770 мянган ам.доллар зувчуулсан байж болзошгүй гэгдэх Д.Жигжиднямаа та 111.4 тэрбум төгрөгийг яаснаа “Шилэн данс”-ндаа тайлагна!

access_time 2018-04-27

 

Төр, түмний хөрөнгийг захиран зарцуулах эрхийг албан тушаалын хүрээнд гартаа атгасан нөхдүүдийг бүхий л зардал мөнгөө ШИЛЭН байдлаар тайлагнаж, мэдүүлж байх үүргийг Шилэн дансны тухай хуульд заасан билээ. Экс Ерөнхийлөгчийн санаачлан, батлуулсан энэ хууль бүрэн дүүрэн хэрэгжиж чадвал, төрөөс төрдөг, үндэслэлгүйгээр хөрөнгөждөг тэрбумтнуудын даварсан үйлдлийг хазаарлах боломжтой юм. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх ёстой нөхдүүд хэлбэр төдий маягаар хуулийг хэрэгжүүлсэн нэр зүүж байгаа нь бодит үнэн юм. Зүй нь үйл ажиллагаагаараа хэчнээн төгрөг олов? Хэд хэчнээн төгрөгийг юу юунд зарцуулав? Зарцуулсны цаана хэдий хэмжээний мөнгө үлдэв? гэдгийг нарийн тооцсон тайланг байгууллагынхаа албан сайтны “Шилэн данс” гэх хэсэгт тов тодорхой байршуулах учиртай. Гэтэл манай төр засгийн байгууллагууд тэгж ил тод тайлагнадаггүй. Тухайлбал,” Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан сайт руу орж “Шилэн данс”-ны тайланг нь харахад ойлгомжгүй байгаа юм. Тиймээс чухам яагаад бүрэн дүүрэн тайлан байхгүй байна вэ гэдгийг тус байгууллагын дарга Д.Жигжиднямаагаас асуух ёстой болж байна.

Уг нь ”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнөх дарга Л.Пүрэвбаатар тус байгууллагын удирдлагаар очихдоо хасах данстай хүлээж аваад, 111.4 тэрбум төгрөг дансандаа үлдээж өгсөн байдаг. Д.Жигжиднямаа гэж хүнд ажлаа хүлээлгэж өгөхдөө байгууллагынхаа дансанд 111.4 тэрбум төгрөг үлдээж өгсөн баримтыг уншигч та харж байна. Харин Д.Жигжиднямаа гэж хүн байгууллагыг удирдсан өнгөрсөн жил гаруйн хугацаанд тэрхүү 111.4 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулснаа, одоо дансанд нь хэчнээн төгрөг байгаа эсэхийг тайлагнахгүй байгаа юм.

Тиймээс Д.Жигжиднямаа даргаас 111.4 тэрбум төгрөг хаачсан бэ? Байгаа бол тэрийгээ тодорхой тайлагнаач гэж шаардаж байна.

Мөн салбарын яамны дэд сайд Б.Цогтгэрэл гэж хүнд ч энэ шаардлагыг тавих нь зүйтэй болов уу. Учир нь тэрээр “Шилэн Цогоо” гэх нэртэй болтлоо л шилэн дансны ач холбогдлын талаар сурталдаж явсан. Бүр “Шилэн ном” хүртэл гаргаж явсан нэгэн. Тэгвэл өдгөө түүний хариуцаж буй салбарынх нь хамгийн том байгууллага “УБТЗ”ХНН гэж байгууллага чинь “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэж байна шүү дээ. Дэд сайд Б.Цогтгэрэл та өөрийгөө од болгосон “Шилэн данс”-ны асуудалд нэг насаараа үнэнч хандаж, эрхлэж буй салбарынхаа компанийг “Шилэн данс”-аа ил болгоход анхаарна уу? Анхаарч чадахгүй бол чухам ямар үндэслэлээр вэ гэдгээ илэрхийлнэ үү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060