Т.Батцогт: Нийслэлийн хөрсөн дээр аюултай нөхцөл байдал үүсчихээд байна…

2017-05-31 Ярилцлага 0


НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ЗДТГ-ын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан засаг даргын орлогч.

-Та бол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Одоо НИТХ-ын төлөөлөгч болоод ажиллаж байна. Нийслэлчүүд бидний амьдралын бүхий л асуудал НИТХ-ын төлөөлөгч та бүхэнтэй салшгүй холбоотой. Өнөөдөр ямархуу түвшинд хэрхэн ажиллаж байна вэ?

-Би нийслэлийн долдугаар тойрог буюу Дарь-Эхийн 21, 27, 2 дугаар хорооноос сонгогдсон. АН одоо ялагдсан нам буюу сөрөг хүчний байр суурьтай ажиллаж байна. Төрийн хариуцлагатай сонгуульт албыг хашиж иргэдийн өмнө хариуцлага хүлээсэн төлөөлөгчийн хувьд Улаанбаатар хотын шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүн хэрхэн ажиллаж байна гэдгийг хамгийн түрүүнд анзаардаг. МАН-ын нийслэлд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр өрх гэр бүрт очсон. Одоо өнөөгийн байдалтай харьцуулахад сонгуулийн үеэр хэлсэн ярьснаасаа арай өөр яваад байна. Мөн төсвийн зарцуулалт, 2020 он хүртэлх чиглэл энэ тэр нэг л тодорхой биш. 2012-2016 онд эрх барьсан нийслэлийн засаглалтай харьцуулахад хамаагүй хурд багатай байна. Сая л гэхэд нийслэлийн төсвийн тодотгол хийгдэхэд цөөнгүй төсөв задаргаагүй бүхэл дүнгээрээ байна. Товчхон наад захын байдлаас хэлэхэд нэг иймэрхүү.

-АН-ын бүлэг, төлөөлөгчид санаачлан нийслэлд тулгамдаж буй асуудлууд дээр ажиллаж байна. Та нийслэл хотыг Хөрс хамгаалах өдөртэй болгосон. Энэ талаар?

-Тийм ээ. Бид зөвхөн тойрог гэхээсээ илүүтэй нийслэл хотод маань проблем болж буй хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Манай нийслэлд утааны асуудлыг бүгдээрээ ярьж шийднэ гээд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулдаг. Хэн нь хэн гэлтгүй ингэж ажилласан ч үр дүн гараагүй. Миний хувьд гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч утаатай эн зэрэгцэх хор хөнөөл бүхий хөрсний бохирдлын бууруулахыг зорьсон юм. Шат дараатай олон ажил төлөвлөсөн. Энэ ажлаа манай эрдэмтэн судлаачдын олон жил судалж шинжилж тогтоосон хөрөнгө оруулалт хийгээд ажил болчих бүтээлүүд дээр суурилан явуулж байна. Манай улсад шинэ засаг гарч ирэхээрээ хийх ажлын дагуу олон судалгаа хийх, баримт бичиг үйлдвэрлэж хэдэн зуун сая төгрөг зарцуулдаг. Гэтэл манай судлаачид, эрдэмтэд өөрсдийн чиглэл бүрээр судалгаагаа хийгээд явж байдаг. Үүнийг бид ашиглаж сурах хэрэгтэй. АН бүлгээсээ санаачлаад жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хөрс хамгаалах өдөр болгохоор санал орууллаа. Эрдэмтэд, судлаачид, Байгаль орчны газар, нийслэлийн удирдлага, гүйцэтгэх засаглалын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгууллаа. Харамсалтай нь, дарга нь ач холбогдол муутай оролцлоо. Энэ уулзалтын дараа хамгийн түрүүн төсөв мөнгө шаардагдахгүй ажлуудыг хийж эхэлсэн. Гэр хорооллын арван жилийн сургуулийн ахлах ангийн сурагчдад ХААИС-ийн оюутан, багш нарыг урьж ерөнхий мэдээлэл, энгийн ойлголтуудыг өгсөн. БЗД-ийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн сурагчид уулзалтын дараа өөрсдөө санаачлан сайн дурын клуб байгуулаад ажиллаж байна. Хүүхдүүд сургууль орчимд ихээр бий болдог хогийг хаягдал боловсруулах газарт өгч мөнгө болгоод үүгээрээ хөрсөө хамгаалах энгийн арга технологийг сургуулийн гадна орчинд туршсан. Сургалт хийсэн нэг оюутан хөрс хамгаалах биобэлдмэлийг гэрийн нөхцөлд гаргаснаа туршиж үзүүлсэн. Хүнсний хог хаягдлыг шороотой хольж бордоо үүсгээд бохирдсон хөрсийг сийрэгжүүлж эрүүлжүүлдэг юм байна. Цаашлаад зөвлөмж мэдээллийг төрийн байгууллагууд руу хүргэсэн. Ойрын өдрүүдэд хөрсний бохирдлын чиглэлээр энэ жил төсөвлөгдсөн мөнгөний зориулалтыг тодорхой болгох илүү бодитой ажил хийе гээд явж байна.

