Хашаатын “хатгадаг” Т.Дагмид цайны газарт иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсээр байх уу

access_time 2018-04-25

 

-“МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ЦАГДААГААС ШАЛГАЛТ ХИЙХЭЭР ИРЛЭЭ” ГЭЖ ОРООД ХАТГУУЛААД ГАРААД ИРЭХ ЮМ-

Олон нийтийн сүлжээнд Архангай аймгийн Хашаат сумын Т.Дагмид гэх хүн хараагүй хүнийг хараатай болгож, суумгай хүнийг явдаг болтол нь хатгадаг гэсэн яриа гараад аль хэдийнэ 4-5 жилийн нүүрийг үзжээ. Тэрбээр хөдөө гэрийнхээ хажууд хэдэн жижиг отрын гэрт 20 орчим хүн байлган эмчилгээ хийдэг гэж олон түмэн ярьдаг. Сувилахуйн мэргэжилгүй саальчин эхнэр нь сувилагчийг нь хийдэг.

Т.Дагмид нэлээд хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Анх гуравдугаар ангийн хүүхэд байхдаа “Могойн яр” хэмээх өвчнийг хатгаж эмчилж эхэлсэн. Томруулдаг шил барьж байгаад яр байгаа хэсгийг томруулж хараад, тэр газарт зүүгээр хатгахаар зэрэг ус гараад амьд өт гараад ирдэг. Тэгээд л эмчилчихдэг байлаа. Анх мал эмчилдэг, хурдан морь хатгадаг байхаас эхэлсэн гэж хэлж болно. Эцсийн шатандаа орчихоогүй бол бүх өвчнийг л эмчилж байна. Ер нь уламжлалт анагаах ухаан юм.

Хануур, хатгуур хийх, зүү тавих, бариа засал хийх зэрэг эцэг эхийнхээ зааж сургасан зүйлээр л эмчилгээ хийж байна. Би чинь ном, сургуулийг нь төгсөөгүй. Энгийн малчин хүн. Хануур хийж хүн эмчилээд 20 гаруй жил болж байна” гэсэн зүйлийг ярьжээ. Хэдэн жилийн өмнө Э.Бат -Үүл дарга эмчлүүлж эдгэрээд хүнд буян болж яваарай гээд хотод хоёр өрөө байр өгсөн сураг байдаг. Ер нь энэ хүнийг зорьж Монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирдэг.

Хатгадаг, ханадаг Т.Дагмид хэдхэн хоногийн өмнө нийслэлд ирсэн бөгөөд эмчилж буй газрынх нь гадаа иргэд хонон өнжин дугаарлаж буй аж. Бид энэхүү мэдээллийг бэлтгэх явцдаа хэн нэгнийг шүүмжлэх биш бодит байдлыг сурвалжлахыг зорилоо. Тэрбээр “Саппоро төв”-ийн чанх хойно “Мандах” зоогийн газарт иргэдэд эмчилгээ хийгээд, найм хонож байгаа аж.

Биднийг очиход 30 гаруй хүн өөрийн орох ээлжээ хүлээн дуугаарлаад суучихсан харагдав. Энд дугаарлаж буй ихэнх хүмүүс өвлийн зузаан хувцастайгаа зогсож буйг хараад учрыг нь асуутал “Хатгуур хийлгэсэн бол даарч гам алдаж болохгүй. Тиймээс өвлийнхөө зузаан хувцсыг өмссөн” гэв.

-ӨДӨРТ 100 ХҮН ЭМЧИЛДЭГ-

“Мандах” зоогийн газрын үүдээр ортол баруун гартаа барилгын цагаан бээлий өмсөөд, гадуур нь нэг удаагийн хүнсний бээлий өмссөн, цэнхэр өнгийн хүрэмтэй 20 гаруй настай болов уу гэмээр нэгэн залуу “Бууз гарсан шүү, буузаа аваарай” хэмээн чангахан дуугаар хэлнэ. Энэ газарт эмнэлгийн эмчилгээ, хоолны газрын үйлчилгээ хамтдаа явагддаг бололтой харагдав. Цайны газрын дотор ч гэсэн нэлээд урт дараалал үүсчээ.

