Н.Мөнгөншагай: Э.Болорчулууны дүү нар газар олгож өгнө хэмээн ихээхэн хэмжээний мөнгийг маань залилсан

access_time 2018-04-24

 

Газар эзэмших гэрчилгээ гаргаж өгнө гэсэн хүмүүст хууртаж их хэмжээний мөнгөө залилуулсан гэх Н.Мөнгөншагайтай уулзаж ярилцлаа

-Та юуны өмнө чухам юу болсон талаар ярихгүй юу?

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны дүү нар болох н.Бямбадорж, н.Энх-Санжаа гэх залуучууд надтай газрын асуудлаар анх уулзсан юм. *Чи барилга барьдаг хүн. Газар сонирхож байна уу* гэж уулзсан. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд тэдний тавьсан саналыг сонсч авах, барихдаа хүрч тохиролцгоосон. Надад газрын баахан гэрчилгээ үзүүлж хаана, ямар газар сонирхох вэ гэж байсан. Ингээд би 3-4 удаагийн үйлдлээр нийтдээ 300 орчим сая төгрөгийг тэдэнд өгсөн. Газрын гэрчилгээ гарна, хүлээж бай гэж байж байж гарсан л даа. Энэ хооронд Болорчулуун ах ингэж хэлж байна гэх мэтээр дандаа заавар зөвлөгөөг аваад яваад байсан. Барилга барих гээд эскиз зургаа хийлгэх гээд ерөнхий төлөвлөгөөний газраар яваад ирсэн чинь албан ёсны мэдээллийн санд орсон зүйл байхгүй болж таарсан. Газрын гэрчилгээний захирамж, тоотын дагуу би судлаад үзсэн чинь А/94 дугаартай захирамж нь 2014 онд ажлын хэсэг байгуулах тухай, А/156 захирамж нь Бангладеш улс руу дахин төлөвлөлтийн судалгаа руу явуулах томилгооны захирамж хоёр байж таарсан.

-Та аль байршилд хаана, ямар газар авахаар тохиролцсон байсан юм. Энэ хэзээ болсон явдал вэ?

-Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд болсон явдал. Анх надад 20-30 газрыг санал болгож байсан. Болорчулуун даргын гарын үсэгтэй газрын олон гэрчилгээ үзүүлсэн. Болорчулуун ах мөнгөө авч байж газраа өг гэдэг зарчмаар явдаг гэдгийг хэлж байсан. Өөрсдийнх нь санал болгосны дагуу Баянгол дүүрэг 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр газар, зуслангийн газар гэсэн нийт таван га орчим газар олгож өгөхөөр болсон байсан.

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай тэдгээр хүмүүстэй яг ямар холбоотой юм бэ?

-Анх н.Бямбадорж, н.Энх-Санжаа нартай би танил, найзуудаараа дамжуулж танилцаж байсан, хэн хэндээ итгэх итгэл төрцгөөсөн байсан л даа. Болорчулуун руу бичсэн мессэж, миний хажууд утсаар ярих тохиолдлууд, хамт авахуулсан зургаа үзүүлэх гэх мэт олон үйлдлийг би харж бас итгүүлж байсан. Би өөрөө судлаад үзэхээр Болорчулуун яах аргагүй тэдэнтэй холбоотой ойр л юм билээ. Болорчулууныг Сонгинохайрхан дүүрэгт байхаас нь эхлээд ойр дотно найзалсан хуурай дүү нар нь. Чингэлтэй дүүрэгт ч бас цуг байсан. Болорчулууны гэр бүлийн тухай их ярина. Мессэжийг нь уншуулна. Хоорондын итгэлцэл үүсчихсэн байсан. Хамгийн гол нь Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүйгээс боллоо. Гэрчилгээг чинь солиод өгнө гэж хэлж байсан. Миний хувьд газар авахад яг ямар шат дарааллаар явагддаг гэдгийг нарийн сайн мэдэхгүй. Нөхдүүд надад ярьж өгсөн л дөө. Нийслэлийн Засаг даргын хурал болдог. Уг хурал дээр Газрын албыг ахалж Э.Болорчулуун сууна. Хурлаас газруудыг сонин хэвлэл дээр тавьж эзэмших эрхийг нь цуцалдаг. Цуцлагдсан газрууд эргээд ороод ирэхээр нь гаргана гэх мэтээр нарийвчлан ярьж байсан. Сүүлдээ мөнгө ч үгүй, газар ч үгүй болоод ирсэн учраас би аргагүйн эрхэнд хууль хяналтын байгууллагад хандаж хохирлоо барагдуулах хүсэлтээ гаргасан.

