Удган Ц.Сарантуяа энхэр хүүхдийн талаар зөвлөж байна

access_time 2018-04-16

 

“Хараал хариулах энгийн аргууд”, “Жилийн засал номд хэрхэн хандах вэ” зэрэг амьдралд онц чухал хэрэгтэй зүйлсийг энгийнээр бусдад болон өөртөө төвөггүйгээр шийдвэрлэх зөв сайхан арга замд сүсэгтэн олныг хандуулдаг Ц.Сарантуяа удгантай уулзаж байна. Бид энэ удаад “Энхэр хүүхэд” гэсэн сэдвээр ярилцлаа.

-Танд маш олон хүн шинэ хүнийхээ “дэмбэрээ нээлгэх” гэж ирдэг юм байна. Энэ ер нь ямар учиртай үйл юм бэ?

-Дөнгөж эхийн хэвлийгээс яг одоо энэ цагт мэндэлж буй хүүхдийг “энхэр хүүхэд” гэнэ. Энэ энхэр үр хорвоод мэндэлсэн од гараг, цаг минутаасаа шалтгаалаад өөрийн хувь заяа идэх хоол, эдлэх эдийнхээ хэмжээтэй төрдөг. Тэгэхээр нүдээр харахад нүцгэн ч бүхий л амьдралаа гартаа атгаад төрж байгаа тэр хүнтэй холбоотой хувь заяа, тавилан төөргийн мэдээллүүдийг мэдэж авах, үүнтэй холбоотой дом заслыг тодруулах, нэр алдрыг нь зөвшилцөх тэр бүү хэл хэдэн насанд нь анхаарах юу идүүлэх юу өмсүүлэх вэ гэдэгт хүртэл анхаарч “дэмбэрээ нээлгэнэ” гэдэг ёсыг хийж ирсэн уламжлалтай. Энэ нь жар, далаад оны үед их сайхан дэлгэрч бидний үеийнхэнг аав ээж маань ингэж тосч авсаар ирсэн. 1993-2009 оны хооронд бүхий л зан заншил уламжлал эзэнгүйдэх хандлагатай болсон. 2010 оноос ард түмэн биднийг хамгаалдаг хайрладаг ухааруулдаг ёс заншил уламжлал байна гэдгийг бага багаар ухаарч өнөөдөр сайхан тэгшрээд ирлээ шүү.

-За ингээд дэмбэрээгээ нээлгээд мэдээллээ авчихлаа. Цаашид энхэр үр дээр юуг анхаарах ёстой вэ?

-Энхэр хүүхдийн хүй 2-3 хоноод цөглөдөг. Тэр үед эцэг нь бор халзан туулай болгох эсвэл зальт шар үнэгийг цаас, эсгийгээр хайчилж хүүхдээ ямар хүн болж төрснийг мэдэх боломжтой. Хүүхэд унтаж байхдаа уйлах гээд мурчийснаа болиод хөөрхөн инээхчээ аядаад унтаад байна. Ийм үед та хүүхдээ гадны янз бүрийн нөлөө байхгүй, эрүүл чийрэг хүүхэдтэй болжээ гэж бодоорой. Нөгөө үнэг л ээжийг чинь аваад явлаа, болилоо гээд тоглоод байгаа ш тээ. Бор халзан туулайн дом бас их учиртай. Одоо залуус дөнгөж төрсөн хүүхдээ аваад айл хунар, дэлгүүр, хоолны газар хүртэл орно, шөнө орой хамаагүй гарна. Ийм тохиолдолд айж, цочиж эмээхээс сэргийлэн чөтгөрийн нүдийг хуурдаг дом юм.

-Та сая хүмүүст эр, эм явуу зүүж өгөөрэй гэж хэлсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Явууг хар муу бүхнийг өөртөө залгидаг лусын хамагалагч гэж үздэг. Тийм учраас эрэгтэй хүүхдийн баруун мөрөнд эр явуу, эмэгтэй хүүхдийн зүүн мөр талд эм явууг зүүж өгдөг. Залуу аав ээжүүд хүүхдээ яагаа ч үгүй янз бүрийн хувцас өмсгөөд дээрээс газар гишгүүлдэг. Тэр амьтны чинь хөл гар бэхжээгүй бүх юм нь мөгөөрс байгаа. Өөрсдөд нь эгдүүтэй хайр хүрмээр санагдаж үрийн аз жаргалыг эдлэхдээ бодолтой бай. Юу өмсгөхөв, юу харуулахав, хаана очуулахав, хэзээ газар гишгүүлэхэв гээд бүх юм учиртай байдаг юм.

-Хүмүүсийн дунд одоо ч амар болж дээ, цаг үеэ дагаад л гэсэн ерөнхий хандлага яваад байна л даа?

