Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү

access_time 2018-05-01

 

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зарчмын хувьд санал нэгдсэн, танхимын гишүүдийнх нь зүгээс, УИХ-ын төвшинд ч тэр дэмжлэг аваад буй талаар ярьсан байна.

Салбарын сайдын хувьд мега төслүүдээ хөдөлгөх гарцыг Үндэсний хөгжлийн баялгийн сантай холбон тайлбарлах болсон. Үндэсний хөгжлийн баялгийн сангийн тухай хуулийг энэ ондоо багтан УИХ-аар оруулж батлуулахаар зэхсэн аж. Тэрбээр эхний ээлжид стратегийн 16 ордын нэг болох Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд орсноороо баялгийн сангийн үр шимийг иргэд хүртэнэ гэдгийг хэлжээ.

Мөн баялгийн сангийн талаарх нэвтрүүлэгт орохдоо Тавантолгойн бүлэг ордын хамгийн том лицензийг эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тодорхой хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах саналаа илэрхийлсэн байдаг. Ингэхдээ тус компани дахь иргэдийн эзэмшлийн хувьцааг тусад нь гаргаад, Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгох нь зүйтэй гэдэг хувилбарыг санал болгож байсан.

Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар ажиллаж эхэлсэн талаар мэдэгдсэн. Компанийн зүгээс биржийн давхар бүртгэлийн гарцыг ашиглан цаашид олон улсын хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж буй. Ингэснээр 2019 онд 1,072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдэх гэнэ. Үүний бэлтгэл ажил болгон компанийн санхүүгийн тайландаа иргэд, аж ахуй нэгжийн 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэсэн билээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.2 хувь нь “Эрдэнэс Монгол” компани буюу Засгийн газрын мэдэлд байдаг. Үлдсэн 14.8 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 486 компани хуваан эзэмшдэг юм. Тус компани сайн засаглалтай, олон улсын стандартад нийцсэн хувьцаат компани болж, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах бэлтгэл ажил өрнөж байгаа гэдгийг Д.Сумъяабазар сайд бататгав. Түүний хэлснээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг олон улсын хөрөнгийн зах дээр гаргахад гадаад болон дотоодын хүчин зүйлүүд нөлөөлнө. Гадаадад өрнөх үйл ажиллагаа маш тодорхой бөгөөд бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин дотоодод хийгдэх бэлтгэл хангах ажил зуун задгай байгаа гэнэ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар уул уурхайн экспорт импортын үйл ажиллагаа эрхэлж явуулдаг “Эрдэнэс Монгол” ХК болон түүний охин компаниудыг тогтоолоор шууд удирдлагаар хангаж байгаа нь Монголын уул уурхайн салбарыг чадваргүй, ойлгомжгүй. хариуцлагагүй байдал руу аваачих шалтгаан болж буйг дурджээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын тал Тавантолгойг цогцоор хөдөлгөх манай төлөөлөгчдийн санаачилгыг дэмжсэн. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард товч бөгөөд тодорхой байдлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улстөрийн асуудал. БНХАУ Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бас сонирхож байгаа. Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана.

Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах. Хоёр дахь нь “Эрдэнэс-Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүн дээр бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ.

Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн нам гэх шаардлага байхгүй. Тавантолгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Бага зэргийн хүндрэл учирсан зүйлс байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илаарьшина гэж бодож байна” хэмээсэн байдаг Үүнийгээ Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод олборлолт явуулж буй төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай үеэрээ ч бататгасан юм.

Хамгийн сүүлд, бүр тодруулбал 2016 онд Монголын “Энержи ресурс”, БНХАУ-ын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо” корпорацийн хамтарсан консорциум “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулагчаар орох хэлэлцээний ширээний ард суусан байдаг. Хэлэлцээний үеэр “Энержи ресурс” компани “Тавантолгой”-н нүүрсний гарцын 25 хувийг гуравдагч зах зээл буюу Япон, БНСУ-д нийлүүлэх санал гаргаж байлаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн “Восточный” боомтоор дамжуулан Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх боломжтойг хэлсэн удаатай.

Ямартай ч олон улсын Жорк стандартаар тогтоосон 6.4 тэрбум сайн чанарын нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг цогц төсөл байдлаар хөдөлгөх тохироо бүрдсэн талаар салбарын сайд мэдэгдсэн нь ажил урагштай байгааг илтгэлээ. Нөгөө талаар Тавантолгойн асуудлаар парламентын дотор, гадна ч сөрөг байр суурийг илэрхийлсээр ирсэн Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хүлээсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээлэл болов уу.

Ойролцоогоор 300 тэрбум ам.доллартай дүйх хэмжээний энэхүү баялгийг зөв менежментээр удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хаа хаанаа ашигтай гэдгийг шинжээчдийн зүгээс тодотгосоор ирсэн. Гэхдээ стратегийн ордын жагсаалтад багтсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэх учиртай. Улмаар УИХ эцсийн шийдвэрийг гаргах хуультай билээ.

Эх сурвалж: Ikon.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060