Ж.Шижир: Оюуны бүтээлээ ямар ч аюулгүй байршуулах талбар бол AMJILT.COM платформ

access_time 2018-04-23

Мэдээлэл технологи асар хурдацтай хөгжихийн хэрээр бидний монголчууд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, технологийн дэвшилд ч гайхан хачирхахаа больчихжээ. Тэгвэл энэ хөгжилд хувь нэмрээ оруулж буй мэдээлэл технологийн “Том Амжилт” компанийн бас нэгэн шинэ дэвшилтэд Amjilt.com платформийн тухай ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Оюутан ахуй цагаасаа мөрөөдөж түүнийгээ зорилгоо болгон ажилласаар өдгөө бодит зүйл болгон түмэнд түгээж буй тус компанийн захирал Ж.Шижиртэй ярилцсанаа доор сийрүүллээ.

-Сайн байна уу. Шинэ дэвшилтэд зүйлийн талаар ярилцах болсондоо баяртай байна. Юун түрүүнд Amjilt.com сайт Монголдоо анх удаа оюуны бүтээлээ олонд түгээх онлайн талбар болж байгаа гэж сонслоо. Энэ талаараа уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манайх уг нэвтрүүлж байгаа үйлдэл буюу функцээрээ бол анх удаа. Өмнө нь бол тухайн сайтын эзэд нь ч юм уу админ нь зөвхөн өөрсдөө л мэдээ, мэдээллээ оруулдаг байсан бол amjilt.com дээр бол та ч өөрийн оюуны бүтээлээ байршуулж худалдах боломжтой платформ юм. Энгийнээр тайлбарлавал ерөөсөө нүүрном буюу фэйсбүүк шиг хэн бүхэн өөрийн бүтээлээ оруулж борлуулах, олонд түгээх боломжийг олгож байгаа хэрэг юм. Тиймээс манай amjilt.com маань Монголын анхны контент худалдаа бас онлайн сургалтын платформ гэж явна.

-Манай улсын хувьд оюуны бүтээлээ худалдах тэр дундаа онлайн буюу сошиал сувгаар худалдах тогтолцоо бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага зэргийн дутагдалтай зүйлүүд гарч ирэх болов уу. Энэ тал дээр танайх хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Интернэт, сошиал суваг хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэдээж манай улсад ч бас дагаад хөгжиж байгаа. Энэ ч утгаараа тодорхой хөгжил бас бий. Манайд оюуны бүтээл туурвидаг маш олон хүмүүс байдаг. Гэхдээ тэдний дийлэнх нь хэвлэмэл эсвэл аудио, видео хэлбэрээр DVD, CD дээр буулгаж худалдаалдаг. Мэдээж өнөө үед файл, дижитал хэлбэрээр бүтээлээ худалдаалах яг төвлөрсөн платформ байхгүй байгаа учраас хэвлэмэл цаас дээр гаргахаас ч өөр аргагүй байх.

Тиймээс интернэттэй салшгүй холбоотой болж буй өнөө үед оюуны бүтээл туурвигчдад энэхүү платформ маань хялбар бөгөөд цогц үйлчилгээг бий болгож өгөх юм.
Ер нь өөрийн оюуны бүтээл буюу хичээл, номоо нэг дор оруулаад худалдаад, орлогоо хянаад явах ийм платформыг тэд өөрсдөө хийх нь маш хэцүү. Сервер болоод аюулгүй байдал, төлбөрийн системтэйгээ харьцхад тун хэцүү. Үүнийг нь хийж өгсөн IT-гийн компани ч одоогоор байхгүй байгаа. Харин үүнийг манайх хийж өгч байгаа юм. Тиймээс энэхүү платформ маань контент буюу оюуны бүтээл туурьвиж байгаа хүмүүс таатай боломжийг олгож өгч байгаа.

-Өөрийн бүтээлээ хэвлэмэл байдлаар гаргах нь багагүй хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү платформ бий болсноор цахим хэлбэрээр бүтээлээ олонд түгээхэд энэ мэтийн зардал хэмнэх гээд давуу талууд бий болж байна гэж харлаа. Давуу талаас нь дурьдвал?

-Маш чухал асуулт байна. Давуу тал мэдээж олон бий. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн бүтээлээ хэвлэмэл гаргахаар зардал мөнгөнөөс гадна цаасыг модоор хийдэг учраас сүүлийн үед эко буюу ногоон дэлхий гэсэн урианаасаа эсрэг болчоод байгаа юм. Хоёрдугаарт, мөн адил CD, DVD дээр хөрвүүлэх, түүнийгээ хүргэх гэх зэрэг зардлууд ТЭГ болчиж байгаа гэсэн үг.

