ЕРӨНХИЙЛӨГЧ БА ВОСТОЧНЫ БООМТ

access_time 2018-04-11
remove_red_eye 767

 

Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд байхаасаа л Восточныг сонирхон судалж, эдийн засгийн тооцоо, үр ашгийг нь бодож үзсэн гэдэг. Монголын Тавантолгойн коксжих нүүрс Европ, Япон, Солонгосын ган үйлдвэрлэгчдийн хувьд тун ч сэтгэл татам “амттан” гэдэг нь эртнээс тодорхой болсон зүйл. Гачлантай нь БНХАУ хэмээх мөнхийн хөрш маань Монголын нүүрсний зах зээлд монополь тогтоож, хааш нь ч хөдөлгөхгүй хав барьчихаад байна.

Находка. Япон тэнгист орших энэ бяцхан булан Ерөнхийлөгчийн маань сэтгэлийг татаад удаж буй. “Нэгдүгээр хүн”-ий маань мөрөөдөл бол Находка дахь Восточны боомтоор дамжуулан Тавантолгойн “Хар алт”-ыг Ази, Европын хэрэглэгчдэд амсуулах. Энэ мөрөөдөл нь өнгөрсөн жил Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр биеллээ олсон гэхэд болно. Учир нь, энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тодорхой тохиролцоонд хүрээд байгаа. Одоо зөвхөн манай талаас тодорхой шийдэлд хүрэх дутуу байгаа юм. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд байхаасаа л Восточныг сонирхон судалж, эдийн засгийн тооцоо, үр ашгийг нь бодож үзсэн гэдэг.

Монголын Тавантолгойн коксжих нүүрс Европ, Япон, Солонгосын ган үйлдвэрлэгчдийн хувьд тун ч сэтгэл татам “амттан” гэдэг нь эртнээс тодорхой болсон зүйл. Гачлантай нь БНХАУ хэмээх мөнхийн хөрш маань Монголын нүүрсний зах зээлд монополь тогтоож, хааш нь ч хөдөлгөхгүй хав барьчихаад байна.

Дан сэнжигний барьцтайгаа тэлчилж буй залуу бөхөөс ялгаагүй Монголын нүүрсний салбарынхан хэзээ л бол хэзээ давхар шуудагнаас татаж, хавирч мэдэх өмнөд хөршүүдийнхээ хэлсэн үнэд сөхөрч, дургүй нь хүрвэл түгжиж орхидог хилийн боомтыг нь сахин хэдэн өдрөөр дугаарлана.

Энэ доромжлолоос салах боломжийг бидэнд ганц Восточны боомт л олгоно. Үүнийг эсэргүүцэгчид Өмнөговиос Восточны хүртэл дэвэн дэлхийг тойрсоор очих юм ярьдаг. Дэлхий тойрох нь ч хаашаа юм. Тээвэрлэлтийн зардал тодорхой хэмжээгээр өндөр гарна. Тэгээд яана гэж. Өнөөдөр бид урд хөрш рүүгээ нүүрсээ төмөр замаар тээвэрлэхийн оронд өндөр өртөг, эрсдэл бүхий автозамаар тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн хурд гэж авах юмгүй. Өртөг ч өндөр. Сажилсаар, гэлдэрсээр очиход нь хаалттай боомт хүглийнэ. Эсхүл гаалын ажилчдын хүнд суртал, замын цагдаа нарынх нь дээрэнгүй ааш угтана. 100 тоннын даазтай хүнд даацын автомашинууд “Нүүрсний зам”-д дорхноо элэгдэж бүрэн бус тээврийн хэрэгсэл, олон хоногийн аялалд сульдсан жолооч нар осолдож нүүрсэнд даруулсан хар замыг цусаараа будна. Энэ хүртэл хэчнээн ч сайхан залуу зам дээр амиа өргөв дөө. Гээд тэднийг дурсах хүн нэг ч үгүй.

Компани нь нүүрс тээвэрлэх эрх авч чадаагүйн улмаас “Хөрөнгө оруулагчдыг эх орноосоо хөөн гаргах тухай” мэдэгдэл хийсэн төрийн сайд ч гарсан. Анх УИХ-ын гишүүдийн гэх тодотголтой хүнд даацын автомашинууд хэд гурваараа хөлхөлддөг байсан бол өдгөө зах зээлийг нь тэнцүүхэн хувааж авсан хэд хэдэн монополь компани болон өргөжжээ. Хэн ийм амттай, өгөөжтэй бизнесээ зүгээр нэг тавиад туухыг хүсэх билээ дээ. Одоохондоо төмөр зам хэрэггүй. Тэвш тэвшээр нь зөөгөөд болоод л байна. Гол нь цаана нь хувин хувингаар халаас руу нь цутгах юаны урсгал бий. Жолооч үхэж л байг, машин эвдэрч л байг. Аль алиныг нь дахиад шинээр авчихаж чадна.

Саяхан “Жижиг Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг Винсвей компанийн эзэн дэлхийн баячуудын нэг болж, Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан. Удахгүй араас нь Ажнай Д.Бат-Эрдэнээс авахуулаад бичигдээд эхлэх биз.

Говьд ингэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болж байхад төмөр замаар, тэр дундаа хойшоогоо Восточныгоор дамжуулан гуравдагч зах зээлд гаргана гэдэг сүйрлийн эхний дохио. Европ, Япон, Солонгосын хэрэглэгч гэдэг шал өмнөө ойлголт. Өгдөг авдаг нь ч өөр. Тэгээд ч Монголын Тавантолгойн нүүрс тэдний хувьд танил, тэгэхдээ мартагдашгүй сайхан амт. Учрыг өгүүлье.

