О.САРАНЧУЛУУН: ХАВДАРГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА АЛХАЦГААЯ

access_time 2018-05-04

 

Манай улсад 2016 онд 16500 орчим хүн аймаг, дүүргийн хавдрын эмчийн хяналтанд бүртгэгдсэнээс 5200 хүн хорт хавдраас эдгэсэн буюу 5 ба түүнээс дээш жил амьдарч байгаа тухай судалгаа бий. Өөрөөр хэлбэл хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой өвчин боловч нийт оношлогдож байгаа тохиолдлын талаас дээш хувь нь хожуу шатандаа илэрдэг байна. Тухайлбал 2016 оны байдлаар хөх, умайн хүзүүний хавдрын 51, 57 хувь нь хавдрын III, IV шатандаа оношлогджээ.

Иймээс хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн ач холбогдлын тухай таниулан сурталчлах нь нийт эрүүл мэндийн байгууллага төдийгүй, хувь хүн олон нийтийн байгууллагын дэмжин оролцох асуудал яахын аргагүй ХАВДАР юм. Дэлхийн улс орнуудад энэ хүрээнд бүх нийтийн ЯГААН туузны алхалтыг зохион байгуулдаг бөгөөд Монгол улсад анх удаа Ахиллис Монгол ОУБ, Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан энэхүү ажлыг эхлүүлж байна. Ингээд уншигч та бүхэнд Ахиллис Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулуунтай хийсэн ярилцагыг хүргье.

– PINK WALK буюу Ягаан туузын алхалтыг манай улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Яагаад ягаан туузны алхаа гэх болсон юм бэ?

Анх Хавдар судлалын үндэсний төвийнхөн Таван богд косметикс компанитай хамтран Хавдрыг даван туулагчдын өдөрлөгийг мөн ягаан өнгөөр жигдрэн тэмдэглэж байсан юм.

Ягаан тууз дэлхий нийтэд хөхний хавдраас урдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэхийн билэгдэл болсон. Анх Америк улсын иргэн, хөхний хавдрын даван туулагч Шарлот Хэйли “Хавдар судлалын хүрээлэн жилдээ 1,8 тэрбум долларын төсөвтэй түүний 5%-ийг л урдчилан хавдраас урдчилан сэргийлэх зориулж байна. Энэ туузыг зүүж эрх баригчдын анхаарлыг үүнд хандуулцгаая” гэдэг бичгийн хамт ягаавтар өнгийн тууз тарааснаар түүх эхэлсэн гэдэг. Ягаан өнгө эмэгтэйлэг чанарыг билэгддэг бөгөөд гоо үзэсгэлэн, сайн санаа, хамтач найрсаг, хүмүүнлэг энэрэнгүй чанарыг илтгэдэг гэж үздэг. Харин ягаан тууз бол хөхний хавдраас үүдсэн айдас, ирээдүйд итгэх итгэлийн аль алиныг төлөөлөхийн зэрэгцээ хөхний хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийг дайчин зоригтой байхыг уриалсан утгатай. Өргөн утгаараа ягаан тууз зөвхөн хөхний хавдартай тэмцэх бэлгэдэл төдийгүй нийт эмэгтэйчүүдийн тусын тулд хийж байгаа үйлсийг бэлгэддэг. Тэр ч бүү хэл, Канад улс 2006 онд ягаан тууз дүрсэлсэн зоосон мөнгө гаргаж эргэлтэнд оруулж байсан байгаа юм.

– Олон улсад хир өргөн хүрээнд зохион байгууллагадаг юм бол? Жишээ нь ямар ямар улсуудад ?

Одоогийн байдлаар АНУ, Австрали, Канад, Саудын араб гээд маш олон оронд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, утга агуулын хүрээнд зохион байгуулдаг юм. Мөн энэ хүрээнд олсон орлогоо эмэгтэйчүүдийн хавдрын эсрэг сайн үйлсэд хандив болгон өгдөг жишээнүүд дээрх улс орнуудад өргөн дэлгэр тархсан.