-Хичнээн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Нийслэлийн байгаль орчны газар дээр хөрсний бохирдол гээд 250 сая төгрөг тавьсан байсан. Яг ямар ажил хийх юунд зарцуулагдах нь тодорхойгүй биш. Бидний хувьд мөнгө нь шийдэгдчихвэл судалгаа, хийх ажил нь тодорхой байгааг өмнө хэлсэн. Саналаа тасралтгүй л хэлж байна. Манай нөхдүүд дэмжих нь үү, эсвэл өөрсдийнхөө төлөвлөснөөр судалгаа гэж цаас үйлдвэрлэх нь үү.

-Тоон мэдээлэл байна уу?

-Хөрсний бохирдлын төрөл нь өөр өөр байгаа. Улаанбаатар хотын хөрс нэлэнхүйдээ химийн хортой бодисоор бохирлогдсон. Мэдээж хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйлд утаа, авто үйлчилгээний газруудын хаягдал орно. Гэр хорооллын орчмын хөрс органик бохирдол буюу ахуйн хог, нүхэн жорлон, угаадас, ялгадас гэх мэт. Энд ганцхан жишээ хэлье. Бид жилд машиныхаа тос маслыг жилдээ хоёр удаа сольдог. Нэг машинаас хамгийн багадаа 3-5 л тос гарна. 500 мянган автомашинаас жилдээ хоёр удаа багаар бодоход дөрвөн л бохирдсон тос гарна гээд та боддоо. Тэр бүх хаягдал тос хаана очдог вэ? Улаанбаатар хотод л устгадаг, боловсруулдаг газар байхгүй учраас ойр хавийнхаа хөрсөнд шингээж байгаа. Өнөөдөр энэ асуудалд хяналт ч, стандарт ч алга. Үүнийг л шийдэж зөв гольдролд оруулах нь бидний ажил.

-Олон улсад энэ сольсон тосыг яадаг юм бол?

-Үйлдвэрлэлийн аргаар дахин боловсруулаад ялгалт хийж хүнд хортой элементийг нь устгаад ашигладаг юм байна. Манайд бол хамгийн сайнаар төсөөлөхөд гурван төвлөрсөн хогийн цэгт аваачиж асгадаг байх. Дээрээс нь арьс ширний үйлдвэрүүд цэвэрлэгээндээ химийн бодис ашигладаг. Орон сууцны хорооллоос гарч буй саарал ус химийн бодисоор дүүрэн байдаг. Эдгээр бохир цэвэрлэх байгууламж дээр очиж ялгагдан эргээд бидний ундны ус руу ордог. Ер нь бол нийслэлийн хөрсөн дээр аюултай нөхцөл байдал үүсчихсэн. Үүнийг иргэн бүр, ААН болгон, холбогдох яамууд нэн даруй анхааралдаа авах хэрэгтэй. Хэвлэлийн мэдээллийнхний оролцоо их чухал байна. Амьдрал дээр бүгд хөрсөөр тэжээгддэг. Бидний өдөр болгон хэрэглэдэг мах, сүү, ногоо бүгд л хөрсний хамааралтай. Бид хамгийн түрүүн хөрсөө нэмж бохирдуулахгүй байх, нөхөн сэргээж эрүүлжихэд анхаарах ёстой.

-Иргэдэд энэ талаар энгийн зөвлөмж өгөөч?

