Японы боловсролын сайд албаны машинаар “тусгай йог”-ийн клубт очсондоо уучлал гуйв

access_time 2018-04-25

 

Өчигдөр Японы долоо хоног тутмын Шукан Буншун сэтгүүл тус улсын боловсролын сайд Ёшимаса Хаяашиг яамныхаа автомашинаар “sexy yoga” гэгддэг йогийн клубт зочилсныг баримтаар ил болгожээ.

Тэгвэл Хаяаши сайд өнөөдөр уг үйлдэлдээ албан ёсоор уучлал гуйсан байна. Ингэснээр хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байгаа Шинзо Абэгийн засгийн газартай холбоотой дуулиан нэгээр нэмэгдэж байгаа юм. Түүний зочилсон йогийн клубт эмэгтэй багш ганцаарчилсан сургалт явуулж, дараа нь үйлчлүүлэгчдээ тосон иллэг хийж өгдөг гэнэ.

Токиогийн Эбису дүүрэгт орших энэ клубт Хаяаши дөрөвдүгээр сарын 16-ны өдөр зочилж, хоёр цаг орчим хугацаанд саатсан тухай сэтгүүлд мэдээлжээ.

57 настай Хаяаши албаны машиныг ашигласан нь хууль дүрэм зөрчөөгүй, учир нь тэр тухайн үед албан ажлаар явах замдаа клубт саатсан гэж яамныхан нь мэдээлсэн байна.

Гэхдээ Абэгийн танхимын албан тушаалтнуудыг тойрсон дуулиан тасрахгүй байгаа энэ үед яамны тайлбар хангалтгүй байгаа юм. Шинзо Абэ өөрөө газрын наймааны асуудал, албан бичиг засварласан хэрэгт холбогдоод байгаа. Сангийн яамны хариуцлагатай албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт сэтгүүлч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр огцорсон юм.

Тэрээр ажлын шугамаар уулзсан эмэгтэй сэтгүүлчдийг хэл амаар өдөн хоргоож байсан нь бичлэгээр батлагдсан байна.

Хаяашигийн зочилсон йогийн клубыг порно киноны жүжигчин асан эмэгтэй удирддаг ба загвар өмсөгч асан бүсгүйчүүд багшаар ажилладаг гэж дээрх сэтгүүлд бичжээ.

Эх сурвалж: Japan Today

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549