Солонгосын визний материал өгөх оочер, дугаарыг “ШАГЛАЖ” зардаг болжээ

access_time 2018-04-17

 

Бөртэ чонын удам хөх толбот монголчуудад “БНСУ-ын виз илүү хийморьтойд нь гардаг болсон” гэх шог яриа ч бий болжээ. БНСУ-ын ЭСЯ-ны гадаа хонон өнжин дугаарладаг байсан иргэд маань он гарснаас хойш визний материал хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх НАЙМАН байгууллагын гадаа шөнө өдөргүй дугаарлаж байна.

Виз олгодоггүй эдгээр байгууллагын гадаа иргэд яагаад хонон өнжин дугаарлаад байгаагийн учрыг лавлатал иргэд тухайн байгууллагат визний материалаа өгөхийн тулд ДУГААР гэгч зүйлийг авдаг болсон юм байна. Эхэн үедээ иргэд өглөө үүрээр ирж ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн дугаараа аваад хэл амгүйхэн шиг материал өгчихдөг байжээ. Гэтэл өнөөдөр визний материал хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх НАЙМАН байгууллагын дугаар зургаан сар хүртэл дуусчээ. Үүнийг нь анзаарсан шагчид танил талаа ашиглан олон тооны дугаар авч БНСУ-ын визний материал бүрдүүлж буй иргэдэд өндөр үнэ хүргэн зарж байна.

Олон нийтийн сүлжээнд “Солонгосын визний материал өгөх дугаар худалдаж зарна, авна” гэсэн зарууд маш их байдаг болж. Тиймээс бид хэдэн дугаар руу залгаж хэдэн төгрөгөөр зарж байгааг нь асуутал “Дөрөвдүгээр сарын 20-30-ныг хүртэл нь 100 мянган төгрөг, таван сарын дугаар 50 мянгаас эхэлж байна даа” гэсэн хариултыг хэллээ. Эдгээр найман байгууллага үгсэн хуйвалдаж дугаар тарааж визний материал авах нэрийдлээр мөнгө угааж байна гэх хардлага иргэдийн дунд буй юм.

Энэ талаар БНСУ-ын ЭСЯ-тай утсаар холбогдож мэдээлэл авахад “ЭСЯ төлөөлөн гүйцэтгэх найман байгууллагаар дамжуулан визний мэдүүлгийг хүлээн авдаг. Яагаад дугаар тарааж, тэр нь бизнесийн зорилготой болсныг бид мэдэхгүй, Энэ талаар консул мэдээлэл өгнө. Та бүхэн манай цахим хаягаар өөрсдийн хүсэлтээ англи хэлээр бичээд явуулж болно. Гэхдээ бараг л хариу өгөхгүй байх даа” гэх тайлбарыг өглөө.

Визний материал хүлээн авч буй байгууллага:

Passport Express International
Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
Hang-Mong Law
Chinggis Journey
Mongol Namshin
GH&F
Mongol News
The Korean Association in Mongolia(TECKM)
Солонгост ажиллаж буй монгол иргэдийн өдрийн цалин манай улсын цалинтай зүйрлэшгүй өндөр. Үндэсний статистикийн хорооноос гарсан мэдээллээр монголчууд сардаа дунджаар нэг сая төгрөгийн орлоготой. Харин Солонгос улсад ажил хийвэл нэг цагийнх хөлс нь 7530 вон буюу сардаа монгол мөнгөөр хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг. Хэдэн төгрөг олж амьдралаа залгуулах гэсэн иргэд халуун хүйтэн, өдөр шөнийг үл ажран хувийн хэдхэн байгууллагын үүдийг сахин дугаарласаар байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549