-Бохирдсон хөрсийг сийрэгжүүлээд хайрган хучилт хийнэ. Хайргаараа хамгаалагдаад өөрөө өөрийгөө байгалийнхаа шалгарлаар эрүүлжүүлдэг. Энэ бол хамгийн хямд сайн арга. Саяхан нэг залуу надтай ирж уулзсан. Монголд хөрс хамгаалах, ундны ус эрүүлжихэд ашиглаж болох чулууны гурван орд байна. Үүнийг ажил болгооч гэсэн. Би Монгол улс стандарттай дүрэм журмын дагуу бид үйл ажиллагаа явуулдаг. Шинжилгээ, дүгнэлт, лицензээ авчих. Ашиглах, ажил хэрэг болгох асуудлыг би хариуцья гэлээ. Усан дээр л гэхэд эрдэсжүүлээд, баяжуулаад, хортой бодисыг өөртөө агуулдаг тийм өндөр ач холбогдолтой металл юм байна.

-БЗД-ийн удирдлага дээр АН-ын багаараа тав дахь жилдээ ажиллаж байна. Тасралтгүй яваа болохоор бүтээмж өндөр байна уу?

-Миний хувьд 2012 оноос өнөөдрийг хүртэл дүүргийн засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Анх дүүрэгт ажилд томилогдоход 28 хорооны зургаа нь цэцэрлэггүй байсан. Үүнд анхаарлаа хандуулж орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр дөрвөн цэцэрлэг барьсан. Үлдсэн хоёр хорооны цэцэрлэгийг одоо төлөвлөсөн явж байна. Дэд бүтцийн салбарт Амгалан дулааны станц ашиглалтад орлоо. БНХАУ-ын засгийн газрын тусламжаар байгуулсан. БЗД ойрын 20 жилдээ орон сууцжуулаад инженерийн дэд бүтцийг холбоод явахад ямар ч асуудалгүй болсон. Хүчин чадлын хувьд 40 м кв нь 80 мянган орон сууцыг халаах чадалтай. БЗД 320 мянган хүн амтай 90.000 өрхтэй. Одоо станцын шугам тавих ажлыг төр, хэвийн хэвшил, станц нэгдэж байна. Энэ ажлын үр дүнд одоо ашиглагдаж буй уурын зуухнууд зогсох юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 55 км урттай зам шинэчлэгдсэн бас шинээр тавьсан. Энэ жил Улиастайн гүүрнээс Налайхын товчоо хүртэл хоёр урсгалтай муудсан замыг БНХАУ-ын засгийн газрын тусламжаар барихаар ажил эхлэх гэж байна.

-Тойрог дээрээ юу хийж байна?

-Дарь эх хотын төвтэй ойрхон гэр хорооллын болохоор суурьшил маш шигүү. Нэг хашаанд хамгийн багадаа 3-4 айл амьдардаг. Сая төсвийн тодотголоор өөрөө санаачлаад 21 дүгээр хороо Ганцын орчим өрхийн эрүүл мэндийн төвийг барихаар боллоо. Гурван хороон дээр тус бүрт нь эрчим хүчний эх үүсвэр суулгаж өгсөн. 2 дугаар хорооны Баамын гэж нэрлэдэг зургаан байрны дунд орчин үеийн бие засах газрыг барина. “Хөгжил” хотхонд тохижилт хийлээ. Өнгөрсөн жил гэр хорооллын гудамжуудыг хусч тэгшлэх ажлууд 100 хувь хийгдсэн. Гурван хороондоо худаг тавих ажлыг хийлээ. Дарь-Эхийн гол зам үерт их автдаг болохоор үерийн байгууламж баригдахаар боллоо. Хийх ажил маш их байгаа. Энэ удаад зөвхөн төсөвт суусан ажлуудыг нэрлэлээ.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

У.Хүрэлсүх: Надад хоёрхон сонголт байсан

-Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүй. Ингэхэд та хаачсан юм б

2021-04-28

Ж.Одонцэцэг: Хийсэн үйл болгон амьдралын алхам тутмыг тань хэлж өгч байдаг

Гүн төгс нар ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн өвөг дээдсээ хэрхэн дээдлэх болоод яагаад дээдлэх ёстой

2021-04-24

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт