АТГ-ын дарга Х.Энхжаргал “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаад хариуцлага тооцох шаардлагыг салбарын сайдад хүргүүлсэн БАРИМТ-тай танилц!

access_time 2018-04-30

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН гэж 16 мянган ажиллагсадтай том байгууллагын үүх түүх хэдэн арван жилээр хэмжигдэнэ. Тэгвэл энэ их айл сүүлийн жил гаруйн хугацаанд “гэмт хэрэгт”-нүүдийн удирдлага дор чичрэх болсон тухай таагүй мэдээлэл дуулдах болсон билээ. Учиг зангилаа нь замын дарга Д.Жигжиднямаагийн дархлагдсан шийдвэрүүдтэй холбогдоно. Д.Жигжиднямаа “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болсныхоо дараахан эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгэгдэж байсан хүмүүсийг хариуцлагатай албанд томилсон нь төмөр замын салбар төдийгүй нийгмийг цочроосон гэхэд болно. Ямартаа л “Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ноос 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад 04/17 тоотоор хүсэлт гаргаж, төмөр замчдыг айлгаж цочоосон 3 хүний томилгоог эргэж харахыг хүсч байжээ. Гэтэл тэрхүү ноцтой асуудал хөндсөн хүсэлтийг нь МАН-ын зарим улстөрчид “матаас” гэж тодотгоод, хэрэгсэлгүй орхижээ. Зүй нь бол Д.Жигжиднямаагаас хариуцлага асууж, түүнтэй болон түүний шийдвэрээр томилогдсон хүмүүстэй хариуцлага ярих ёстой байв.

Д.Жигжиднямаа 2015 онд 1.6 жилээр ял шийтгүүлж тэнсэнгээр эдэлж буй авлигын хэрэгтэн хүнийг Дотоод аудит хяналтын даргаар, 2008-2013 онуудад байгууллагын өмч залилангийн хэргээр 4 жилийн хорих ял шийтгүүлж байсан хүнийг Худалдан авалт хангамжийн даргаар, 1986 онд “Иргэдийн амины өмчийн их хэмжээний хулгай” хэргээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан хүнийг Хүний нөөцийн даргаар нам улстөрийн нэр барьж томилсон байдаг. Мэргэжлийн хүмүүс олон жилийн шударга хөдөлмөрийн үрээр хүрч болох албан тушаалд тээврийн салбарт ажиллаж байгаагүйн дээр эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байсан хүмүүсийг томилохдоо намын дарга М.Энхболдын нэрийг барьдаг байсныг төмөр замчид хэлж байгаа юм. Тэрчлэн хууль бус томилгоог хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, Замын дарга Д.Жигжиднямаа нар ил тод хийж, шинээр томилсон хүмүүс нь 16 мянган нягтарсан хамт олныг үл ойшоон бүтцийг өөрчлөх, мөрдөн шалгах, бүлгэрхэх аргаар хомроголон халсан тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 4-нд гаргаж байсныг “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” мэдэгдэж байв.

Д.Жигжиднямаа нарын хүч нийлэн томилсон, гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хүмүүсийн талаар цухас өгүүлэх нь зөв болов уу.

Д.Жигжиднямаагийн ТОМИЛСОН “ялтай” хүмүүс!

УБТЗ-ын Дотоод Аудитын албаны даргаар томилсон Ж.Пунцаг гэж хүний тухайд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хээл хахуулийн хэргээр шалгагдаж шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан үйлдэлдээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял сонссон. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Бат-өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн / Шүүгч Р.Шүрхүү, М.Төмөрбаатар, Б.Цэдэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй/ 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/38-Б тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн 20110213 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 90.1, 239-р зүйлийн 239.3-д заасан зүйл ангиар 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ял шийтгүүлэн, ял тэнсэгдэж байсан. Мөн Ж.Пунцаг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган энгийнээр ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн байгууллагаас халагдсан этгээд. Ж.Пунцаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар 1,6 жилийн тэнсэн ялаа эдэлж дууссанаас хойш дахин хээл хахуулийн гэмт хэрэг үйлдээгүй бол 5 жилийн дараа ялгүйд тооцогдох ёстой хүн болохыг хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