Гуравдугаарт, тухайн зохиогч маань номоо 100 ч юм уу 1000 ширхэг хэвлэлээ гэж бодоход нөгөөдөх нь дуусаад дахин хэвлэлтэд явах болдог. Тэгвэл amjilt.com платформ буюу онлайн талбарт байршуулснаар тоо ширхэгийн хувьд дуусна гэж хэзээ ч байхгүй.

Дөрөвдүгээрт, худалдаалах зах зээлийн хувьд тэлж өгч байгаа юм. Тухайн контент бүтээгч маань хэвлэмэл бүтээлээ сургууль дээрээ эсвэл номын дэлгүүрт л худалдаалах боломжтой байдаг бол манай amjilt.com талбарт байршуулснаар тухайн хүн хаанаас л бол хаанаас буюу хилийн чанадад ч бүтээлээ худалдаалах болон худалдан авах бүрэн боломж, давуу талтай болж өгч байгаа юм. Мөн цагийн хувьд шөнө, орой, өглөө ч хамаагүй.

Контентоо борлуулж байгаа хүний хувьд ч тэр түгээж буй зах зээл нь өргөсөөд ирэхээр ашиг орлогийн хувьд ч нэмэгдэнэ гэсэн үг.

Манай платформд байршуулж худалдаалсны төлбөр болгож нийт олсон ашгийн 20 хувийг л авна. Бусдаар бол эхлээд манайд бүтээл контентоо байршуулахад үнэ төлбөргүй.

Мөн нэг зүйлийг хэлэхэд орлогоо маш нарийн хянаж байх боломжтой. Хэн, ямар хүмүүс, хэдэн цагт худалдан авсан байна гэдгээ бүрэн хянаж явах боломжийг бид олгож байгаа.

Худалдан авалт хийж байгаа хүнтэйгээ хүртэл холбогдоод яг л фэйсбүүк шиг хоорондоо найз болж өөрийн гэсэн талбар, зах зээлийг бий болгож ч болно. Тэд хоорондоо тусдаа групп үүсгэсэн ч болно.

Мөн оюуны бүтээл туурвигч зарим хүмүүс өөрсдийн зарим бүтээл номоо ч олдоггүй зарагдаад дуусчихсан тохиолдол байдаг шүү дээ. Тиймээс энэ тал дээр тухайн хүн маань өөрөө менежмент, зохион байгуулалтаа хийгээд хуучны олон бүтээлээ файл хэлбэрээр манай дээр байршуулаад дараа нь нэг хүн асуусан ч amjilt.com дээр байгаа гээд л заагаад өгчихнө. Эсвэл линкээ өгчихсөн ч болно. Хэдэн ч жилийн дараа таны бүтээл энд хадгалагдсаар ч байх болно.

-Тэгвэл amjilt.com талбарт байршуулсан ном болоод контентыг заавал худалдаж авч унших хэрэгтэй гэсэн үг үү?

-Тэр бол тухайн багшийн ч юм уу контент оруулагчийн өөрийнх нь шийдэх зүйл. Эхний ээлжинд бол тухайн номын танилцуулга ч юм уу эсвэл эхний бүлгийг оруулж өгч болно. Тэгээд танилцуулгыг нь хүн үзээд энэ номыг худалдаж авах уу үгүй юу гэдгээ шийднэ.

-Мэдээж amjilt.com –д хүн өөрийн оюуны бүтээлээ оруулна. Тэгэхээр манайд сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон асуудлуудын нэг оюуны бүтээлийн хулгай. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Манай платформ бол “монго” гэдэг баазтай. Маш сүүлийн үеийн технологи дээр хийгдсэн байгаа. Тиймээс нууцлалын хувьд маш өндөр. Тухайн худалдан авагч дээр хэлсэнчлэн зөвхөн танилцуулга эсвэл эхний бүлэгтэй нь л танилцаж цааш худалдан авалт хийж бүтнээр авах боломжтой. Тийм болохоор үнэтэй зүйлийг үнэгүйгээр хакердаж авах боломж бол байхгүй. Мөн тухайн номыг манай сайтнаас худалдаж аваад эргүүлээд манай сайтаар зарах боломжгүй. Мэдээж худалдан авсан хойно тэр хүн цаашаа флашаар түгээж буй эсэхийг бид хянах боломжгүй. Аан бас тухайн контент байршуулж байгаа хүн маань татаж авах боломжгүйгээр зөвхөн энэ талбартаа үзүүлэх боломжийг сонгож болно. Тэгэхээр бас татаж худалдан авах, зөвхөн үзүүлэх гэсэн хоёр боломжоос сонгох боломжтой гэсэн үг юм.