-Хуулийн аль шатны байгууллагад хандсан байгаа вэ?

-Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр хандсан. Ахмад Батсайхан мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа. Миний хэргийг үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү гээд өгсөн мөнгөний хуулга, газрын гэрчилгээний хуулбар гэх бичиг баримтуудаа өгсөн. Хуулийн байгууллага одоог хүртэл шалгаж байна гэсэн. Хууль хяналтын байгууллагаас Э.Болорчулууныг дуудаагүй, байцаалт аваагүй байхад *Миний талаар ийм мэдээлэл явж байна* гээд өөрөө цагдаа дээр ирж шалгуулсан гэж ярьдаг. Өөрөө шалгуулах биш би цагдаагийн байгууллагад хандсан байгаа шүү дээ.

-Газрын албаны даргын нэрийг барьж худлаа ярьж байсан байх тал бий юу. Та мөнгөө өгсөн гэх н.Бямбадорж, н.Энх-Санжаа нар хаана, ямар ажил төрөл эрхэлдэг хүмүүс вэ?

-Хувиараа ажил эрхэлдэг 30 орчим насны залуучууд. Угаасаа тэр ах, энэ ах гэж их ярьдаг. Тэдний автомашиныг унаж, ууж идэхээр нь хүргэж өгөөд байнгын хамт явцгаадаг залуучууд. Надаас мөнгө авахдаа ах нартай явж байна гээд хамт байгаа зургаа харуулж байсан. Тэр хоёр залуу өнгөрсөн есдүгээр сараас хойш Тавантолгой дээр голчлон байсан. Хятадуудад нүүрс борлуулж байна, ах нарын өмнөөс хариуцаж байна гэж ярьж байсан.

-Та тэднийг Э.Болорчулуунтай цуг явж байхыг нь яг харж байсан уу?

-Би харж байсан. Би бизнес эрхэлж олон хүнтэй уулзаж учирч байсны хувьд хүний нэрийг бариад яваад байгаа эсэхийг бас ялгахтайгаа хүн. Нэг нөхөр тэр ах гээд худлаагаасаа хэлэнгүүт би итгээд тэр хэмжээний мөнгөө өгчихнө гэж ч байхгүй. Тэдний харилцаа холбооны байдал маш ойр.

-Цагдаагийн байгууллагаас танд ямар хариу ирүүлж байна вэ. Энэ хугацаанд Э.Болорчулуун гэдэг хүнтэй нүүр тулж уулзав уу?

-Би н.Бямбадоржид одоо нэгэнт байдал иймдээ тулсан юм чинь гээд Э.Болорчулуунтай нүүрээрээ уулзалдах хүсэлтийг тавьж байсан. Н.Бямбадорж *Ахад асуудал үүссэн үед уулзаж болохгүй. Намайг түр хол байж бай. Хохирлыг чинь барагдуулна* гэж хэлж байсан. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд даргатай уулзана. Газрын гэрчилгээ гаргаж өгөх талаас нь яриа гэж хэлж байсан. С.Батболд даргыг яаж таньдаг юм бэ гэж асуухад *Манай хуурай ах* гэж хэлж байсан. Хоёр ч удаа С.Батболд ахын өрөөний үүдийг сахиад сууж байна гэж Нийслэл дээр өнжиж байсныг нь би сайн мэднэ. Би үнэн, худлыг нь шалгахаар цуг дагаад явахаар яалт ч үгүй тэдгээр хүмүүстэй уулзаад явдаг байсан. Тэр хоёр хэлэхдээ бид нарыг дэмждэг улс төрийн карьер өндөртэй ах нараа балламааргүй байна. Биднийг тусалж дэмжье гэж байхад нь ах нарыгаа баллачих гээд байна. Түр хүлээж бай гэх мэт үгийг байнга хэлдэг байсан.

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун энэ талаар мэдэгдэл хийж байсан байх аа. Та тэрхүү мэдээллийг нь харсан уу?