УБТЗ-ын Хүнийн нөөцийн албаны даргаар томилсон Б.Оюунчимэгийн тухайд 1986 оны 07 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-р зүйлийн “Б”-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдэж, ялаа биеэр эдэлж байгаад 1988.03.25-нд шүүх магадлангаар суллагдсан байна. БНМАУ-ын Эрүүгийн хууль /1961 он/ 109 дүгээр зүйл: “Иргэдийн амины хөрөнгийг хулгайлах”, 109.б: “Энэ гэмт хэргийг бүлэглэн,давтан…хохирогч этгээдэд их хэмжээний хохирол учруулсан” бол гэх хэргээр зүйлчлэгдсэн тэрээр социализмын үед залилан хийж 6 жилээр хоригдож байжээ.

УБТЗ-ын худалдан авалт, хангамжийн албаны даргаар томилсон Р.Зоригтын тухайд удирдсан байгууллагаа барьцаалан банкнаас зээл авч, хувьдаа завшсан хэргээр шүүхээс ял авч байжээ. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” НӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн паркийн тоглоомыг шинэчилнэ гэх зориулалтаар өөрийн харъяа “Түмэн эх” чуулгын барилгыг барьцаалан Монгол шуудан банкнаас 150.000 ам.доллар зээлэн хувьдаа завшсаныг 2008 онд шүүх тогтоож 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Гэвч 18 нас хүрээгүй хүүхэдтэй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байжээ.

Хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд нэр бүхий эдгээр хүмүүсийн талаар мэдээлж байсан. Тэгвэл АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал ял шийтгэгдсэн Ж.Пунцаг гэж хүнийг томилсон Д.Жигжиднямаад хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 30-нд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад хүргүүлж байсан баримтыг хүргэж байна.

Албан бичигт:

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танаа…

2017 оны 5 дугаар сарын 30

Хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай

“УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-I-253 дугаар тушаалаар Жигжидсүрэнгийн Пунцагийг Дотоод, аудит, хяналтын албаны даргаар томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчсөн, түүнчлэн Ж.Пунцаг нь Хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй байхад тухайн албан тушаалд томилсон байх тул дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар тус газраас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 05/2768, мөн оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 05/3523дугаартай албан бичгүүдийг “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хүргүүлсэн боловч Ж.Пунцагийг одоо хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мөн оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаагаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс хянан хэлэлцээд 79 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Пунцагт хээл хахууль авсан гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, энэхүү шийтгэх тогтоолыг 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэж 141 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Пунцагт оногдуулсан төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцуулах нэмэлт заалт тогтоолд оруулж шийдвэрлэсэн байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй Ж.Пунцагийг хяналт шалгалт хийж, эрсдэлийг тогтоох, дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй Дотоод аудит, хяналтын албаны даргаар томилсон байгаа нь албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна.

Түүнчлэн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан, тухайн ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй байгаа Ж.Пунцагийн удирдах албан тушаалд томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа талаар тус газарт “Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо” ТББ, иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсээр байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй/ заасныг зөрчиж томилгоо хийсэн “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т /… энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, … бол албан тушаалыг нь бууруулах/ зааснаар хариуцлага тооцож, Ж.Пунцагийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг хүсье.

Хувийг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороонд.

Дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал. гэжээ.

Тэгэхээр АТГ-аас хариуцсан яамны сайдад ийм албан бичгийг хүргүүлж байж. Харин сайд Д.Ганбат “УБТЗ” –ын дарга Д.Жигжиднямаагийн даварсан үйлдэлд хариуцлага тооцолгүй өнгөрчээ.

Тэрчлэн өөрсдийнх нь хууль бус үйлдлийг эсэргүүцсэн “Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагааг хясан боох үйлдлийг Д.Жигжиднямаа хийж иржээ. Уг нь бол “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” нь салбарынхаа бүхий л нарийн ширийнийг мэддэг хүмүүсээс бүрдсэн жинхэнэ мэргэжлийн байгууллага. Төмөр зам дахь осол аваар, гэмтэл бүхий л асуудлыг нарийвчлан тогтоож чаддаг хүмүүс тэнд бий. Түүнчлэн салбарынхаа хүмүүсийг чадавхжуулах тал дээр ажиллаж ирсэн байгууллага. Гэтэл Д.Жигжиднямаа дарга тус холбооны үйл ажиллагааг хясах арга хэрэглэж дараах мэдэгдлийг хүргүүлж байжээ.

