. Манайх нийслэлийн тэргүүний хороогоор 1 удаа, дүүргийн тэргүүний хороогоор 3 удаа шалгарсан.

-2016 оноос та НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдлоо. Энд ямар байр суурь, идэвх санаачилгатай ажиллаж байна даа?

-Би НИТХ-д ХУД-ийн 32-р тойрог гэр хорооллын 7, 8-р хороо, орон сууцны 2 дугаар хороонд нэр дэвшин долоон нэр дэвшигчтэй өрсөлдөн  сонгогдсон төлөөлөгч. 7, 8-р хороо нь миний ажиллаж амьдарч байгаа орчин харин 2-р хорооны иргэд танихгүй болохоор яах бол гэж бодож байсан. Гэвч багшийн мэргэжил гэдэг буянтай сайхан ажил болохоор бас л шавь нар, хамтран ажиллаж байсан багш нар, эцэг эхчүүд гээд олон хүн надад итгэж дэмжсэн. Нөгөө талаас багшийн ажлыг ч, иргэдийн төлөөлөгчийн ажлыг ч  анхан шатнаас нь эхэлж тасралтгүй ажилласан маань үнэлэгдсэн байх, мөрийн хөтөлбөр маань оновчтой болсон гэж бодож байгаа. НИТХ дээр нийгмийн хөгжлийн хороо, гэр хорооллын хөгжлийн хороо, төсөв санхүүгийн хороонд хамрагдан ажилладаг. Би өмнө нь дандаа нам олонх байхад төлөөлөгчөөр сонгогдож байсан. Одоо л цөөнхийн зовлонг амсаж байна. Үнэхээр амьдралаас урган гарсан асуудлуудыг оруулдаг ч санал санаачилга маань унах, эсвэл дэмжигдэхгүй удсаны эцэст МАН-ын санаачилсан ажил болж гарч ирэх магадлал их байна.

-Жишээ нь…?

– АН-ын бүлэг санаачилж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны  шөнийн тарифийг тэглэж өгөх хүсэлт оруулсан. МАН-ынхан дэмжээгүй. Бид Ерөнхийлөгч, Засгийн газарт хандсан шаардлагын дагуу НИТХ хуралдсан. Тэгсэн нөгөө асуудал МАН-ы хийсэн ажил болоод хувирсан. АН-ын бүлэг сард нэг удаа тулгамдаж байгаа асуудлуудаар иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцдаг. Ц.Баатархүү төлөөлөгч бид хоёрын оролцсон уулзалтаас “Хүндэт донорууд”-ыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах хүсэлт гарч бид  санал оруулсан. Хэлэлцэж байна гэсэн хариулт өгсөн. Удаан хугацаанд шаардсаны эцэст сая аравдугаар чуулганаар шийдэхээр болсон.  Ер нь бол хэн ч санаачилсан бай нийслэлийн хөгжил цэцэглэлт, иргэдийн ая тухтай амар тайван амьдралын төлөөх ажлуудыг дэмжиж ажиллах ёстой гэж боддог. Бид нийслэлийн ажил удаашралтай байна, тулгамдсан асуудлууд их байна  гэж байнга хэлж шаарддаг боловч эрх баригчид анхаарч ажил болгохгүй байгаа нь учир дутагдалтай санагддаг.

-Таны бодлоор болдог бол?

-Өмнөх ажлыг үргэлжлүүлээд, илүү сайжруулаад  хийгээд явах ёстой. Аль намаасаа үл шалтгаалан нийслэлийн үе үеийн удирдлага өр тавьж концесс хийж ажиллаж ирсэн. Жишээ нь, дахин төлөвлөлтийн ажлаар манай хороон дээр багахан газар орсон. Ямар нэг шийдвэр гаргахгүй хүлээлт үүсгэчихсэн. Янз бүрийн шалтаг тоочно,  өмнөх баг өр зээл тавьсан гэнэ.  Ингэж удааж иргэдэд хүлээлт үүсгэх нь энэ багийн ажлын арга барил болчихлоо. Тэгээд  асуудал хурцдаад ирэхээр өөрийн нэрээр тамгалаад шийдчихдэг.  Цөөнхөд эрх мэдэл хязгаарлагдмал байгаа ч бид хийх ажлаа хийж иргэдийн дуу хоолой, төлөөлөл байж чадна гэдэгтээ итгэдэг. Бас олонх алдаанаасаа суралцаж үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Иргэдийн хурлын ажлын албаны үндсэн чиг бол төлөөлөгч нарыг мэдээллээр ханган хамтран ажиллах гэж боддог. Гэтэл өнөөдөр  нийслэлийн ажлын албаны дарга төлөөлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй хаах боох ажлыг маш сайн хийж байна. Өнөөдөр төрийн албаны бүх шатанд ажлаа сайн мэдэхгүй, уялдаа холбоо зарчмаа сайн ойлгоогүй мэргэжилтэн олон байна.