– Манай улсад энэхүү алхалтыг та бүхэн зохион байгуулах гэж байна. Үүний гол зорилго, үр дүнг яаж харж байгаа талаараа танилцуулахгүй юу?

Ерөнхий утга нь охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлтэй. Гэвч энэ ХАМГААЛАХ гэдэг утганд агуулагдах маш олон үйлдлүүдийг бид хийдэггүй. Тиймээс нэн тэргүүнд хийвэл зохилтой зан үйл, гаргавал зохилтой шийдвэрүүдийг уриалж, янз бүрийн үйл ажиллагааны бодлого дүрэм журамд өөрчлөлт оруулдаг юм байна лээ. Жишээ нь энэ удаагийн алхалтаараа бид 7 төрлийн мэссэжийг уриалга ухуулга болгон гаргаж алхалтаа хийхээр төлөвлөж байна. “Эрчүүдийн үүргийг онцолсон ” мэссэж байна, энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Эрэгтэй хүмүүс хайртай эмэгтэй хүнээ, хайрлаж байгаа гэдгээ түүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад туслах, цаг гаргаж өгөхөөс эхлэнэ шүү дээ, энийг бид уриалж байна, мөн ажил олгогч нарт Эмэгтэй ажилтнуудаа шинжилгээ үзлэгт хамрагдахад нь цалинтай чөлөө өгдөг болгох талаарх хуулинд зааж өгмөөр байна, гэх мэт санаанууд бий. Харин охидууддаа бага гэлтгүй, зөв дотуур хувцас сонгох, бэлгийн ариун цэврийг сахихад нь зөвлөж зааж өгөх ээжийн үүргийг нэмэгдүүлэх нь чухал, тиймээс энэ талаар бас нэг асарт мэдээлэл өгөх жишээтэй.

– Сүүлийн жилүүдэд манай улсад олон тооны жагсаал цуглаан өрнөж байна. Тэдгээрээс юугаараа онцлог гэж та бодож байна?

Бидний хувьд төрийн байгууллага болох Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран, шинжлэх ухааны үндэслэлтэй, хийж болох өдөр тутмын үйлдэл заасан, гэтэл тэр бүр хүмүүс олж харж мэдэж чаддаггүй чухал уриалга, зааврыг олон нийттэй чиглүүлэн өгч байна. Мөн энэ бол эсэргүүцлийн жагсаал цуглаан огт биш, олон нийтийн ойлголт ухамсарыг дээшлүүлэх, нийгэмд нөлөөллөх нөлөөллийн тайван бас спортлог алхалт гэдгийг онцлох хэрэгтэй юм шүү 🙂 Бид энэ асуудал бол хавдар судлалын төвийн хариуцдаг ажил биш, монгол улсын иргэн хүн бүрийн анхаарах асуудал гэсэн утга санааны дагуу алхалтын маршрутаа Хавдар судлалын үндэсний төвөөс Сүхбаатрын талбайруу чиглүүлж байгаа юм.

– Зохион байгуулагч Ахиллис монгол байгуулагын талаар?

