Сургууль, цэцэрлэгийн цагийг төрийн албан хаагчийнхаас зөрүүлж өгөөч хотын дарга аа

access_time 2018-04-17

 

Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа нь сайшаалтай. Энэ жилийн хувьд ЗЦГ-ын гүүрэн гарц, Налайх-Чойрын хурдны зам гээд олон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Авто замын өргөтгөл, шинэтгэл, гүүрэн гарц барихтай холбоотойгоор зарим замыг удаан хугацаагаар хаасан. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд туслах замуудыг нээх, ажлын цагт өөрчлөлт оруулах, дугаарын хязгаарлалт явуулах, хөдөлгөөний ачааллыг бууруулах гээд олон ажил хийж болно. Хотын захиргааны зүгээс автомашины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт 2 удаа хийхээр төлөвлөсөн боловч иргэдийн дургүйцэл, шаардлагаар энэ шийдвэрээсээ буцсан.

Үүний дараа хотын дарга С.Батболд төрийн ажлыг өглөө 08:00 цагаас эхлүүлэх шийдвэр гаргасан. Харамсалтай нь судалгаа тооцоогүй, иргэдийнхээ ажил амьдралын хэмнэл онцлогт тохироогүй энэ шийдвэрээс болж төрийн ажил хийгдэж, замын түгжрэл буурах биш улам ихэслээ.

Ингэж хэлэхийн учир нь хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг эцэг эхчүүд зайлшгүй ажлаасаа хоцрох нөхцөл бүрджээ. Тухайлбал, Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн цэцэрлэгүүд өглөө 08:00-09:00 цагийн хооронд хүүхдүүдээ хүлээж авдаг. 07:30 цаг гэхэд цэцэрлэг нээгдээгүй, зөвхөн төв хаалгаар хүүхдийг авч байгаа ч ангийн багш нар нь ирээгүйгээр ангийг нь нээчихсэн байх юм. Багшийн хараа хяналтгүй хүүхдүүд нэг нэгэнтэйгээ тоглоом булаацалдаж муудалцах, маажих, зодох, цаашлаад цахилгааны залгуураар оролдож тог цохиулах, угаалгын шингэн уух гэх мэтээр аливаа эрсдэл гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Цэцэрлэгүүдийн хүүхдээ хүлээн авах өглөөний хувиарт өөрчлөлт оруулаагүй байж төрийн албаны албан хаагчдыг өглөө 08:00 цагаас ажилдаа ирэх шийдвэр гаргасан Хотын дарга С.Батболд хүлээх үү, ажилдаа ирэх цагтаа буюу 08:00 цагт ирж байгаа цэцэрлэгийн багш хариуцлага хүлээх үү?

За ингээд 07:30 цагт хүүхдээ багшгүй ангид сэтгэл нь зовнин үлдээгээд гарсан эцэг эхчүүд ажилдаа яарсан ч 5-10 км-ын зайтай ажилдаа ирэх гэж 30-60 минут зам дээр түгжирч байна. Ингээд өглөө 08:00 цагт ажилдаа ирэх биш үндсэндээ 09:00 цагт ирж байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд та анзаарч байгаа болов уу. Таны хувьд хүүхдүүд чинь том болсон байж болно, ач зээг чинь зөөж өгдөг асрагч байж магадгүй. Гэвч энгийн иргэд, жирийн төрийн албан хаагчдын хувьд үр хүүхдээ өглөө цэцэрлэгт өгөх, орой цэцэрлэгээс нь авах үүрэг ноогддог гэдгийг та даан ч мэддэггүй бололтой. Үгүй ядаж өөрийгөө тойрон хүрээлж байгаа зөвлөх, орлогч, газар хэлтсийн дарга нэртэй элдэв “бялдуучлагч” нараасаа асууж болмоор доо. Цаашлаад иргэдээс судалгаа авч цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн хичээл, төрийн ажил эхлэх тарах хуваарьт өөрчлөлт оруулах замаар шийдэж болно доо. Гэвч мань хүн “нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэрээр төрийн албаны ажил эхлэх цагийн хуваарийг өглөө 08:00 цагаас болгох тооцоогүй шийдвэр гаргасан нь ийнхүү замын ачааллыг ихэсгэж, түгжрэлийн нэмэгдүүлэв.

Зүй бол Хотын дарга С.Батболд шийдвэрээ гаргахдаа судалгаа тооцоонд үндэслэж, цэцэрлэгийн хүүхдээ авах цагийн урагшлуулах, эсвэл төрийн ажил эхлэх цагийг 08:00 биш, 09:00 болгож цэцэрлэг, сургууль эхлэх, тарах цагаас зөрүүлэх байдлаар шийдэж болох байсан ч мань хүн зөрүүлж байгаа нь энэ гээд улам давхцал бий болгож замын түгжрэлийг улам нэмэгдүүллээ.

Захиргааны аливаа шийдвэр ард иргэдийнхээ ажил амьдралтай уялдаж гарах ёстой, гэвч иргэдийн ажил амьдралаас тасарчихсан шийдвэрийг ямар судалгаа тооцогүйгэрэ гаргаж суугаа хотын дарга С.Батболдод бид цаашид итгэж болох уу…

Эх сурвалж: Dorgio.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549