-Нийслэлийн 2017 төсвийн тодотгол хийгдлээ. Тойрогтоо юу хийхээр болов?

-Хөрөнгө санхүү муу гэдэг үүднээс ажил оруулахад хэцүү байсан. Гэхдээ орон нутгийн хөгжлийн сангаар 73 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбайг шинэчлэх, 209 дүгээр цэцэрлэгийн хашааг сольж тоглоомын талбайн тохижилт хийх, наймдугаар хороон  дээр тавьсан замын  усны гаргалгаа цэвэр усны шугам дээр таарсан тул усны гаргалгаа хийхээр оруулсан.  65 дугаар цэцэрлэгийг өргөтгөх шаардлага үүссэн ч энэ удаа төсөвт багтсангүй. Мишээл төвийн хажуу талаар явах замын зураг хийлгэх хүсэлт тавиад байгаа мөн 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийлгэе гэсэн ч  зөвхөн зургийг нь хийхээр боллоо.

-Та хороо, дүүргээ хэт сайн мэддэг болохоор их олон ажил зүтгүүлдэг байх, тийм үү?

– Магадгүй. Би НИТХ  дээр их жижигхэн юм ярьдаг хүн шиг харагдаад байгаа. Үнэндээ яг иргэдийн дотор амьдарч байгаа учраас иргэдэд нэн тулгамдсан асуудлуудыг хэлдэг.  Ер нь тухайн нутаг дэвсгэр, иргэдээ сайн мэдэхийн хэрээр ажлын үр дүн гардаг.  Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөнд 60-р сургууль, 73-р цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбоно гэж оруулсан. Гэтэл яг дунд 7, 8 дугаар хороо байдаг. Ингээд шийдчихээр нөгөө уурын зуух чинь орхигдсон газруудаа халаах гээд ажиллаж л таарна, утаа гарч л таарна. Ингээд гурван хорооны хурал дамжиж хэлээд оруулахаар болсон. Яг үүнтэй адилхан 12-р цэцэрлэг, 34-р сургуулийг төвлөрсөн дулаанд холбоно гэхээр бас л  4-р хороо орхигдож байгаа юм. Миний тойрог биш ч гэсэн саналаа дахин дахин тавьснаар  шийдүүлэх болоод байгаа.  Энд хаана нь юу байдгийг мэддэггүй хүн бол сургууль, цэцэрлэг шугамд холбогдлоо гээд баярлаад өнгөрнө. Төсөв мөнгө хэдий хамааралтай ч цөөнхийн гаргасан санаа, санаачлага хүчгүйдэх нь олонтаа байна.

-НИТХ дээр АН-ын байр суурь ийм байдалтай байгаа талаар иргэддээ мэдээлэл өгч байна уу?

-Хэлээд “яриад” явж байна. Би иргэддээ чуулганыг сайн үзэээрэй, нөхцөл байдлыг мэдрээрэй гэж хэлдэг. Гэсэн ч бид чадах чинээгээрээ ажиллах л болно.

-2012-2016 онд Э.Бат-Үүл даргын багийг маш сайн ажилласан . Үүл дарга маань одоо тэнд чичлүүлээд л сууж байгаа байх. Та нарт ямар нэг чиглэл энэ тэр өгдөг үү?

-Үнэхээр Э.Бат-Үүл даргын багийнхан маш сайн ажилласан гэдгийг иргэд мэдэж байгаа. Иргэд маань энэ багийнхныг үгүйлж байгаа. Бид  ойрын хэдэн сар намын сунгаа, дотоод сонгууль  гээд  завгүй байлаа. Үнэндээ бол таны хэлсэн шиг маш их чичилдэг. Гэтэл үнэн чанартаа Үүл даргын баг нугалаа гаргалгүй ажиллаж хэн юу хийж чадаж байна, түүнийг нь өгч ажиллуулж нийслэлээ хөгжүүлж чадсан гэж боддог. Одоо дарга хоёр танхимт хурал дээр нэлээн түлхүү чиглэн ажиллаж байна.

