Д.Нямсамбуу: Хорвоог танихын хэрээр хүнд зөв хандлага тогтоно

access_time 2018-05-01

 

“Бид бүхэн зөвд итгэж түүнээсээ таашаал авч сурснаар амгалан, тайван амьдралыг өөртөө бий болгоно” хэмээн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу бидэнд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан юм.
Нийгмийн энэ их стресс, бухимдлаас өөрийгөө хамгаалснаар өөртөө болон бусдад сайн сайхнаар нөлөөлж болох тухай бидний ярилцлага өрнөлөө. Товч, тодорхой ярилцаж уншигч олонд хэрэгтэй, амьдралдаа хэрэгжүүлж болохуйц мэдээлэл өгөхийг зорьсон энэхүү ярилцлагыг Юнител групп “Зөв гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд бэлтгэн уншигч та бүхэнд хүргэж байна.

-Хувь хүний болон нийгмийн хандлага гэж юу вэ?

-Хандлага бол гэнэт, санамсаргүй илэрдэг зүйл биш. Урт удаан хугацаанд тогтон бий болдог, тухайн хүний үнэт зүйлтэй холбоотой асуудал болов уу. Өөрөөр хэлбэл, бидний биеэ авч явах байдал, гаргаж байгаа шийдвэр маань нөхцөл байдлаас хамаарч эрс хувьсдаггүй.

Зарим хүн юм бүхэнд бухимдаж, уурсаж хүлээж авдаг байхаад зарим нь үргэлж тайван байдгийн цаад учир шалтгааныг нь уудалж үзвэл Буддизмийн онол сургаалтай тулах байх. Энэ нь ёс суртахууны асуудал, мөн дадал суулгах тухай ойлголтыг хэлж байгаа хэрэг. Товчхондоо хүний хандлагыг түүний ёс суртахуун, үнэт зүйл нь тодорхойлдог.

-Сурсан занг сураар боохгүй гэдэг. Гэхдээ Бурхны шашинд үүнийг арай өөрөөр тайлбарладаг билээ. Тэгвэл хандлагыг эерэг болгох боломж бий юу ?

-Бага наснаас суусан зан чанарыг эрс өөрчлөхөд бэрх. Хэр удаан хугацаанд хэвшиж, дадал болсныхоо хэрээр өөрчлөхөд бэрх болов ч, таны хэлсэнчлэн Буддизмд өөрчлөгдөж болно гэж үзнэ. Товчхондоо бол бидний буруу үйлдэл, буруу шийдвэрүүдийн учир шалтгаан нь явж, явж мунхаглал буюу эндүүрэл, таньж мэдээгүйтэй л холбоотой. Хүн хорвоо ертөнцийг танин мэдэхийн хэрээр зөв хандлага нь дэмжигдэнэ гэж Буддизмд үздэг.

Гэхдээ ганц ухаараад л энэ бүхнийг шийдчихгүй. Учир шалтгааныг нь ухаарах болон ухаарснаа амьдралдаа хэвшүүлэх нь хамгаас чухал. Зөв бодлоо давтан бодож дадахын хажуугаар өөрт хэвшсэн сөрөг хандлагатайгаа тэмцэх л хэрэгтэй.

-Хандлагыг эерэг, бүтээлч болгон өөрчлөхөд нийгмийн ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ ?

-Бидний үздэгээр ганц шалтгаанаар үүддэг зүйл гэж үгүй юм. Маш олон хам нөхцөлүүд үүнд хамаардаг. Тухайлбал, орчны нөлөө. Буддизмд “хилэнцийн нөхөр” гэдэг ойлголт байдаг. Бурхны номд “Хилэнцийн нөхөр” гэдгийг эвэр, туурайтай мангас мэтээр ярьдаггүй. Энэ ойлголтын гол санаа нь хүний сайн, муу үйлдэл, хэв маяг нь бусдад үлгэр дуурайлал болдог тухай юм. Орчин үед залуусын дунд сөрөг хандлагын дүрээр цүнх бариад гүйгчдийн дардан дээшилсэн амьдралыг их үлгэрлэн ярих болж.

