Т.Цэрэнноров: Төр иргэнийг холбох аз жаргалын гүүр нь байх болно…

2017-05-30 Ярилцлага 0

НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь нийгмийн хөгжлийн хороо, Аз жаргалтай Улаанбаатар ажлын хэсгийн гишүүн. Нийслэлийн НАМЗХ-ны бодлогын зөвлөлийн гишүүн, МАН-ын 29 дүгээр үүрийн дарга. Геодози, усны барилга байгууламж ОНӨААТҮГ-ын дарга.

-Та БЗД-ийн 45000 иргэнийг төлөөлөн НИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Энэ олон хүний хэрээр асуудал ундарч байдаг болов уу..?

-Би 2016 оны сонгуулиар нийслэлийн 13 дугаар тойрог буюу БЗД-ийн 8, 10, 12 хорооноос НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Тухайн тойрог 45000 хүн амтай, үүний 28000 сонгуулийн насны иргэд байдаг. Тойрогийн онцлог гэвэл алслагдсан хороодод тулгардаг бэрхшээл бүхэн бий. Сургууль, цэцэрлэггүй, нийтийн тээвэргүй, гэрэлтүүлэггүй нийтлэг асуудалтай. Дээрээс нь 12 дугаар хороон дээр гэр хорооллын дахин төлөвлөлт ажлын хүрээнд газараа чөлөөлж өгөөд, өнөөг хүртэл асуудал нь шийдэгдээгүй хөлсний байраар айл амьтнаар амьдарч яваа 57 өрхийн 200 гаруй иргэний асуудал байна. Дөрөвдүгээр сарын эхээр би хотын холбогдох удирдлагууд, иргэд, гүйцэтгэгч гэх “Гранд лайн” компаний төлөөлөлтэй нүүр тулсан уулзалт хийлээ. Компаний захирал 10 хоногийн дотор түрээсийн байранд оруулна, хохирлыг барагдуулна гэсэн ч өнөөдрийг хүртэл хэлсэн үг биелэлээ олоогүй л байна. Иргэд над руу байнга ярьж байна. Ямар ч байсан энэ асуудал шат шатандаа яригдаж байгаа учраас ямар нэг байдлаар шийдэгдэнэ.

-2017 ондоо багтаад иргэддээ хийж шийдвэрлэж өгөх ажлууд юу байна?

-Төсөв мөнгө нь шийдэгдэж эхлэж буй, удахгүй эхлэх ажлуудаа танилцуулах нь зүйтэй болов уу. 10, 12 дугаар хороон дээр хоёр худаг барина. Гурван цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулна. УС 15-ын байр найман жил халуун усгүй байгаа. 315 өрх амьдардаг газар шүү дээ. Энд халуун ус хангамжийн системд холбох ажил энэ жил хийгдэхээр болсон. 62 дугаар цэцэрлэгт өргөтгөл хийнэ. Гурван хороон дээр цахилгааны хангамж сайжруулах зорилгоор дэд станц байршуулна гэх мэт иргэдээсээ авсан саналын дагуу эрэмбэлсэн 17 ажлыг хийхээр 2017 оны нийслэлийн төсөвт тавиулсан. Ажлууд эхлээд явж байна. Ер нь ард иргэдийнхээ итгэлийг аваад сонгогдсон төлөөлөгч хүний хувьд хэлэхэд асуудлыг соргогоор олж хардаг, гарах гарц хайдаг, шийдэхийн төлөө тэмүүлдэг, амалснаа биелүүлдэг байхыг үргэлж хичээдэг. 2016-2020 онд хийх бүтээх, шийдвэрлэх ажлуудаа иргэдийнхээ саналын дагуу эрэмбэлж төлөвлөсөн. Нэн шаардлагатай ажлууд бол одоо эхлээд явж байна. Иргэд тийм том зүйл хүсдэггүй, шаарддаггүй. Төрийн бодлого оновчтой байгаасай, иргэддээ сайн хүрээсэй, бидний шат шатны төлөөлөл амалсан зүйлээ хурдан хийж өгөөсөй, бидэнтэй ойр ойрхон уулзаж санал хүсэлтийг минь сонсоосой. Ерөөсөө л энэ шүү дээ. Ойрын хугацаанд би тойрог дээрээ Төлөөлөгч Т.Цэрэнноровын сонсох төв-ийг байгуулах гэж байна. Миний зорилго бол тэр, иргэн хоёрыг холбосон аз жаргалын гүүр байх болно.

-Булгийн ус ундарч байшин, машин нь живсэн явдал танай тойрогт хамаатай юм байна. Тийм үү?

-Тийм ээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр болсон явдал. Тэр орчим их намагтай, 7 булаг гэдэг нэртэй газар юм билээ. Гэтэл иргэд нөгөө долоон ундаргын ихэнх дээр нь хайрга, шороо асгаж хашаа, байшингаа бариад суурьшчихсан байдаг. 70 гаруй айл өртсөн, цөөнгүй өрх, иргэд хохирсон. Энэ дээр Геодози, усны барилга байгууламжийн газар маш шуурхай арга хэмжээ авч ажилласан. Бид 20 хоног газар дээр нь ажиллаж 20 мянган куб м усыг соруулан зайлуулж 800 метрийн урттай, 2.5 м өндөр шороон далан барьж хамгаалалт хийсэн. Сувгийг сэргээсэн. Ер нь унаган төрхөд буцаан оруулах нь бидний зорилго байлаа.