Өдгөөгөөс найман жилийн өмнө нийслэл Улаанбаатараас холгүйхэн орших Чойр өртөөнөөс 50 гаруй вагон бүхий даруухан цуваа Находкийн буланг зорин хөдөлсөн юм. Манайхан тэр үед Оюутолгой, Рио тинто гээд эг маггүй байсан үе. Юун нүүрстэй манатай. Монголчуудын хэдэн үеэр нь тэжээх учиртай гэх Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлаад хэдхэн сар өнгөрч байлаа. Гэсэн ч тэрхүү даруухан цувааг тэрүүхэндээ баяр ёслолын байдалтайгаар үдэн гаргаж өгсөн юм. Монголын талаас “Говь-Урал” компани, Оросын талын хөрөнгө оруулагч болох Константин Димитрович Романовский гэсхийгээд цомхон бүрэлдэхүүнтэйгээр түүхэн цувааг үдэж өглөө.

Цуваа Монголын хилийг гарч, Сибирийг эмжсээр Находкад хүрч, түүнээсээ цааш усан онгоцонд ачигдан Япон, Солонгос гэхчилэн гуравдагч зах зээлийн хэрэглэгчдэд хүрч чадсан байна. Одоогийн бидний үхэн хатан мөрөөдөд хүрч чадахгүй байгаа тэр хэрэглэгчдэд Тавантолгойн коксжих нүүрсийг амтлуулаад зогсохгүй, нүүрсээ Восточныгоор дамжуулан гуравдагч, дөрөвдэгч зах зээлд хүргэж болох юм байна. Тэр бүү хэл дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнээр урагшаагаа гаргаснаас хамаагүй өндөр үнэ хүргэж болохыг бодитоор харуулжээ. Харуулаад зогсохгүй ажил хэрэг болгохоор шуударч, Чойрт нүүрс угаах үйлдвэрийнхээ суурийг цутгаад эхэлж. Энэ үед “Энержи ресурс”-ийнхэн угаах үйлдвэрээ барьчих санаатай “Говь-Урал”-ынхнаас туршлага судалж, гаргасан замаар нь коксжих нүүрсээ экспортолсон түүхтэй юм билээ. Түүнчлэн одоо ч энэ “жим”-ээр Сакт-Петербург хүртэл вольфром тээвэрлэж, Нью-Иоркт хүргэж л байгаа.

Ингээд Тавантолгойн нүүрсийг / Орон нутгийн өмчит Тавантолгой ХК буюу бидний нэрлэдгээр жижиг Тавантолгойг энд ярьж буй/ урагшаагаа гаргах ажлыг “Таван толгой” ХК автотээвэр ашиглан, хойшоо буюу гуравдагч зах зээлд гаргах ажлыг “Говь-Урал” компани төмөр зам ашиглан хариуцан ажиллахаар болжээ. Орос, Польш, Япон, Солонгосуудтай хэл амаа ололцож, нүүрсний тээвэрлэлтийг саадгүй явуулах ажлыг гардан хариуцаж байсан К.Д.Романовский гэх эрхэм бизнесээ баталгаажуулах үүднээс Таван толгойн хувьцаанаас 1,023,100 ширхэгийг Монголын хөрөнгийн биржийн нэрлэсэн ханшаар худалдаж авсан гэдэг.

Энэ үед Япон, Солонгосууд нар утас цохино. “Амталгаа таалагдлаа. Одоо вагон вагонаар биш цуваа цуваагаар нь нүүрсээ нааш нь илгээ, яаралтай Костя”.

Костя яаравчилахыг хүслээ. Араанд нь асгарах шүлсээ савируулах түншүүдээ тэр удаан хүлээлгэж азаа үзэхийг хүссэнгүй. Банкнаас зээл авч Чойр дахь Нүүрс угаах үйлдвэр, Дамжин өнгөрүүлэх терминалын ажлаа түргэвчилэх санал гаргав. Чухам энэ шийдвэрээс болж, итгэл эвдсэн түншүүд нь Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах бодит төлөвлөгөөг үгүй хийсэн юм. Зээлийн барьцаанд тавьсан Тавантолгойн хувьцаанд нь шунасан зарим хамтрагч нар нь банк, шүүгч нарын тусламжтайгаар хувьцааг нь луйвардаж авснаар энэ түүх төгссөн. Энэ талаар Монголын хэвлэлээр бишгүй л бичсэн. Сонирхсон хүмүүс нэрт нийтлэлч Б.Ганчимэгийн “Луйврын орон” нийтлэлд энэ талаар тодорхой бичсэнийг гүүглээс хайгаад олж үзэж болно.

Харин энэ түүх бол өөр. Өдийг хүртэл Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад саад тээг учруулсаар буй бизнесийн бүлэглэлийнхэн, Тавантолгойн нүүрсийн бассейныг хятадуудын хараан дор ашигласаар ёроолыг нь үзэх сонирхол бүхий лобби бүлгийнхний бодит төрхийг илчилж, Монголын ард түмэнд Восточны боомтоор дамжуулан нүүрсээ экспортлох бүрэн боломж одоо ч байгаа төдийгүй, бүр тээвэрлээд хүргэчихсэн түүхийг өгүүлэхэд байгаа юм. Нэгэнт бодит жишээ, бэлэн загвар байхад алгуурлах хэрэг юу байна. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө энэ асуудлыг санаачилж, хөөцөлдөж буйг бодвол бүтэхгүй ч зүйл биш юм. Гагцхүү Монголын Тавантолгойн нүүрсний бассейнд эзэн сууж дураараа сэлж буй MCS-ийн Ж.Оджаргал, Ажнайн Д.Бат-Эрдэнэ, тэдний цаана эрх ашгийг нь хамгаалж буй улстөрчдийн асуудал л байна. Энэ асуудлаа шийдчихвэл Восточны ч ойрхон байна даа, ойрхон байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549