Тухайн хүний цаг хугацааны тойрог, орчин нөхцөлд нь хамт амьдарч буй хүн бүр их бага хэмжээгээр хандлагад нь нөлөөлж байдаг хэрэг. Жишээ нь зургаан настай бяцхан хүүд аав, ээж, ах, эгч, хөрш айлынхан, гудамд тоглодог найзууд, урд ТҮЦ-ний эмээ гэх мэт асар олон орчны нөлөөлөл бий. Эдгээр бүх нөлөөллийн нийлбэр нь бяцхан хүүгийн хандлага төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

-Тэгвэл хувь хүн өөрөөсөө эхэлж болох уу?

-Цаад үнэт зүйл, ёс суртахуун нь зөв тавигдсан бол залуусын ярьдагаар хот, хөдөөгийн хооронд ялгаа байхгүй. Мэдээж тухайн хүний орчны нөхцөлөөс хамаарах онцлог зан үйл, соёл байна. Гэхдээ нийгмийн нөлөө бол дэд нөхцөл харин гол үйл явц хувь хүнд өөрт нь явагдана.

-Зэнгийн сургаалд хором мөч бүрээс аз жаргалыг мэдрэх хэрэгтэй гэсэн санаа байдаг. Гэтэл бид энэ их стресс, бухимдалтай орчноос аз жаргал, эерэг бүхнийг биш сөрөг, муу муухай бүхнийг нь түрүүлж олж хараад өөрийгөө болон өрөөлийг их бухимдуулах юм.
-Үнэн, сайныг хараад ч үл итгэх атлаа, муу зүйлийн сургийг сонсох төдийд дэвэргэж, бусдад мууг үйлдэхдээ мэргэшсэн атлаа өөртөө биш бусдын мууд гомдоллох нь элбэг болжээ. Ер нь өнөөгийн нийгэмд сайн сайханд, зөв бүхэнд итгэдэг хүн цөөрсөн нь энэ бүх бухимдал, стрессийн шалтгаан юм.

Учир нь зөвд итгэнэ гэдэг маань зөвийг үнэлж сураад түүнээсээ таашаал авахыг хэлдэг. Бид зөвд итгэж түүнээс таашаал авч сурснаар амгалан, тайван амьдралыг бий болгох юм.

-Бид Улаанбаатарт хотын соёл, хэв маягаар амьдрахгүй байгааг олон хүн уламжлалт нүүдэлчин соёлтой холбон тайлбарладаг. Тэгэх мөртлөө социалист нийгмийн үед Улаанбаатар хот үүнээс илүү эмх цэгцтэй, иргэд хоорондоо харилцан хүндлэлтэй, ёс зүйтэй, хэм хэмжээтэй байсан гэж ярьдаг. Тэгэхээр одоогийн энэ асуудалд дан ганц нүүдлийн соёлыг буруутгаж болохгүй мэт санагдах юм. Үүнд та ямар саналтай явдаг вэ ?

-Өмнө ярьсанчлан соёлын онцлогоос харгалзсан зан үйл, ёс суртахууны асуудлууд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Түүнд суралцах хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ хотын бидний ихэнх нь 2-3 дугаар үеийн л хотын иргэд. Социализмын жилүүдэд хотод шилжин ирэгсэд цөөн байсан бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хотод ирсэн хүмүүс хотын уугуул гэгдэх хүмүүсээс дариу их болсон нь энэ процессыг удаан, их анзаарагдам болоход нөлөөлсөн болов уу.

Гэхдээ таны хэлсэнчлэн гол асуудал нүүдлийн соёлдоо биш харин хаана, хаанаа үнэт зүйлгүй болсонтой илүү холбогдох байх.

Эх сурвалж: ikon.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549