– Геодози, усны барилга байгууламж газрын даргаар хэзээ сонгогдов. Ихэнх хүмүүс юу хийдэг газар вэ гэж асуудаг тухай танайхан хэлж байсан..?

-Гэтэл үнэн хэрэгтээ энэ чинь маш чухал байгууллага шүү дээ. /инээв/ Би энэ ажлыг аваад жил болж байна. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж болон автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үер усны аюулаас хамгаалахын тулд мэргэжлийн чиг үүргийн дагуу газар дээр нь шуурхай арга хэмжээ үзүүлж ажилладаг онцгой чиг үүрэг бүхий мэргэжлийн анги юм. Би энэ ажлаа авсаны дараа иргэдтэй уулзахад танайх чинь хог цэвэрлэдэг газар уу гэж асууж байсан. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд зургаан дүүргийн 152 хороонд албан бичиг хүргүүлж, сургалт зохион байгуулсан.

-Зун болохоор үерийн далан сэтэрч усанд автлаа гэх нь олонтаа. Та бүхний ажлын асуудал нь юу байна?

-Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 140.5 км далан байдгийн 60 хувь нь эвдрэл, гэмтэлтэй ус дамжуулах чадамжаа алдсан байгаа. Бараг 40, 50 жилийн өмнө баригдсан болохоор элэгдэл хорогдлоос гадна иргэдийн үйлдлүүд нөлөөлж байна. Манай хүмүүс ахуйн хог хаягдлаа далан руу хаядаг, бохирын шугам хоолойгоо холбочихсон бүр дээр нь авто зогсоол барьчихсан байх жишээний. Жилийн төсөв маань цалин хөлс, далангийн хог цэвэрлэгээ бусад үйл ажиллагаандаа таарчихдаг. Тэгэхээр одоо бидэнд засвар, нөхөн сэргээлтийн төсөв хэрэгтэй байгаа. Би хуралдаан бүр дээр хэлж байна. Манайх дөрвөн алба, 140 ажилтан албан хаагчтай. Өвлийн улиралд амардаг. Манай улсын төсөв өвөл батлагдаж яригддаг, гэтэл зун болоод ирэхээр нөгөө үерийн асуудал эхэлдэг. Би энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд ашиглалт, засвар үйлчилгээний журмыг боловсруулж дэмжүүлэхээр өгчихөөд байж байна. Бодлогоор дэмжих ёстой юм. Манай Улаанбаатар хот дөрвөн уул, том голуудын дунд оршдог болохоор урайн үерийн мужид хамрагддаг онцлогтой.

-Улс төрийн залуу боловсон хүчний хувьд юуг зорьж тэмүүлж явна вэ?

-Би өөрөө Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрж өссөн хөдөөний хүүхэд. Бээжинд 15 жил сурч ажилласан. Тэгэхэд Хятад улс нүдэн дээр өдрөөр хөгжиж байсан. Залуу хүнийхээ хувьд надад энэ жилүүдэд улс орноо ингэж хөгжүүлье гэсэн зорилго тэмүүлэл бий болсон. Ингээд бодлогын түвшинд ажиллах нь хамгийн зөв гарц учраас 2010 онд МАН-д элссэн. Улс төрийн амьдрал гэдэг зорьсон мөрөөдсөн төсөөлсөн орон зайнаас минь зөрж хүч мөхөсдөх үе байдаг ч мөн чанараа, үнэт зүйлсээ алдахгүйгээр хичээж явна. Төрийн бодлого шийдвэр зөв, төсөв мөнгөний зарцуулалт нь оновчтой, үр дүнтэй, иргэд аюулгүй орчинд сэтгэл хангалуун амьдрахад миний зорилго тэмүүлэл оршино. Нам, төр гэж ярьдаг ч цаана нь хүн л байдаг. Хүн нь зөв байж төр нь зөв явна гэж би боддог. Улс төрд би зорилготой бас зоригтой ажиллаж явна даа.

– Нөгөө талаас иргэдээс юу шалтгаалах вэ?

-Өнөөгийн нийгэмтэй уялдуулж хэлэхэд иргэд нийгмийн сэтгэлзүй дотроос өөртөө хэрэгтэй, ашигтай мэдээллийг шүүн авч сурах хэрэгтэй юм.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

У.Хүрэлсүх: Надад хоёрхон сонголт байсан

-Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүй. Ингэхэд та хаачсан юм б

2021-04-28

Ж.Одонцэцэг: Хийсэн үйл болгон амьдралын алхам тутмыг тань хэлж өгч байдаг

Гүн төгс нар ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн өвөг дээдсээ хэрхэн дээдлэх болоод яагаад дээдлэх ёстой

2021-04-24

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт