ХҮННҮГИЙН ҮЕЭС ҮҮСЭЛТЭЙ ХӨГШИН БУУРАЛ УЛИАСТАЙ

access_time 2018-04-16
remove_red_eye 506

 

Улиастай манайдаа хамгийн сүрлэг өндөр, их уулсын хот. Улиастай хамгийн тагшин цэнгэг, ариун рашаан булгийн хот. Улиастай суурьшил эхэлсэн цагаасаа нүүгээгүй Монголын хамгийн эртний хот… Хангайн их уулсын загасан сэрвээг дагуулж ажиглабал Өвөрхангайн Арвайхээрээс баруун хойшоо сунан үргэлжилсээр Увсын Улаангом хот хүрэх ажаам. Алтайн нуруутайгаа паралелдуу тогтоцтой. Хан-Хөхийн уулс нь Хангайн нурууны салбар юм. Ханхөхийн сумуудыг Өндөралтай, Зүүналтай гэдэггүй Өндөрхангай, Зүүнхангай гэдэг байхаа. Хангайн нурууны тэхий дунд хирд ноён оргил нь болох цаст цагаан Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан суваргалана. Хайрханаас баруухантай, талруу буусан шовх элгэн хүрэн уулсын дундах голууд бэлчирлэсэн дэнжирхэг аманд Улиастай хот уулруугаа шатлан дээшилж, тэнгэрт тэврүүлэн ярайна. Улиастай хотын гурван талын гурван их хаалгаар холд зорьчиж, бас зочид гийчдээ угтдаг. Уул оройлж ухаж тэгшилсэн, эхлэл төгсгөл хол урт замтай Загастай, урд зүгээс улсдаа ганц огцомд тооцогдох Ганцын даваагаар, баруун талаас гол өгсөж ирдэг зам гээд 3 хаалгатай. Богдын гол өгссөн зам бол Хайрхандаа дөхөөд эргэдэг орон нутгийн мухар зам юм. Хүсэл байвч хэн бүхэн харсан зүгрүүгээ явахааргүй өндөр уулс ханалж байдаг юм. Уулс бүхэн орой дээрээ жинстэй. Хэргэм зэрэгтэй ХААН УУЛС юм. Арц хүж нүүн тэлхэж, хамар сэнгэнүүлж ургасан, рашаан ус хөөсрөн уралдаж, хөг нэмж хоржигносон ариун энхжингийн энэ оронд галав эртнээс галын дөл бөхөөгүй шаргал түүхтэй юм. Далайг анхлан сүвлэж цухуйсан ууган уул Отгонтэнгэрийн мөнх цагаан цас өвөлдөө улмаа зузаарч, зундаа сэмрэн хайлж урсахдаа өөрийн их усан сан Хяргас нуур, өрнийн их усан нөөц Хойт мөсөн туйл хүрдгийг хүж дэлхийн хөх судас-гол усны мөр зам батална.

Отгонтэнгэрийн амуудаас ирэх Богд, Чигэстэйн гол Улиастай хотод уулзаж бэлчирлэдэг. Богд Очирваань Хайрханы орой зулайгаас эхтэй гол болохоороо тийн нэрлэгджээ. Богд Очирваань Отгонтэнгэр Хайрхан ийн хүйтэн цэнгэг рашаанаараа Улиастайчуудыг өнө мөнхөд ундаалдаг. Хойгуур даялсан Яруугийн гол, Хайрханы баруун урд амуудаас урсан ирэх Төмөртэй, Ширээгийн голууд Улиастайгаас уруудах замдаа Богдын голтой нэгдэн нийлж, усаа сэлбэн, уурших говийг даван туулж Завхан голд цутгана. Завхан гол Отгонтэнгэр хайрханы зулайгаас зүүн урдруу буусан Өвөр богдын голоос эх авч, алсуур Алтайн ар хөндийг ундаалж урссаар арагшаа урссан голуудтайгаа Дөрвөлжингийн талд ингэж нийлдэг юм билээ. Хангайн Завхан гол, Алтайн Ховд гол зам зуур их бага нууруудыг дүүргэн хальж, цаашаа урсан урссаар нэгэн их талд бэлчирлэн уулзаж Хяргас нуурлуу цутгадаг юм. Отгонтэнгэрээс зүүн хойш буусан ус Идэр голыг бий болгож, Идэр гол Байгаль нуурыг тэжээх Сэлэнгэ мөрөнд цутгаж, Байгал нуураас Ангар мөрөн эх аван урссаар Хойт мөсөн далай хүрдэг байна. Улиастай хот орчмын байгалын тогтоцтой уягдах уул усыг өөрийн олж дүгнэснээр цухас танилцуулав. Нэмж Улиастай хотын түүхэн товчооныг товчилж орууллаа. Зураглах үндсэн ажлаа гүйцэлдүүлж, Улиастай хотоо дэлгэн үзүүлж байна. Шинэ технологиор бүтээсэн 6 метр зураг “Монгол глобаль” компанийн “Саруул” төв дээр байрлаж байна. Өнөөдрийнх нь танилцуулгыг ТАНД үлдээе.

УЛИАСТАЙ ХОТЫН ТҮҮХЭН ОН ДАРААЛЛЫН ТОВЧ ТОВЧООН

МЭӨ 2000-1000 жил Өнөөгийн Улиастай хотын орчим Хүрэл зэвсгийн үеийн монгол овог, аймгууд амьдарч түүх, соёлын дурсгалт зүйлсийг үлдээжээ.

МЭӨ 123 он Хангай уулын ар бие Чигүчүкү голын эрэгт Хүннү нар хот байгуулав.

552-745 он Монгол нутагт төрт улсаа байгуулж асан Түрэгүүд Улиастайн газар нутаглан сууж тэр орчим Хүн чулуун хөшөө босгон үлдээв.

1225 он Чан Чунь бомбо Хятадаас Дундад Азируу Чингис хаанд дуудагдан явахдаа Хангайн уулын ар биед буй “Улиас” нэрт эртний суурингаар дайран гарав.

1570-аад он Халхын Засагт хан аймгийг үндэслэн байгуулагчийн нэг Ашихай дархан хунтайж өргөөгөө Хангайн уулын ар бие Чигэстэй голын хөвөөнөө байршуулав.

1733 оны 6-р сар Жүн ван Пубин умард замын цэргийг захирах жанжнаар томилогдон Улиастайд суув.

1735 он Улиастай сайдын газар байгуулж бэйл Цэвдэнг анхны монгол сайдаар суулгав.

1765 он Улиастай хотын Сангийн хэрмийг сэргээн засварлав.

1768 он Улиастайн цэргийн хүрээний сургуулийг байгуулав.

1870 он Улиастайд Оросын консулын газар байгуулав.

1876 он Оросын эрдэмтэн А.М.Позднеев Улиастай хотод ирж байв.

1873 он Улиастайн сангийн хотыг шинэтгэн сэргээн засварлав.

1900 он Засагт хан аймгийн Зоригт вангийн хошууны хүнд Энхтайваны удирдсан 2000 цэргийн бослого гарав.

1912 оны 1-р сар Улиастай хотоос жанжин Гүй И тэргүүтэй манж, хятад цэрэг иргэнийг хөөн гаргав.

1914 он Богд Хаант Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Улиастайн хэргийг хамааран шийтгэх түшмэлд сургууль байгуулах тухай зарлиг ирүүлж, улмаар Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-ийг байгуулав.

1921 оны 3-р сарын 10-н Улиастай хотоос хятадын гэмин цэргийг цус урсгалгүйгээр гаргасан байна.

1921 оны 10-р сар Ардын засгийн газраас Дилов хутагт Жамсранжавыг Улиастайн сайдаар томилов.

1925 он Улиастай хотын хүнсний үйлдвэр “Архины хороо” нэртэйгээр байгуулагдав.

1922 он Анхны сургууль байгуулагдав. Харилцан туслалцах хоршоо байгуулагдав. Улиастай хотод Монгол ардын намын 14-р үүрийг байгуулав. Улиастайн сайдаар О.Ламжав томилогдон ажиллав. Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-ийг сэргээв.

1926 оны 3 сарын 20 Улиастай хотыг Жавхлант хот хэмээн нэрийдэхээр болсон байна.
1930 он Улиастай хотод анхны нийтийн халуун усны газар нээгдэв.

1931 он Завхан аймаг байгуулагдаж Улиастай хот /Тэр үеийн жавхлант/-ыг нийгэм улс төрийн төв болгов. Улиастай хотод нүүдлийн кино театр байгуулагдав.

1947 он 1-р сургуулийг Б.Элдэв-Очирын нэрэмжит болгов.

1956 он Улиастай хот-Улаанбаатар хотын хооронд онгоц нисэх болов.

1961 он Жавхлант хотыг Улиастай хот хэмээн сэргээн нэрлэв.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549