С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба Э.Бат-Үүлийн тэмцэл

access_time 2018-04-25

 

Монголын ардчилсан хөдөлгөөний анхны идэвхтнүүдийн нэг, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл төрийн өндөр алба хашиж байх үедээ Монголын ардчилал дэлхийд гайхуулж байна гэж дүгнэх атлаа албан тушаалгүй болсон үедээ Монгол орон уруудан доройтож байна гэж зарладаг нь улс төрийн хүрээнийхний хувьд нэгэнт дасал болсон үзэгдэл болжээ. Тодруулбал тэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үедээ буюу 2016 оны 4 сарын 11-нд “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын үеэр: “Та, бид ингэж чадлаа. Үүнээс илүү гайхамшиг гэж юу байгаа юм бэ…26 жилийн хугацаанд ардчиллынхаа хүрсэн үр дүнгээр бид өнөедөр бахархаж болно. Би ийм нэр томьёо хэлээд байгаа. Монголын ардчилал бол Америкт ч гайхуулж болох пост модерн ардчилал.

Залуучууд оносон нэр томьёо байна гэж хэлцгээсэн. Бид пост модерн ардчилал гээчийг бий болгоод явж байна. Энэ бол Америкт гайхуулах зүйл.” гэж улс орноо дүгнэж байв. Харин НИТХ-ын 2016 оны сонгуульд албан тушаалгүй болмогцоо буюу 2017 оны 3 сарын 26-нд “Ардын их хурлын төлөө” хөдөлгөөнөөс өнөөдөр хоёр танхимтай парламент бий болгох тухай зөвлөлдөх уулзалтын үеэр үг хэлэхдээ: “Монголын нийгмийг ардчилсан нийгэм гэж хараад байгаа. Үнэндээ тийм биш болсон. Монголын нийгэм өнөөдөр олигарх дэглэмтэй, олигархи нийгэм болсон. Эдийн засаг ч зах зээлийн харилцаагаар хөгжих боломжгүй болсон. Жишээ нь дөрвөн айл хашааны газраа нийлүүлээд 40 айлын орон сууц барих боломжгүй, харин УИХ-ын гишүүн орон сууцны хороолол барьж болно.

1992 онд бид Үндсэн хуулийг батлахдаа хэд, хэдэн зүйлийг урьдчилж харж чадаагүй. Жишээ нь сонгогчид саналаа худалддаг болно чинээ тооцоолоогүй. Сонгогдсон хууль тогтоогч нь эрх мэдлээ ашиглаад ёс зүйгүй нийгэм тогтоочихно чинээ бодоогүй.” хэмээн нэг жил ч хүрэхгүй хугацааны өмнөх дүгнэлтээ бүрэн үгүйсгэсэн билээ. Үүнээс гадна нэгэн хачирхалтай зүй тогтол ажиглагддаг нь тэрээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн үйл явц идэвхжиж эхлэх үетэй түүний улс төрийн тэмцлийн агуулгатай нийтлэлүүд бичигдэх нь давхацдаг. Жишээлбэл 2000 онд “Мальш” гэх Б.Энхтүвшинтэй муудалцан, улмаар С.Зоригийг хөнөөсөн хэргээр шалгагдан саатуулагдаж байх үедээ “Ардчилал ба Монгол”, “Эрх чөлөө ба Монгол” гэх мэт нийтлэлүүдээ бичсэн байдаг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин яллагдагчаар татсан билээ. Энэ үед Э.Бат-Үүл мөн л шударга ёсны төлөө тэмцэхээр шийдэж, “Харин яагаад ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдорж болон УИХ, Монголын хуулийн тогтолцоо Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ. Элбэгдорж Харвардад сурч байхдаа Виллиам Питтийн алдарт үгийг цээжилсэн л байж таараа. Америкийн ардчиллын сургалт энэ үгнээс эхэлдэг биз. Мөн Америкт, мөрдөгчөөр прокурорын ажил хийлгэдэггүй гэдгийг харсан байлгүй. Харин Нямдорж гишүүн улстөрч болохоосоо өмнө прокурор байсан хүн. Мөрдөгч, прокурорын ялгааг маш сайн мэднэ. Хэн хэн нь айж байна гэвэл халдашгүй эрхтэй учраас юу л бол.”, “Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны бичлэгийг, дүрс гардаг бүхнээр тарааж, намаа сонгуульд ялагдуулсан гол буруутан болохыг “илчиллээ”. Нийслэлийн Засаг даргын багаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийг “завхруулсан” болохыг зарлалаа. Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй.Үүнийг “Их эвсэл” гэхгүй бол өөр юуг “Их эвсэл” гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа “байгуулагдаж” байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг их эвсэл олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч хуваагаад авсан юм уу даа?!”, Элбэгдорж, Энхболд,Эрдэнэбат нарыг гадаадын төрийн томчуул, үндэстэн дамнасан корпарацийн захирлууд, хөрөнгө оруулагч нар тоож тойглож гүйгээд байгаа шалтгаан бол одоо манай гурав, Монгол хэмээх жинхнээсээ тусгаар тогтносон,бүрэн эрхт улсын төрийн гурван “өндөр” нь учраас тэгэж байгаа юм. Ерөнхий сайд Амарт байгаагүй бүрэн эрх тэдэнд байна. Хэрэв манай гурван өндөр хөөрхий Амар сайд шиг их гүрний “банага” гуайнд амьдардаг бол хэн ч тэднийг тоохгүй, Москва , эсхүл Бээжинд очиж асуудлыг шийдэх байсан нь дамжиггүй. Монголчууд бид сүүлийн 26 жил үндэсний эрх чөлөөгөөрөө аархаж байгаа!