-Ном, зохиолоос гадна видео, аудио хэлбэрээр хичээлүүдийг бас оруулах боломжтой гэсэн?

-Тийм. Ер нь заавал багш, зохиолч гэлтгүй та оюуны бүтээл туурвигч л бол манай дээр түүнийгээ байршуулж сурталчилж, зарах, түгээх боломжтой. Мөн тэр нь аудио ярилцлага ч байж болно, мөн видео хэлбэрээр ч байж болно. Видеогоор оруулахад 360, 720, 1080 гэх мэт харагдах нягтралаар нь хуваагаад өгсөн байгаа. Тиймээс тухайн хүн видеог үзэхдээ өөрийн интернетийн хурддаа тохируулаад үзэх боломжийг бий болгож байгаа юм. Мөн үзэж байгаа видео дээрээ тэмдэглэл хийх хүртэл боломжтой. Энэ хэсгийг сайн ойлгосонгүй эсвэл тэр хэсэг их таалагдлаа гэдэг ч юм уу. Аудио ч үүнтэй ижил.

-Тэгэхээр amjilt.com дээр тухайн хэрэглэгч оюуны бүтээлээ байршуулаад өөрийн гэсэн орон зайтай болж байна аа гэдэг нь яг л фэйсбүүкийн аккоунт шиг хэрэглэгч шиг гэж ойлгож болох уу. Ялгаа нь гэвэл оюуны бүтээл тал дээр илүү найдвартай хамгаалагдсан?

-Манай сайтыг зарим хүмүүс сошиал сайт шиг байна гээд байдаг. Учир нь, нэг жишээ дурьдхад би нэг гутал худалдаж авлаа гэж бодоход энэ гутлыг би сайн ойлгохгүй байна гэдэг ч юм уу яаж өмсөх вэ гэж мэдээж асуухгүй. Харин ном, товхимол оюуны бүтээлийг тухайн зохиогчоос нь асуух зүйл гардаг. Тиймээс бид энэхүү талбартаа хоорондоо найз болох, сэтгэгдэл үлдээх, хоорондоо чатлах, бүлэг үүсгэх үйлдлүүдийг бий болгож өгсөн юм. Тиймээс энэ нь фэйсбүүктэй төстэй болчиж байгаа. Нэг үгээр тайлбарлавал оюуны бүтээл байршуулж байгаа тохиолдолд сошиал үйлдэл зайлшгүй байх шаардлагатай болж байгаа юм.

Фэйсбүүк дээр “мэдэхгүй зүйлээ асуу” гэх мэт групп байдаг шиг манай талбарт бол аймшгийн зохиол сонирхогчдын групп эсвэл зөвхөн ЭЕШ-ын математик, монгол хэлэнд бэлтгэгчид ч гэдэг юм уу бүлэг үүсгэх боломжтой.

Энэ мэт бүх үйлдлийг энэ ярилцлаган дээр тайлбарлана гэвэл тун хэцүү. Маш олон үйлдэл, функцуудтэй. Сошиал орчинд бүтээлээ борлуулах болон тэндээс хэрэгтэй зүйлээ олж мэдэж, худалдан авах аль болох таатай нөхцлийг л бид бүрдүүлэн ажиллаж, үүнийгээ хөгжүүлж байна. Цаашид ч хөгжүүлсээр байх болно.

-Amjilt.com платформыг ашиглахад хэр хялбар вэ?

-Тун энгийн. Amjilt.com –руу орлоо, өөрийн фэйсбүүк, твиттер, мэйл хаяг алинаар ч нэвтэрч болно. Тэгээд таны аккаунт үүсээд файл, контентоо байршуулж болно. Интернэтээс хол, сайн мэддэггүй хүмүүсийг ч бид бодолцож тун энгийн хялбар байлгахаар л хийсэн. Бас нэмж илүү ойлгомжтой болгох үүднээс заавруудыг оруулж өгөхөөр ажиллаж байна.

-Аккаунт үүсгэж, өөрийн гэсэн талбараа бий болгоход төлбөртэй юу?

-Энэ жил буюу энэ оныг дуустал үнэ төлбөргүй байгаа. Цаашдаа бага зэргийн төлбөртэй болж ирнэ. Мэдээж үүний програмчиллыг хийж байгаа олон хүний хүч хөдөлмөр байгаа учраас цаашдаа бага зэргийн төлбөртэй болно.