-Тэгдэг, гэхдээ тэр хамаагүй болсон гэх хандлагаар энхрий үрсдээ хандах хэрэггүй. Эцэг эхчүүд өөрсдийн ёс заншилаа мэддэггүй амьдралын хар бор арга ухаанд суралцаагүйгээсээ болж хүүхдийнхээ төөрөг заяаг будилуулдаг. Нийгмийг тэр чигээр нь харлуулж болохгүй, үнэхээр үр хүүхэд аж амьдралынхаа төлөө зөв бүхнийг хэрэгтэй болгонд суралцаж яваа мундаг залуус байна. Үнэгээ яаж хайчлах вэ? Явуугаа ямар өдөр зүүж өгөх вэ? Ямар тарни, судар миний хүүхдэд хэрэгтэй вэ гээд учрыг нэг бүрчлэн асуугаад л. Мундаг залуус байгаа шүү.

-Ямар судар ном хамгийн сайн тусыг агуулдаг вэ?

-Хүүхдийг 15 ад, гай зовлонгоос хамгаалах бүх номуудыг багтаасан Сосорбарамын сүн гэж ном бий. Сосорбарамын буу ч гэдэг. Энэ бүхнийг хураангуйлсан тарни бий. Насанд хүрэгсэд, жил нь орсон хүмүүс, газар лус тийрэнгийн хорлолоос ч хамгаалах увидастай.

-Хүүхдэд нэр өгөхөд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Өнөө цагт хүүхдэд нэр өгөхөд аав ээжүүд их хариуцлагагүй хандах болсон. Алдар нэрд гарч гялалзаж яваа хүний нэр эсвэл нээх чамин гоё бас сүрдмээр нэрийг таашаах болж. Хүний нэр бол хүний л нэр. Тэртэй тэргүй төрсөн төөрөг, гарсан гарагаараа хувь тавилангаа олоод ирсэнг хүнд тэр бүхэнд нь зохицох нэр өгөх нь зүйтэй юм. Манай уламжлалд ламаас нэр залдаг мөн арга билгийн тооллын төрсөн гарга өдөртэй холбож өгсөөр ирсэн. Хуумгай хандсан дагаж туйлшарсан арга билэг, ерөөл заяаг үл хайхран өгсөн нэр хүүхдэд хүндэддэг, гологддог, амьдралын зам мөрд нь нөлөөлдөг. Сайн сайхан гэсэн бүхнээр авч яваад намдахгүй орилж чарлаж айлгаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүүхдэд өөрсдөө гэрт нь дуудаж байх нэр өгчихөөр зүгээр болдог. Иргэний бүртгэлтэй тэр нэрийг дуудахгүй бүүр том болгодог тохиол ч байна. Хуучны уламжлалт арга барилаараа яваад миний хэлж байгаа болгоныг биелүүлээд явахад хэн ч буруу муу амьдрах учиргүй юм. Дээрээс нь хүүхдийг бүтэн нэрээр нь дуудаж бай. Нэр бүтэн бол яс түвшин гэж үг бий.

-Хүүхдийг шунаг сэтгэлтэй болгоход эцэг эхчүүд өөрсдөө сургаж байна гэж та хэлсэн. Тодруулбал?

-Манайхан хүүхдээ хайрлаж байна гээд буруудаад байгаа юм. Тэр хүүхдийг яг өөрийнх нь хүссэнээр байлгах болсон. Авья гэснээ авна, идье гэснээ иднэ. Харсан болгоноо авах нөхцөлөөр дүүрэн өссөн хүн ханах сэтгэлгүй болно. Улай бүү үзүүл, зүрх нь хатуурч хайрлах сэтгэлгүй болно. Ер нь ардын сургаальд хүмүүжлийн 10 зарчим байдаг. Зөв хайрлах, хамгаалах, сайн үлгэр жишээ болох, хамт тоглож наадах, хөдөлгөөн хийх, чадалд нь тохирсон ажилд сургах, амьдрах ухаанд сургах, дуулгавартай болгох, дурсах юмтай амьдруулах гээд.

-Яг одоо биднийг ярилцаж суух энэ цагт үр хүүхэд нь уйлж орилоод нойр хоолоо хасч буй ээжүүд олон бий. Та юуг хэлмээр байна?

– Үргэлж орилоод уйлаад чарлаад байгаа хүүхдийн толгой дээр ус аажуухан нарийнхнаар гоожуулаад байхаар сайхан тайвшраад унтдаг. Ариусгалын арга дом юм. Хүүхдийнхээ хажууд хэрэлдэж муудалцах аав нь чанга хашгирах эхнэр хүүхэд рүүгээ юм шидэхэд хүүхэд айж чичэрч уйлж орилдог. Энэ адыг ээж нь дуртай хоолоор нь ээж нь хурайлж зайлуулна. Сүнс сүлд хийморь чинь явчихвий дээ. Идэх дуртай хоолооор чинь ээж нь домнож байнаа гээд хурайлдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549