Зохион байгуулагч гэх хүнээс юм асуух гэтэл “Мэргэжлийн хяналт, цагдаагаас шалгалт хийхээр ирлээ” гэж ороод л хатгуулаад гараад ирэх юм. Битгий урдуур дайраад байгаарай” гэж ахмад настнууд нэлээд ууртай нь аргагүй хэлэв. Т.Дагмид гэх хүн өдөрт 100 хүн хүлээн авч үздэг бөгөөд зайлшгүй тохиолдолд холоос ирсэн, эмнэлгийн түргэний машинаар ирсэн хүнд өвчтэй хүмүүст үйлчилдэг аж.

Цайны газрын зааланд дугаарлаж суусан хүмүүсээс “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт яагаад эмчилгээ хийлгэж байгаа юм. Нэг удаагийн ариутгасан багж ашигладаг биз дээ” хэмээн асуутал “Энд нэг удаагийн зүү, цэнхэр спирттэй хөвөн гэх мэт хатгахад хэрэг болдог зүйлсийг уутанд хийгээд 3000 төгрөгөөр зардаг. Одоо цагт хүний шивүүлсэн зүүгээр хүн ахиж хатгуулах уу. Сэтгүүлч хүн байж иймхэн юм мэдэхгүй” гэж баахан загнуулав. Иргэд цааш нь ярихдаа “Хараагүй хүн хараа орж, хүнд үүрүүлээд орж ирсэн хүн тэр өрөөнөөс өөрөө алхаад гараад ирэхээр чинь ард иргэд бидэн итгэл үнэмшил төрнө биз дээ.

Эмнэлгүүдээр явахаар баахан үнэтэй эм тариагаар шахана. Эдийн засаг, цаг хугацаагаа алдаж үр дүн гарахгүй. Монголчууд Солонгос явах виз авахын тулд сайн дураараа оочерлож байна. Бид ч гэсэн өвчнөөсөө салахын төлөө сайн дураараа энэ цайны газрын өмнө өдөржин, шөнөжин дугаарлаж байна. Бид хүмүүст гай болоогүй шүү” гэх хариулт өгсөн. Т.Дагмид том хүнийг 20 мянга, хүүхдийг 10 мянган төгрөгөөр хатгадаг аж.

-100 МЯНГА ДАХЬ ИРГЭНЭЭ ЭМЧИЛСЭН ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАВ-

Өчигдөр Т.Дагмид 100 мянга дахь иргэнээ эмчилсэн бөгөөд уг баярт үйл явдалтай нь давхцаж Монголын Ахмадын Академи, Эрүүл мэндийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газраас “Алтан гадас” одон өгсөн гэдгийг зохион байгуулагч гэх хүн бидэнд дуулгасан юм. Тэрбээр ярихдаа “Албан ёсны эмчилдэг газар нээх гэхээр бичиг баримт бүрдүүлэх тал дээр их асуудал гардаг. Өнөөдөр Т.Дагмид гуайн судас барьж буй мэдрэмж, мэдлэгийг гүйцэх эмч Монголд нэг ч байхгүй болохоор ардын уламжлалт эмнэлгийн шинэ стандарт тогтоож чадахгүй байна. Энэ хүнээс давсан мэдлэгтэй байж л шалгана биз дээ.

Т.Дагмид гуайн эмчилгээний арга барил, онцлогийг тогтоож чадахгүй байгаад их учир байна. Тэгээд нэг газраас нөгөө газар руу хөөгдөөд хүмүүст эмчилгээ хийж байна. Энэ хүн мэддэг чаддаг бүхнээ хүнд сургаад өвлүүлж үлдээх гэхээр дагалдан хийж буй эмч нар нь сурахгүй байна шүү дээ. Т.Дагмид гуай ихэнхдээ мэдрэл талдаа эмчилгээ хийдэг.

Эмнэлгүүд хүртэл түргэнийхээ машинтай ирээд, өвчтнөө дамнуурга дээр дамнаад орж ирж байна. Эмчилгээ үр дүнгээ өгдөг учраас ард түмэн маань хэдэн зуугаар ирээд байгаа болов уу. Зарим хүмүүс Т.Дагмид гуай хаа явсан газар нь машинтайгаа дагаж яваад эмчилгээгээ хийлгэж байна. Бид ард түмнийг ир гэж дуудаагүй шүү дээ” гэлээ.

Шинжлэх ухааны боловсрол эзэмшээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар эмчилгээ хийж байгааг нь зохих шатны албан байгууллагууд анхааралдаа авна биз ээ. Т.Дагмид гэх хүн хатгуур, хануур хийдэг учир эрүүл ахуйн жаахан л сэрэмж алдахад иргэд бие биенээсээ төрөл бүрийн өвчин авч болно гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549