Гэхдээ хэрэглэгч болоод худалдан авалт хийх хүн маань үнэ төлбөргүй нэвтэрнэ. Харин контент оруулах хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлдөг болно.

-Контентоо хэрхэн цааш түгээх тал дээр нэг тайлбар хэлээч?

-Үүн дээр энгийн нэг жишээ авъя. Нэгэн сургуулийн Монгол хэлний багш Бат өөрийн олон жил багшилсан туршлага, мэдлэг, чадвараа ашиглан Монгол хэлний мэдлэгийг маш хялбараар олгох гарын авлага зохиожээ гэж бодъё. Харин энэхүү гарын авлагаа олон хүмүүст хүргэмээр байв ч таньдаг сурагчдадаа тайлбарлахаас хэтрэхгүй байгаа мөн яаж олон хүнд хүргэхээ ч мэдэхгүй байгаа.

Харин Amjilt.com сайт бий болсоноор Бат багш шиг хүмүүс өөрийн бүтээсэн оюуны бүтээлээ яг хэрэгтэй хүнд нь цаг алдахгүйгээр хүргэх боломж нээгдэж байгаа юм. Бат багш өөрийн бүтээсэн гарын авлагаа ном хэлбэрээр, бичлэг хэлбэрээр, бүр аудио байдлаар, зурган байдлаар ч бусдад түгээх боломжтой. Тэр ч бүү хэл зөвхөн номоо худалдаалахаас гадна amjilt.com дээр онлайн бүлэг үүсгэж тухайн бүлэгтээ өөрөөс нь мэдээлэл авахыг сонирхсон хүмүүсийг элсүүлж шууд самбар дээр контент зааж буй мэт онлайнаар орон зай цаг хугацаанаас үл хамааран контент заах ч боломжтой. Бат багш өөрийн энэ бүтээлээ төлбөртэйгээр түгээсэн ч болно. Шаардлагатай гэж үзвэл төлбөргүй түгээсэн ч болно. Мөн нэг зүйлийг хэлэхэд тест бас оруулж болох юм шүү.

-Оюуны бүтээл туурвигчид болоод оюутан, сурагчдын хувьд энэ тун таатай мэдээ болж байгаа байх гэж бодож байна. Та анх энэ санаагаа хаанаас авч яагаад энэ зүйлрүү орох болсон бэ?

-Манай компани өдгөө 10 жил болчихсон IT –гийн компани. Монголын хамгийн олон сайт хийсэн компани гэж явдаг. Харин энэ санааны хувьд би оюутан байхдаа л бодож явсан зүйл маань. Би өөрөө багш мэргэжилтэй хүн л дээ. Анх компаниа үүсгэн байгуулаад ажлаа эхлүүлээд, захиалгын ажлуудаа хийхийн хажуугаар энэ платформоо бага багаар хөгжүүлээд хийж эхэлсэн. Тэгээд энэ оны есдүгээр сард хийж дуусгасан. Өмнө нь бол зөвхөн бид өөрсдийн контентоо зардаг платформ үүсгэсэн байсан. Тэгэхээр зах зээл нь тун бага. Харин одоо бол хэн ч энэ талбарт орж болохоор болсон.

-Угтаа бол amjilt.com чинь мэдээний сайт байсан шүү дээ. Одоо тэгэхээр…?

-Тийм ээ. Мэдээний портал сайт байж байгаад харин одоо бол тэр нь тусдаа буюу amjilt.news гэсэн мэдээний сайт бий болсон. Харин amjilt.com бол контент худалдааны платформ болсон байгаа.

-Ярилцлагын төгсгөлд та юу хэлмээр байна вэ?

-Одоогоор amjilt.com платформ маань 11 мянга гаруй хэрэглэгчтэй, 100 гаруй контенттой болчихсон байна. Миний мөрөөдөл, зорилго маань болсон энэхүү платформоо цаашид —хөгжүүлээд маш олон хүмүүсийг сургах, сурах үйлсэд нь маш том тус дэм болно гэдэгт итгэлтэй байгаа. Оюуны бүтээл туурвигч нарын дийлэнх нь маш бага орлоготой байдаг бол үүгээр ашиг орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой, мөн нөгөө талаараа сурч боловсрох хүмүүст ч илүү сайн орчин нөхцлийг бүрдүүлж цаашид хөгжүүлэлт тал дээрээ ч чанартай, сайн анхаарч ажиилах болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549