Мэдэгдэлд:

Монголын төмөр замын нэгдсэн холбоонд

“УБТЗ” ХНН болон Монголын төмөр замын нэгдсэн холбоо хоёрын хооронд байгуулсан АИГ/15/065 дугаар “Мэргэжлийн сургалт зохион байгуулах тухай” гэрээ нь Иргэний хуулийн 202.3.1-д зааснаар “нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа хүчин төгөлдөр бус заалт” оруулсан тул гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Дарга Д.Жигжиднямаа: гэсэн байгаа юм. Зүй нь бол мэргэшсэн байгууллагатайгаа л хамтрах ёстой. Гэтэл мэргэшсэн давуу талыг нь үл огоорч, илүү хугацаанд хамтарч ажиллалаа гэсэн утгагүй шалтгаанаар гэрээгээ зөрчих үндэслэл болгосон байгаа нь, Д.Жигжиднямаа даргын хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн шийдвэр болж харагдаж буй юм.

Монголын төмөр замын нэгдсэн холбоо гэж байгууллага ямар чухал ач холбогдолтой газар болохыг дараах албан бичгээс эрхбиш ойлгож болох юм. “Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам”-ын төсөлд саналаа ирүүлэхийг тус холбооноос хүссэн яамны бичгийг эрхэм та харж байна. Энэ бол тус холбоо салбартаа үүрэгтэй, хариуцлагатай байгууллага гэдгийг илтгэнэ. Харин Д.Жигжиднямаа дарга үүнийг нь мэдэж буй ч, санаатайгаар үгүйсгэж сууна. Ял шийтгэлтэй хүмүүсийг хариуцлагатай албуудад томилж, салбараа муухай харагдуулж буйг нь шүүмжилсэн мэргэжлийн холбоонд тэрээр үйлдлээрээ эсэргүүцэл үзүүлж иржээ.

Мөн энэ дашрамд, Монголын Төмөр Замын Инжежерүүдийн Нэгдсэн Холбооны мэдэгдлийг хүргэж байна. Тус мэдэгдлээс ишлэн хүргэхэд:

НЭГ. Манай салбарыг Нам дамжсан, Засагт шургасан хэсэг бүлэг хүмүүс сүүлийн 8 жил авч явлаа. Одоо тодорхой намын нэрээр томилогдсон нэр бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл, Зөвлөх Д.Манлайбаяр, газрын дарга Б.Артур, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гэсэн хүмүүс төмөр замын хувь заяаг хариуцах болсныг мэдэгдэж байна.

ХОЁР. Эдгээр хүмүүсийн өмнөөс байнгын улстөрийн субьект хариуцлага хүлээдэг болохыг сануулахын зэрэгцээ тэдний хийж бүтээсэн үйл хэрэг, төмөр замын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийн талаар ард түмэндээ ил тод хүргэх, цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын арга барилд үнэлгээ дүгнэлт өгч, олон нийтэд ойлголт мэдээлэл өгөх чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлж байна.

ГУРАВ. Монголын сонгогчид нь 2017 ба 2020 онуудад мэдээлэлтэй, өөрсдийн саналтай байх, төмөр замын мэргэжлийн байгууллагууд мэргэжилтэнгүүд нь үүрэг зорилго, үйл хэргээ мэдэх, ажилчид албан хаагчид нь ажил амьдралын баталгаатай болох тэр нийгмийн хариуцлагыг манай салбарыг удирдах болсон Нам, засгаас асуудаг болохыг төр засгийн байгууллагуудад уриалж байна гэсэн байгаа юм.

Тэгэхээр эдгээр баримтуудаас үзэхэд Д.Жигжиднямаа гэж хүн УБТЗ-ын даргын хариуцлагатай ажлыг хийх хууль эрх зүйн чадамжгүй, хариуцлагагүй этгээд болох нь харагдаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549