2016 онд Ахиллис Монгол байгууллага ХСҮТ дээр “Даван туулагч” гэж төслийг хэрэгжүүлж 50 гаруй эмэгтэйчүүдийг дэмжих бүлэгт хамруулж хөхний мэс засал хийлгэсний дараах хувийн арчилгаа, мэдлэг, сэтгэлзүйн асуудлыг шийдэх тал дээр нь ажилласан юм. Энэ хугацаанд тэдний асуудалд бэрхшээлийг сонсож, эрт оношлуулах тал дээр түгээмэл асуудлууд байгааг олж харсан. Ер нь та бүхэн хавдарын илрүүлгийг тоо баримтыг хараад үзээрэй. Өнөөдөр манай улсад хамаатан садан гэр бүлээс нь хавдраар өвдөөгүй, үхээгүй хүн ховор байна. Энэ бүгд амьдралын хэв маягтай холбоотой, бас эрүүл мэндийн боловсролтой шууд хамааралтай. Эмэгтэйчүүд гэлтгүй ер нь бүх хүмүүс жилдээ тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байх, өөрийн ухамсар, тэрнийг нь дэмжих гэр бүл, ажлын орчин чухал байна. Бид мэс засал хийдэг сайн эмнэлэг, эмч мянга байгаад өөрийгөө хамгаалах зан үйлд, дадаж сурахгүй бол яах билээ дээ? Тиймээс нь энэ аяныг өрнүүлэх санаачлагыг гаргаж байгаа юм. Бүүр анхны яриаг манай даван туулагч нэгэн эмэгтэй ярьж байсныг бид ажил хэрэг болгохоор зорьсон хэрэг л дээ. Энэ арга хэмжээг цаашдаа жил бүр хийхээр төлөвлөж байна.

– Алхалтын хөтөлбөрөөс харахад Сүхбаатрын талбай дээр мэдээлэл зөвөлгөө,үзлэг хийгдэнэ гэж байсан. Үүнийг тодруулвал?

Тиймээ. Бид өглөө 09:30 цагт ХСҮТ дээр цуглараад, нээлтээ 10.00 цагт хийнэ. Тэгээд 11.00-12.00 цагийн хооронд төв замаар тайван алхасаар Сүхбаатрын талбайд ирнэ. Энэ үед талбай дээр 7-8 төрлийн байгууллага олон нийтэд чиглэсэн үйлчилгээнүүд хүргэнэ. Тухайлбайл Хөхний эрүүл мэндийн төв, хөхний багц шинжилгээг өөрсдийн зориулалтын машинтай ирж хийх жишээтэй, харин хөвгүүд, залууст зориулсан мэдээллийг “Хүчтэй Хөвгүүд” ТББ-аас өгнө. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн эмч ажилчид, Юнимед интернэйшнл эмнэлгийн хамт олон гээд охид эмэгтэйчүүдийн чиглэлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож зөвөлгөө мэдээлэл хүргэнэ. Харин манай Ахиллисчууд клубынхаа талаар мэдээлэл хуваалцаж, элсүүлж, даван туулагчдийг нэгтгэх ажлаа хийнэ гэх мэтээр үйл ажиллагаа өрнөнө. Энэ арга хэмжээ өдрийн 16.00 цагт дуусах юм.

– Та бүхний хүлээж байгаа үр дүн хэдий хир хугацаанд гарна гэж үзэж байна?

Бид дараах үр дүнг хүлээж байгаа юм. Үүнд нийгмийн хандлагыг анхаарал сэрэмжтэй байж, өөрийнхөө эрүүл мэндэд хүлээх хариуцлага чухал гэдгийг ойлгуулна. Мөн хүмүүст хаана хандаж, яаж хэрхэн үзүүлж, шинжлүүлэх заавруудыг өгнө. Мэдээж үр нөлөө алсдаа л гарах байх л даа. Гэхдээ бид иймэрхүү арга хэмжээг тогтмол хийж байвал илүү олон хүн эрт аврагдах боломжтой шүү дээ. Эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүдийн хавдар гэхээр эрчүүд хамаагүй гэж боддог нь хамгийн буруу, харин ч эрэгтэй хүн та өөрийн хайртай хүнээ эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэх талаар нь асуух, шаардах, боломжоор нь хангаж өгөх, эсвэл эрэгтэй дарга та эмэгтэй ажилтнаа шинжилгээнд хамруулахад нь цалинтай чөлөө өгөх, охиндоо аав нар нь багаас нь зөв мэдээлэл авахад нь туслах гэх мэт маш олон үүрэг бий. Тиймээс арга хэмжээнд бүгдийг урьж байна.

– Та бүхний энэхүү үйлсэд амжилт хүсье. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа

Бэлтгэсэн: Л.Индра

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549