Гэтэл сүүлийн үед М.Энхболд нарын зүгээс гурван зууны тэртээх шиг “урвалт”-ын үнэр ханхлах боллоо. Энэ хүн Монголыг гурав, дөрвөн тэрбум доллараар үнэлж барьцаанд тавих гэж байгаа бололтой,урд хөршид” , “Бидний хэн ч үр хүүхдүүдийг маань доройтуулан зомби шиг болгодог нийгмийг хүсэхгүй, хойч үеэ олигархийн шуналын золиос болгохыг хүсэхгүй. Энэ бол өөр юунаас ч илүүтэй эргэлзэхийн аргагүй үнэн. Тэгэхээр хүүхдүүдээ бодоцгооё! Олигархитай тэмцэх хэрэгтэй байна.” гэх мэтээр дарааллан бичсэн 10 гаруй нийтлэлдээ дурьдаж, Ц.Элбэгдорж, М.Энхболд ба Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан өөрийг нь хэлмэгдүүлэх гэж байна гэж дүгнэдэг байв. Тэгснээ өөрийг нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол хүчингүй болж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр шүүх 24-25 жилийн ял оноох үед Э.Бат-Үүл: “Би бол яг үнэндээ тэр хуулийнхны хэлсэн зүйлийг хараад маш их баярласан. Би бол үнэхээр их баярласан. Миний итгэл үнэмшил төрсөн… Ямар ч байсан алсан хүнийг олжээ.Олохгүй байх вий л гэж айж байсан… Би итгэж байгаа… Элбэгээдээ ч баяр хүргэсэн. Үнэхээр чухал зүйл болжээ… маш их баярласан…” хэмээж байсан билээ.

Тэрээр сүүлийн үед мөн л идэвхжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг популист, дарангуйлал тогтоохыг эрмэлзмэгч, Монголыг Зөвлөлтийн колони болгох гэж байна гэх зэргээр цуврал нийтлэл бичиж эхлээд байна. Яг энэ үед С.Зоригийг хөнөөлгөсөн захиалагчийн хэрэгтэй холбоотойгоор иргэн Б.Булганг яллагдагчаар татаад буй билээ. Энэ бүхэн зүгээр л ердийн тохиолдол байж мэднэ. Гагцхүү ийм давхцал байгааг л уншигч таньд сануулах нь зөв гэж бодлоо.

Эх сурвалж: sonin.mn Э.Мягмар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549