-Э.Болорчулуун гэдэг хүн хоёр ч удаа мэдэгдэл хийж байсан. Үнэндээ надад байгаа гэрчилгээний үнэт цаас нь оригналь гэдэг нь тогтоогдчихсон. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс газрын дүгнэлт нь гарчихсан байгаа. Ер нь би хохироод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байтал Х.Болорчулуун өөрөө цагдаа дээр очсон гэж барин тавин худлаа хэлдэг л юм билээ. Одоог хүртэл хохирлыг минь барагдуулахгүй яваад л байна.

-Одоо хуулийн байгууллагаас таны хэргийг үнэн зөвөөр тогтоочих байлгүй дээ?

-Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг одоог хүртэл шалгаж байна гэсэн хариулттайгаар л явж байна. Цагдаагийн байгууллагаас надад хөндлөнгийн дарамт шахалтыг үзүүлэх болсон. Би хохирогч хүн. Тэгтэл үүн дээр гарын үсгээ зур, чи битгий маяглаад бай. Миний өрөөнд байж миний өөдөөс битгий тайлбар тавиад бай. Чиний хохирсон чинь хэнд хамаатай юм гэх мэтээр ахлах мөрдөн байцаагч, хошууч Баасанжав гэдэг хүн элдвээр намайг хэлдэг. Тэр хүн надаас мэдүүлэг авч байгаа ахмад Батсайхантай хамт нэг өрөөнд суудаг хөндлөнгийн хүн. Хууль хяналтын байгууллагын ажилтанд хохирсон хүнийг ингэж дарамтлах эрх байдаг ч юм уу. Би ихэд гайхаад байгаа юм.

-Танд өөр ямар нэгэн дарамт ирж байгаа юу?

-Дугаараа нууцалсан утаснаас залгаж dЧи оролдох хүнээрээ оролдоорой. Чамайг харна ааd1 гэх мэтээр сүрдүүлэх, гэрийн үүдийг шөнө дунд балбачихаад гараад ирэхэд хэн ч байхгүй гэх мэт хандлага ажиглагдаж байгаа. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хэлж бүртгүүлж байгаа. Нууц дугаараас над руу залгаж наад газрынхаа гэрчилгээнүүдээ буцаагаад өгчих, тохиролцоё. Чиний өгсөн мөнгийг хоёр дахин нэмээд өгье гэж ярьж байсан удаа бий. Би өөрийн өгсөн мөнгөө буюу хохирлоо барагдуулмаар байна гэдгээ хэлсэн. Ингэж надад байгаа газрын гэрчилгээнүүдийг авах гэж оролдсон. Одоо тэрхүү бичиг баримтыг хууль хяналтын байгууллагад өгсөн байгаа.

-Дахин лавлаад асуухад Э.Болорчулуунтай холбоотой гэх нотлох баримт танд бий юу. Магадгүй нэрийг нь барьсан залуучууд байсан байх вий?

-Тэд зүс таньж нэг, хоёр удаа уулзалддаг хүмүүс биш л дээ. Нийслэлийн ажлын байр руу ороод гарч ирэх, амарч зугаалж байгаа үед нь, гадуур цуг явдаг дотно дүү нар нь яах аргагүй мөн. Тэдний хоорондын харилцаа их дотно. Тухайлбал, өнгөрсөн зун долдугаар сард Нүхтийн амралтанд Сандуй, Болорчулуун нарын хүмүүстэй байхад нь би Бямбадоржтой цуг араас нь очиж мөнгө аваачиж өгч байсан. Тэд тухайн үед фракцаараа уулзаж байна гэж хэлж байсан.

-Одоо танд ямар хүсэлт байна вэ?

-Би бол зохион байгуулалттай залилангийн хэргийн хохирогч болсон хүн. Төрийн албан хаагч хүн ийм хэрэгт холбогдож, ингэж болдог ч юм уу. Над шиг олон иргэн битгий дахин хохироосой гэж хүсч байна. Төрдөө итгэх, хүнд итгэх итгэл үнэхээр алга. Хүнээс мөнгө залилж авчихаад эргээд айлгаж ичээгээд байж бас болохгүй л дээ. Бид нар хүчтэй. Шоронд орчихдог юм биш гэсэн ухааны зүйл ярьж байсан. Миний хувьд хэн нэгнийг гүтгээд, ажил карьерт нь саад тотгор болох гээд байгаа юм биш. Ихээхэн хэмжээний мөнгөө бусдад залилуулж хохирсон учраас хууль хяналтын байгууллага болон олон нийтэд хандахаас өөр аргагүй боллоо.

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549