-Концесс зогсоосноор үүссэн асуудал нийслэлд их байна. Танай хувьд?

-Манай дээр бас байна. Бид 6 жил хөөцөлдөж байж дэнжийн 11-р гудамжинд 5000 кв м газрыг сургууль, цэцэрлэгийн газар болгосон. 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор концессоор баригдаж байгаад зогссон. Учир нь концессийг зогсоож компани, засгийн газартай хуулийн маргаантай гээд хариу өгөхгүй удсан. Би таван  чуулган дамжуулж шаардсаны эцэст сая Нийслэлийн боловсролын газраас Засгийн газартай эвлэрлийн гэрээ хийж  ажил нь 6-р сараас эхэлнэ гэсэн хариу аваад байна.

-Намын шинэчлэл дээр та ямар бодолтой байна?

-Нам шинэчлэгдэх  өөр аргагүй байдалд орсон. Шат шатны хурлууд хийгдэхгүй дөрвөн жил болсон. Хуралдсан ч бэлгэ тэмдэг төдий л явж ирсэн. Одоо энэ шинэчлэлээр  үүрийн гишүүдээс удирдах албан тушаалтнуудаа сонгож байгаа. Энэ бол бидний хүсэл байсан. Үүрийн дарга нар албан тушаалтнууд болон төлөөллүүд намын дүрмийг сурталчилж шинэчлэл хийх үйл ажиллагаандаа орсон . Нам дотроо сунгаануудыг ойр ойрхон хийхээр жаахан асуудлууд гарч байгаа. Алдаа ч байна, оноо ч байна. Шинэчлэл маань дөнгөж эхэлж байна, цаашдаа өмнөх алхмуудаасаа суралцаад сайжраад явах нь гарцаагүй.

-Яармаг орчим бол ардчилсан бүс. Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн харж байна вэ?

– 2008 онд би үүрийн дарга болсноос хойш манай үүр ямар ч сонгуульд ялагдал хүлээж үзээгүй. 2016 оны сонгуульд л гэхэд дүүргийн ИТХ, нийслэл ИТХ, УИХ-д бүгд АН гарсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга даргыгаа ялна гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Х.Баттулга дарга Хан-Уул дүүрэгт төрж өссөн Яармагийн сургуулийг төгссөн хүн. Монголын тамирчдыг дэлхийд амжилт  гаргахад ихийг зориулсан бас үндэсний баялаг бүтээгч хүн. Ер нь бол сонгуульд нэр дэвшихэд маш хэцүү байдгийг би мэднэ. Намайг 5000 м хогийн жалгыг тэгшлүүж байхад мөнгө булж байна гээд  зурагтаар ярьсан. Нагац ах минь залгаад “Чи зүгээр үү, ингээд муу хэлээд байна” гэсэн. Дараа нь цэцэрлэгт хүрээлэн болсон хойно хүмүүс өө ийм сайхан болох байсан юмуу” гэцгээсэн.  Гадуур янз бүрийн яриа гарч л байна. Нэр дэвшигч маань иргэдтэйгээ нүүр тулаад уулзаад эхлэхээр Х.Баттулга гэж хэн бэ гэдгийг Монголчууд илүү сайн мэдэх болно.

– Та гэр бүл, хувийн амьдралын мэдээллээсээ хуваалцаач?

-Би өөрөө есөн хүүхэдтэй айлын том нь. Эмээ, өвөө дээрээ өссөн. Миний хань биеийн тамирын багш. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй.  Нөхөр маань түшигтэй сайн хүн учраас би амьдралын ачаанд дарагдаагүй. Төрөөд хоёр сар болоод  л ажилдаа орчихдог. Манай том хүү 23, бага нь 10 настай.  Өнгөрсөн жил эмээ, өвөө болсон. Миний ээж “Чи айлын том хүүхэд,  чи л яаж амьдарна, дүү нар чинь чамайг л дагана” гэж захидаг байсан. Ямар ч байсан дүү нартаа үлгэр дуурайл болж, зөв амьдрахыг хичээж авна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...